Үнэт цаасны зах зээл жинхэнэ утгаараа хөгжих эрх зүйн орчинг хуульчилж өглөө

59325d8c7736810fd6ea5d7cbc48a612_L-Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын танилцуулга-

Монгол Улсын Засгийн газраас “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/ болон холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2013 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталлаа.

                    Үнэт цаасны зах зээлийг тухай хууль, түүнийг өөрчлөх үндэслэл, шаардлага

Үнэт цаасны зах зээлийн үйл ажиллагаанд оролцогчдийг дэмжих, уг зах зээлийг хөгжүүлэх гол үндэс нь хууль, эрх зүйн орчинг бий болгох явдал юм. Үнэт цаасны зах зээлийн тухай хууль анх 1995 онд батлагдсан. Уг хууль нь үнэт цаасны зах зээлийн бүтцийг бий болгох, шинэ харилцааны үндсийг тавьж өгснөөрөө ач холбогдолтой болсон бөгөөд 2002 онд өмнөх хуулийг шинэчлэн боловсруулж батлуулсан нь үнэт цаасны хоёрдогч зах зээлийн харилцааг бий болгох, зах зээлийг бэхжүүлэх, мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны онцлог, чиг үүргийг тогтоож, шинээр үнэт цаас гаргах /IPO/ ажиллагааг зохицуулахад чиглэсэн онцлог хууль болсон.

Үнэт цаасны зах зээлийн гадаад орчин богино хугацаанд эрс өөрчлөгдөж шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ үүсэж тэдгээрийг зохицуулах, түүнчлэн энэ зах зээл дээр хувьцаа болон санхүүгийн хэрэгсэл гарган хөрөнгө оруулалт татах сонирхол нэмэгдсээр байгаа нь уг зах зээлийн хөгжлийг түргэтгэх гол хүчин зүйл болсон. Үнэт цаасны зах зээлийн хөгжилтэй уялдан шинээр үүсээд байгаа олон харилцааг оновчтой хэлбэрээр зохицуулах эрх зүйн орчныг шинэчлэх зайлшгүй шаардлагатай гарч байна. 2002 онд батлагдсан Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг өнөөгийн нөхцөлд хэрэглэхэд зарим зохицуулалт учир дутагдалтай болсон байна. Тухайлбал, үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлийн харилцааг тодорхой зааглаагүй, хөрөнгийн бирж дээрх үнэт цаасны давхар бүртгэлийн болон гадаадын хөрөнгийн бирж дээр үнэт цаасаа гаргах зохицуулалт дутмаг, хөрөнгийн зах зээл дээр арилжаалдаг гол бүтээгдэхүүн болох үүсмэл санхүүгийн хэрэгсэл, хадгаламжийн бичиг зэрэг чухал санхүүгийн хэрэгслүүдийг арилжих талаар болон дотоод мэдээлэл ашигласан хэлцэл, зах зээлийн манипуляци хийснээс үүссэн зөрчил арилгах талаар нарийвчлан зохицуулаагүй, зах зээлийг зохицуулагч байгууллага, гадаадын үнэт цааасны зах зээлийг зохицуулагч байгууллагатай хамтран ажиллах болон харилцан туслалцаа үзүүлэх, мэдээлэл солилцохтой холбоотой болон тухайн зах зээлийг зохицуулж байгаа төрийн байгууллага, мэргэжлийн оролцогч, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагуудын чиг үүрэг, хариуцлага, тэдгээрийн хоорондын уялдаа холбоо тодорхойгүй, нээлттэй тайлагналын тогтолцоог хэрэгжүүлэх үүрэг, мэдээллийн урсгалын чөлөөт байдал, үнэт цаас гаргагч үнэт цаасаа нийтэд гаргах замаар олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт болон үнэт цаас гаргагч олон нийтээс төвлөрүүлсэн хөрөнгө дээр үйл ажиллагаа явуулдаг нээлттэй хувьцаат компанийн үйл ажиллагаанд тавих хяналт, хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах механизм, зах зээлийн мэргэжлийн байгууллагад тавигдах шаардлага хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын хэмжээ бага байгаа зэрэг нь энэ хуулийг өнөөгийн нөхцөлд ашиглахад учир дутагдалтай болсон гэж үзээр байна.

Иймд үнэт цаас гаргагч, үнэт цаасны зах зээл дэх мэргэжлийн байгууллага, мэргэжилтэн, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг цогцоор нь хамгаалсан уг зах зээлийн тогтвортой байдлыг хангасан эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.

                                       Хуульд тусгагдсан онцлог шинэ зохицуулалт

Дээрх хууль зүйн болон практик шаардлагыг үндэслэн Үнэт цаасны зах зээлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ын төслийг боловсруулан баталлаа. Хуульд дараах зарчмын шинжтэй асуудлуудыг шинээр тусгасан. Үүнд:

1.Хуулийн төсөлд үнэт цаасны зах зээлийн харилцааг зохицуулахад баримтлах зарчим, хууль тогтоомж, хуулийн үйлчлэх хүрээ, хязгаарыг зааснаас гадна хөрөнгийн зах зээлд арилжаалагдах санхүүгийн хэрэгслүүдийг манай улсын зах зээлд нэвтрүүлэх, бодит шаардлагыг харгалзан уг хуульд хэрэглэх гол нэр томьёог олон улсын жишгийг харгалзан шинээр тодорхойлж, эдгээртэй холбоотой зохицуулалтыг хуульд тусгасан.

2.Үнэт цаас нь өргөн хүрээг хамарсан, олон төрлийн эрхийг гэрчлэх хэрэгсэл болох тул зөвхөн энэ хуулийн зохицуулалтад хамрах үнэт цаасыг тодорхойлж, үнэт цаасыг нийтэд санал болгон гаргах, компаниас өрийн хэрэгсэл гаргах, гадаадын болон дотоодын компаниуд давхар бүртгэлтэйгээр үнэт цаас, үүсмэл санхүүгийн хэрэгсэл гаргахтай холбогдсон харилцааг зохицуулахаар хуульд тусгасан бөгөөд үнэт цаасыг нийтэд санал болгоход тавигдах шаардлага, танилцуулгад тусгах мэдээлэл, уг ажиллагаанаас үүсэх эрсдэлийг бууруулахад чиглэсэн хариуцлага, мэдээлэх үүрэг, суурь үнэт цаасыг үндэслэн хадгаламжийн бичиг гаргахтай холбогдсон харилцааг нарийвчлан тодорхойлж хуульд тусгалаа.

3.Үнэт цаасны зах зээлд оролцох, үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллагын төрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхлэх үйл ажиллагаа, түүний төрөл, тавигдах нөхцөл, шаардлагыг шинээр тогтоож, тэдгээр үйл ажиллагаатай холбогдох нарийвчилсан зохицуулалт бүхий дүрэм, журам, заавар, аргачлалаас бүрдэх багц дүрмийн хүрээ, хязгаарыг хуульд зааж, Санхүүгийн зохицуулах хороон баталж мөрдүүлэхээр хуульд тусгалаа.

4.Хөрөнгийн болон бараа, үйлчилгээний зах зээлийн төрөл, хэлбэр өргөжиж байгаатай холбогдуулан үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага буюу Хөрөнгийн биржийн чиг үүргийг нарийвчлан зааж, Хөрөнгийн биржээс тогтоох дүрэм, журмууд, нийтэд мэдээлэх мэдээлэл, эрхэлж болох үйл ажиллагааны хүрээ зэргийг зааснаас гадна бараа бүтээгдэхүүнд суурилсан санхүүгийн үүсмэл хэрэгслийн арилжааны болон үнэт цаасны тооцооны үйл ажиллагаа эрхэлж болохоор мөн хөрөнгө оруулагчдыг тэгш мэдээллээр хангах, эрх ашиг нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хөрөнгийн зах зээлд итгэх итгэлийг дээшлүүлэхэд гол үүрэгтэй үнэт цаасны зах зээлд дэх мэдээллийн урсгалыг нээлттэй болгох, түүнтэй холбоотой оролцогч болон эрх бүхий этгээдийн мэдээлэх үүрэг, хариуцлагыг нарийвчлан тодорхой болгон тусгалаа.

5.Үнэт цаасны зах зээл дэх төрийн байгууллагын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээний төрөл, хэлбэр, ялгааг заахаас гадна өөрийгөө зохицуулах байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлж, тэдгээрийн эрх, гишүүнчлэлийн асуудлыг тодорхой болгон тусгалаа.

6.Үнэт цаасны зах зээлд мэдээлэл шаардах эрх, хяналт шалгалт явуулах хэлбэр, журмыг тогтоож, Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн бүрэн эрхийг уг салбарын онцлогт нийцүүлэн тодорхойлсноос гадна үнэт цаасны зах зээлийн оролцогч хоорондын маргааныг урьдчилан хянан шийдвэрлэх үүрэг бүхий маргаан таслах зөвлөлийн эрх зүйн байдлыг тодорхойлж, үнэт цаасны зах зээлд дотоод мэдээлэл ашиглан арилжаанд оролцсон болон зах зээлийг урвуулан ашигласан, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын хэмжээг өндөржүүлэн тогтоохдоо зөрчлийн улмаас учруулсан хохирлын хэмжээ, цар хүрээ, зах зээлд үзүүлэх сөрөг нөлөөлөл зэргийг харгалзан шийтгэлийг ногдуулж байхаар хуульд тусгасан.

7.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга/-ыг 2014 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх бөгөөд хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолыг баталсан.

Уг тогтоолоор Үнэт цаасны зах зээлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан сургалт, сурталчилгааг тодорхой хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлэх, түүний зардлын тооцоог нарийвчлан гаргаж санхүүжлэх, хуульд заасан дүрэм, журам, заавар, нэр томьёоны тайлбарыг холбогдох төрийн захиргааны болон мэргэжлийн байгууллагатай хамтран 2013 онд багтаан боловсруулж батлах, хөрөнгийн биржийн бүртгэлийн шалгуур хангахгүй байгаа хувьцаат компаниудыг биржийн бүртгэлээс хасах, татан буугдсан хамтын сан болон хөрөнгө оруулалтын сангийн үлдэгдэл хөрөнгийн асуудлыг хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрх ашигт нийцсэн хэлбэрээр шийдвэрлэх, үйл ажиллагаа явуулдаггүй, хуулийн этгээдийн улсын бүртгэлээс хасагдсан, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүй болон хувьцаат компанийн шаардлага хангахгүй байгаа компанийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай санал боловсруулж 2013 онд багтаан Улсын Их Хуралд танилцуулах зэрэг хууль хэрэгжүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажлыг хангуулахаар Монгол Улсын Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороонд даалгасан.

                                         Хууль батлагдсаны ач холбогдол, үр дүн

Улсын Их Хурал Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг шинэчлэн баталснаар дараах үр дүн харагдаж байна.

1.Үнэт цаасны зах зээл жинхэнэ сонгодог утгаараа хөгжих эрх зүйн орчинг нь хуульчилж өглөө. Жишээ нь, аль ч улсад үнэт цаасны зах зээлийн гол тоглогч нь мэргэжлийн хөрөнгө оруулагч байдаг. Мэргэжлийн хөрөнгө оруулагч гэдэгт тэтгэврийн сан, хөрөнгө оруулалтын сан /нээлттэй, хаалттай/-гууд, даатгалын сангууд, хөрөнгө оруулалтын банкууд хамаардаг. Тэдгээрийг энэхүү харилцаанд оролцох боломжийг анх удаа нээсэн нь том дэвшил юм.

2.Монголын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчид гадаадын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани хэлбэрээр хөрөнгө босгосон тэр компанийхаа хувьцааг Монголын хөрөнгийн бирж арилжаалах бололцоо нь нээгдсэн. Эдгээр компани нь манай хөрөнгийн бирж дээр дахин шинээр бүртгэл хийх шаардлагагүй бөгөөд Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа шууд арилжаалах бололцоо нээгдсэнээр монголчууд уул уурхайн томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэнд оруулж, эдгээр компанийн өндөр өгөөжтэй хувьцааг өөрийн орны хөрөнгийн биржээс шууд авах, хөрөнгө оруулах боломжийг олгож байгаа юм.

3.Хаалттай компаниуд хөрөнгийн зах зээлд өрийн бичиг гаргаж санхүүгийн эх үүсвэр татах бололцоотой болж байна.

4.Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компани гадаадын хөрөнгийн бирж дээр давхар бүртгэл хийлгэж өртөг өндөртэй IPO буюу гадаадын хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргах замаар олон нийтийн зүгээс хөрөнгө оруулалт татах үйл ажиллагааны олон төвөгтэй үйл ажиллагааг дамжихгүйгээр шууд өөрсдийнхөө компанийн бонд эсхүл, хадгаламжийн сертификатыг гаргаж Лондон, Хонконг, Нью-Йоркийн хөрөнгийн биржээс хөрөнгө татах бололцоог хангаж өгсөн.

5.Нэг талаас дан ганц хадгаламжийн хүүгээр биш хөрөнгө оруулалт хийж хөрөнгө мөнгөө өсгөх сонирхолтой хувь хүмүүс, нөгөө талаасаа банкны богино хугацаатай, хүү өндөртэй зээлээр биш урт хугацааны санхүүжилт шаардлагатай компаниудын хувьд нээлттэй компани болж бизнесээ өргөтгөх сонирхолтой үндэсний компаниудын хоорондын сонирхолын огтлолцол нь хөрөнгийн бирж юм. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн гол амин сүнс нь Монголын хөрөнгө оруулагчид, хадгаламжид мөнгөө хадгалдаг иргэдийн хувьд хөрөнгийн зах зээлд оролцож мөнгөө өсгөх бололцоог сонгодог утгаар нь нээж өгч байна гэсэн үг юм.


URL:

Сэтгэгдэл бичих