Г.Дэнзэнгийн орыг залгамжилсан Ч.Сайнбилэг гэгч чухам хэн бэ
“Тэнзэн ташуур” хэмээн хоч зүүгээд байсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн хэд хоногийн өмнө өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Түүнийг Н.Алтанхуягийн хүргэн. Эхнэр Г.Уянгын “Говь повер” компанид Тавантолгойн гаалийн бүсийн үйлчилгээ үзүүлэх 17 тэрбумын тендерийг өгсөн гэх зэргээр албан тушаалаа урвуулан ашигласан, ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн буруутгаж байсан юм. Үүнийг нь АТГ-ынхан ч баталж, Г.Дэнзэнг шалгаж байгаагаа мэдээлсэн. Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Г.Дэнзэнгийн оронд Ч.Сайнбилэгийг томилжээ.
Ч.Сайнбилэг гэж хэн бэ.
Тэрбээр 1966-1974 онд Хөвсгөл аймаг, Цэцэрлэг сумын найман жилийн дунд сургууль, 1974-1976 онд Хөвсгөл аймаг, Мөрөн хотын 1-р 10 жилийн дунд сургууль, 1976-1981 онд Монгол Улсын Их Сургууль, 2000-2001 онд Удирдлагын академийг тус тус төгссөн. Физикч, физикийн багш, Төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. 1981-1982 онд Дээд ,тусгай дунд, Техник мэргэжлийн боловсролын улсын хороонд мэргэжилтэн, 1982-1985 онд ХХАҮТехникумд багш, 1985-1996 онд Олон улсын “Найрамдал” зусланд багш, 1996-2000 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, 1998 онд Олон улсын “Найрамдал” төвийн ерөнхий захирал, 2000-2004 онд “Эн Ар” ХХК-ийн ерөнхий захирал, 2004-2006 онд УИХ-ын гишүүний зөвлөх, 2006-2009 онд “Шарын гол энержи” ХХК-ийн ерөнхий менежер, 2009 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар тус тус ажиллаж байсан нэгэн аж.
Ч.Сайнбилэг нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргын зэрэгцээ “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс Тавантолгой”, Төрийн банкны ТУЗ-ийн гишүүн болох юм.
http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=9306
URL: