Ерөнхийлөгч ямар вэ улс орон тийм
Аливаа улс орон удирдагч сайтай бол тэр орны хөгжил урагшлах боломж өндөр гэдгийг олон орны жишээ харуулдаг. Монголчууд Азийн орнуудынхаа найз нөхдийг харахад тэд атаархамаар сайхан ерөнхийлгөчидтэй байсан тул өндөр хөгжилд хүрч өнөөдөр дэлхий ертөнцийг гайхшруулж шагшруулсаар. Өмнөд Солонгос, Сингапур, Тайван гээд л Азийн ердөө л шаахай өмсөж явсан тариачин малчин ард түмнүүд сайн ерөнхийлөгчидийн буянаар өрсөлдөх хүч чадалтай орчин үеийн орнууд болцгоожээ.
Монгол орны хувьд анхны гэж нэрлэх дуртай ерөнхийлөгч П.Очирбат гүндүүгүй эсвэл хээгүй гэж өөрийгөө гайхуулсаар бүхий л улс орны аж амьдралыг үнэгүй цэнэгүй болгож онигоо ярьсан хавтгай маазарсан нийгэм үүсгэж хөгжүүлэх биш харин ч улс орноо ухраасан билээ. Улс орны ерөнхийлөгчид ажил хөдөлмөр хийж хөгжих тухай ярьдаг бол П.Очирбат гэж хүн бараг бүсэлхийнээс доогуур зүйл ярьж алиа хошигнож ид хөгжих гэж байсан Монголын ард түмний ажил хэрэгч ёс суртахууныг унтраасан хүн дээ. Ардчилал ид эхлэж хүн бүр л социализмаас салж одоо шинэ сайхан нийгэм рүү явна гэж баяр хөөртэй итгэл дүүрэн байсан тэр ардчилалын эхний жилүүдэд П. Очирбат гэж дампуу нөхөр гарч ирж ардчилалын гал дөлийг унтраасан даа. Тэр яаж л бол нүүрээ хувиргаж чаддаг тул социализмын үед ч сайд хийж байсан жинхэнэ МАХН-ын халуун гишүүн байсандаа. Тэр хүн өнөөдөр хаана юу хийж явдаг болдоо. Бас л онигоо ярьж яваа юу.
90-ээд оны дундуур нэгэнт ардчилалын гал дөл унтарсан үед Н.Багабанди гэж хоёр дахь ерөнхийлөгч гар ч ирсэндээ. Энэ үед ард түмэн ардчилалд эргэлзэж социализмыг санагалзаж эхэлсэн үе. Мэдээж олон хүмүүс МАХН-ыг хуучин үе шигээ хүч чадалтай хэвээрээ улс орноо аваад явчих байх гэж найдсан биз дээ. Тэр найдлагыг Н. Багабанди алдаагүй хийгүй хүн болох гэж талаар өнгөрүүлж зөвхөн өөрийнхөө намын төлөө ажиллаж билээ. Тэр хүн ардчиллын залуу үеийг шантрааж дарж авах гэж л оролдсон болохоос ард түмэн улс орныхоо төлөө ардчиллыг байгуулах гэж хуруугаа ч хөдөлгөөгүй дээ. Мөнгө төгрөг, авилгал гээд л жинхэнэ гаарч эхлэх үед МАХН хүч түрэмгийлэн Н.Багабандийг дахиад ерөнхийлөгчөөр сонгуулж чадсан. Н. Багабандийг алдаа гаргадаггүй гэж нэрлэдэг. Ямар ч алдаа гаргах билээ дээ. Тэр хүн шинэ нийгэм болох ардчиллын талаар төсөөлөл ч байхгүй байсан хойно. Улс орноо урагшаа аваад явах ямар ч онол байхгүй болчихсон Н. Багабанди юу ч амлахгүй юм хойно алдаад байх юу байх вэ дээ. Ерөөсөө улс орныхоо ирээдүйн хөгжлийн төлөө юу ч хийхгүй хойно ёстой л алдах ажил ч хийсэнгүй бас нэгэнт юу ч хийгээгүй юм чинь ёстой л хийгүй дугуйтай адил шалчгар л үлдсэн дээ. Одоо бас л алдаа гаргахгүй гээд л явж байгаа биз.
Өөрийгөө гурав дахь ерөнхийлөгч гэж нэрлэх дуртай МАХН-ын дарга Н.Энхбаярын үед Монгол оронд ардчилал дэндүү ялагдсандаа. Хэрвээ Н.Энхбаярын оронд ардчиллын хүн ерөхийлөгч болсон бол Монгол орон шинэ нийгэм рүү явах боломж гарах байсан. Харамсалтай нь Н.Энхбаяр гэж хүнд бүх эрх мэдэл төвлөрч 10 гаруй жил Монгол орон урагшаа хөгжих биш арагшаа дахиад л ухарсан. Хамгийн том ухрал бол хар шар феодалууд үүсэж мөнгөтэй хөөрөгтэй хүмүүсийн үе гаарсан даа. Мэдлэг боловсрол хэнд ч хэрэггүй болсон. Мухар сүсэг дээд цэгтээ хүртэл хөөрөгдөж уулан дээр гарч хадаг өргөх, нуур луу мөнгөн аяга чулуудах, гадаад орнуудын уулын орой луу матаж мацсан хүмүүсийн тоо өсөж ном уншиж мэдлэг боловсролд шамдсан хүмүүсийн тоо эрс багассан даа. Монголын төрийн хүмүүс Энэтхэгийн Дарамсала, Түвдийн Лхас гээд л хамгийн хоцрогдсон бөглүү нутгууд руу уралдан аялцгаасан. Тэдний хэн ч Азийн орнуудын сүрхий чамбай ерөнхийлөгчдөөс очиж зөвлөлгөө авсангүй. Харин ч Их дээд сургуулиуд мухар сүсэгдэж бөө судлаач, шашин судлаач гэж доктор профессорууд хүртэл төрцгөөж билээ. Урлагынхан урлагаа хийхгүй цол шагналаар хөөцөлдөж Н.Энхбаяртай зургаа даруулах ганцхан ажилтай болцгоосон доо. Өнөөдөр УИХ-ын ихэнх гишүүд морь уяж ажлын цагаа өнгөрөөдөг жишиг тэр л үеэс эхлэлтэй. УИХ-ын гишүүд нум сум харваж хөөрөг цуглуулж үр хүүхэдтэйгээ хамтран хар тамхи татаж удам залгуулан УИХ-ын гишүүн болдог хар шар феодалуудын эх тэр үед тавигдсан. Зүгээр л бөх барилдаад явж байсан хүнийг тэр үеийн МАХН-д элсүүлж сэхээтний намыг гутааж доромжилсон. Түүний авчирсан бөх өнөөдөр ерөнхийлөгч болох гээд гүйж явна. Одоо тэр хүн бас л мухар сүсгээ үргэлжлүүлж буй биз дээ. Ганц олигтой мэдлэг боловсролын ном уншаасаа л билээ.
Ардчиллын ерөнхийлөгч өөрөөр хэлбэл МАХН-ын гишүүн 3 гурван ерөнхийлөгчийн дараа анх удаагаа гарч ирсэн ардчиллын жинхэнэ төлөөлөгч АН-ын гишүүн Ц.Элбэгдорж дөрөв дэх ерөнхийлөгч болж ардчиллыг эхлүүлэх ганц боломж сүүлийн хэдэн жилд олдсондоо. Тэр хүн авилгачдыг шоронд хийж эхэлсэн явдал улс оронд хэрэгтэй бас гадаад орнуудад ч Монгол орон биеэ даагаад муу муухайгаасаа салж чадах юм байна гэдгээ харуулж чадсан. Хэзээ л одоогийн МАН болон МАХН хоёр авилгачдыг ингэж хатуу шийдвэртэй шүүж байсан билээ. Ц.Элбэгдорж улс орныхоо алдагдсан мөнгө төгрөгийг буцааж олох хариуцлагатай ажлыг гардан хийж хөгжлийн зам руугаа орох л чухал гэдгийг мартах ёсгүй. 3 сая хүрэхгүй ард түмэнд урагшаа улс орноо аваад явж чадах бас гадаад оронд өөрийн орноо зөв танилцуулж чадах тийм л тав дахь ерөнхийлөгч яг өнөөдөр ийм ээдрээтэй 21-р зуунд хэрэгтэй байна.
Монгол орон ямар ч л гэсэн олон улсын өмнө амлаж тангараг өргөсөн ардчиллынхаа замыг үргэлжлүүлэхэс өөр замгүй. Ам алдсан бол барьж болдоггүй. Хэрвээ бид ардчиллаас ухарвал гадаад орнуудын тусламж зогсож бид ганцаардана. Үүнийг олон орнууд хүсэж байгаа гэдгийг мартаж болохгүй. Дараагийн 4 жил ерөнхийлөгч шиг ерөнхийлөгчтэй байж чадвал улс орон түүнийг дагаад хөгжинө. Түүнээс биш намаа төлөөлсөн намын гишүүн ерөнхийлөгч бидэнд ямар ч тус болохгүй гэдгийг бид ухаарах ёстой. Хэрвээ Ц. Элбэгдорж дахин сонгогдож чадвал Монгол оронд улстөр тогтворжино гэсэн үг. Тэгээгүй цагт бид буцаад 90-ээд онтой адил улстөрийн тогтворгүй байдал руу шилжинэ. Үүнийг Монгол хүн хэн ч хүсэхгүй гэдэг ойлгомжтой. Америк оронд яагаад Барак Обамаг дахин ерөнхийлөгчөөр сонгосон бэ гэхээр Америк оронд улстөр болон нийгмийн тогтвортой байдлыг бий болгохын тулд л сонгосон шүү дээ.
Арабын орнуудад ардчиллын хоёр дахь хувьсгал эхлэж түүний нөлөөгөөр Турк оронд ардчиллын хувьсгалт хөдөлгөөнүүд ид өрнөж байна. Монгол оронд ерөнхийлөгч сонгогдох гэж буй энэ хариуцлагатай мөчид дахин ардчиллыг сануулахад буруутахгүй болов уу. МАН болон МАХН-ын хуучны кадерууд битгий дахиж өмнөх гурван ерөнхийлөгчийн хийсэн балгуудыг давтах гэж улайран зүтгээрэй гэж хэлэх байна. Ирээдүйн Монгол орны хөгжил дэвшил болон ардчиллын замд нэгэнт гарсан улс орноо битгий хойш нь чангаагаарай. Эвийг сахих гэсэн үгийн цаана найрдаг шүү дээ. Үүнийгээ л зогсоох хэрэгтэй. Яаж ийгээд хуурамчаар эвийг сахих биш харин үнэнээ ярьж илэн далангүй мэтгэлцэж маргалдаж зөв буруугаа олж авах л чухал болохоос хоосон найрах, хуйвалдах, дарангуйлах бүгд л явуургүй болсон гэдгийг сүүлийн 20 жил харууллаа шүү дээ. Ардчилал бол эвлэрэх биш үнэнийг олох шүү. Тиймээс үнэнийг гарган тавих чадвартай хүн ерөнхийлөгчөөр сонгогдох болтугай.
Ардчилал бол ард түмэнд л зориулсан хамгийн хүнлэг онол. Өнөөдөр Монгол оронд дараагийн 2 дахь ардчилсан хувьсгал хэрэгтэй болжээ. Гэхдээ хувьсгалыг нэг төрийн эсрэг биш харин төрийн төлөө хийх хэрэгтэй. Тиймээс төрийн гадаа биш харин төрийн дотор хийх л чухал. Н. Багабандийн дараа ардчиллын хүн ерөнхийлөгчөөр гарч ирсэн бол юу гэж 10 гаруй жил мухар сүсэгтэх вэ дээ. Түүний оронд ардчиллын хоёр дахь хувьсгалыг хийж өнөөдөр ядаж Азийн хөгжилтэй орнуудын жишээг хэрэглээд эхэлчихсэн байхгүй юу. Ардчилалын 2-р хувьсгал Монголчууд дахин эхлэхийн хувьсгал болох ёстой. Үүний тулд хуучин дээрээ суурилан шинийг бүтээн босгож байгуулахын төлөө хийгдэх хэрэгтэй. Алдах алдаатай хүн цаашлаад цэвэр цэмцгэр биш харин ч ажил хөдөлмөрт нухлуулж ухаан хэрсүүжсэн тийм л ерөнхийлөгч хүн өнөөдөр хэрэгтэй байна.
Доктор С.Молор-Эрдэнэ
URL: