Ч.Содномцэрэн: Монгол Улсын нийт 1.856.190 сонгогч саналаа өгнө

b793d0ccf0d5d1b43986b9d265e85ae6_LМонгол Улсын Ерөнхийлөгчийн зургаа дахь удаагийн сонгуулийн санал хураалт болоход 10 хоногийн хугацаа үлдлээ. Энэ хугацаанд гадаад дахь монголчуудын саналыг авч дууссан бөгөөд саналын хуудсууд хэвлэгдэн орон даяар тараагдаж байна. Сонгуулийн бэлтгэл ажлын явцын талаар Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнтэй ярилцлаа.

-Шинэ Ерөнхийлөгчөө сонгоход цөөн хоног үлдлээ. Сонгуулийг зохион байгуулах төв байгууллагын хувьд бэлтгэл ажлыг хэр хангаад байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах ажиллагаа ирэх долоо хоногийн лхагва гарагт  болох гэж байна. Үүнээс өмнө энэ сарын 25-ны мягмар гарагт Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагаа эхэлнэ. Өнгөрсөн гурван хоногт гадаадад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс санал хураах ажил амжилттай болж дууслаа.

Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийг орон нутгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах аймаг нийслэлийн нийт 22, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, хэсгийн 1896 хороо байгуулагдан санал авах ажлыг зохион байгуулах бэлтгэлээ хангаад ажиллаж байна. Нийт хороодод 15863, улсын хэмжээнд сонгуулийг зохион байгуулахад 20 гаруй мянган төрийн албан хаагч ажиллаж байна.

-Сонгуулийн үеэр сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотой асуудал багагүй гардаг. Энэ удаад бүртгэлийг алдаа мадаггүй, баталгаатай явуулж чадсан уу?

-Улсын бүртгэлийн ерөнхий газраас энэ сарын 16-нд ирүүлсэн мэдээгээр 1.856.190 иргэн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээд байна. Хуульд зааснаар санал авахаас өмнөх 10 хоногийн дотор шилжилт хөдөлгөөн хийх боломжгүй учир дээрх тоо дахин хөдлөхгүй.

-Энэ жил анх удаа автоматжуулсан системээр явуулна. Бэлтгэл хангалттай юу?

-Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль гарч, Ерөнхийлөгчийн сонгуулийг автоматжуулсан системээр зохион байгуулж явуулах болсон. Мөн энэ хуулийг хэрэгжүүлэх УИХ-ын 69 дүгээр тогтоол гарж “New image cast” автомат машиныг сонгуульд хэрэглэхийг зөвшөөрсөн. Ингээд УИХ, орон нутгийн сонгуульд хэрэглэсэн 2500 ширхэг автомат машиныг мөн Ерөнхийлөгчийн сонгуульд хэрэглэнэ.

Автоматжуулсан системээр сонгуулийн санал авах бэлтгэл ажлыг хангахаар аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын дэргэд 146 хүний бүрэлдэхүүнтэй мэдээлэл технологийн 31 баг, 1896 хэсгийн хороонд мэдээлэл технологийн 2276 даамал тус тус ажиллаж байна. Мөн иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн 2500 ажилтан болон цагдаа, тагнуулын байгууллагынхан аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа.

-Автомат машин гэхдээ санал дутуу тоолсон гэх мэтээр шүүмжлэлд өртдөг. Баталгаат байдлыг нь хэрхэн тогтоож байгаа вэ?

-Автомат машиныг долоон удаагийн шалгалтаар туршсан. Тодруулбал техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдал, логик хянан баталгаажуулалт, ТЕГ, Мэдээлэл технологи, харилцаа холбооны төв саналын хуудас зөв таньж байгаа эсэхийг шалгаж, бүх машинд баталгаажуулалт олгох зэргийг хийсэн. Цаашлаад саналын хуудсын хэвлэлтээс дээж авч, хэвлэлтийн явцад шалгалт хийж, хэлбэр хэмжээ, стандарт, баталгаажуулалтыг хянасан. Нэр дэвшсэн намуудын болон ТББ-ын мэдээлэл технологийн ажилтнууд оролцсон шалгалт мөн хийсэн байгаа.

Өнгөрсөн долоон хоногт 2500 машинаа аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд хүргэж өгсөн. Энэ долоон хоногт сум, хэсгийн хороодод хүргэгдэнэ. Ингээд энэ баасан гараг буюу 21-ний өдөр туршилтын санал хураалт явуулна. Өөрөөр хэлбэл бүх хэсгийн хороод машиныг хүлээж аваад туршилтын саналын хуудас уншуулж, СЕХ-ны төв серверт мэдээгээ дамжуулах юм. Ингэхдээ ажиллагаа, бүрэн бүтэн байдал, саналын хуудсыг зөв уншиж байгаа эсэх, мэдээлэл төв серверт ирж байгаа эсэхийг эцсийн байдлаар шалгана.

-Саналын хуудсын хэвлэлтэд хэрхэн хяналт тавьсан бэ? Орон нутагт саналын хуудсыг нөөцтэйгөөр явуулсан уу?

-Хууль хяналт, намууд, ТББ-ууд, гадаадын ажиглагчид нийт 14 хоногийн турш саналын хуудсын хэвлэлтийг хянасан.  Зөвхөн намаас гэхэд 96 хүн ажигласан. Энэ жил СЕХ мөнгө их зарж байна гэсэн шүүмжлэлд өртсөн учир саналын хуудсыг нөөцгүй хэвлэсэн. Харин гадаадад саналын хуудсыг 5 хувийн нөөцтэй явуулсан юм.

 -Сонгууль ажиглахаар гадаадын олон орноос төлөөлөгчид ирэх болсон. Ажиглагчид хэдийд ирж дуусах вэ?         

-Энэ удаагийн сонгуулийг ажиглахаар нийт 34 орны 385 ажиглагч өнөөдрийн байдлаар Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлж, үнэмлэхээ аваад байна. Үүнд АНУ-аас 31, ХБНГУ-аас 40, ОХУ-аас 40, Шведээс 10, Канадаас 11, Францаас 15, Дани улсаас 12 гэх мэт орны ажиглагчид байгаа юм. Энэ долоон хоногт ажиглагчдын дийлэнх нь ирнэ. Зарим нь санал авахаас 1-2 хоногийн өмнө ирэх захиалгаа өгсөн. Ажиглагчдын дунд ОХУ-ын Сонгуулийн төв комиссын дарга, Киргизын Сонгуулийн хорооны дарга нар тэргүүлэн ирж байгаа бол бусад орноос Сонгуулийн хороо, ТББ, Гадаад харилцааны яам, бусад дипломат байгууллагын төлөөлөгчид ирэх юм. Манай улсын Ерөнхийлөгчийн сонгууль, бэлтгэл ажлыг гадаад улс орнууд ихээхэн сонирхож байгаа нь үүнээс харагдаж байна.

-Сурталчилгаанд зөрчил гарч, шалгагдсан зүйл бий юу?

-Сонгуульд нэр дэвшсэн гурван намын нэр дэвшигчдийн сурталчилгаа хуулийн хүрээнд явагдаж байгаа. Сурталчилгаа энэ сарын 24-ний 00.00 цагаас зогсох ёстой.

-Сонгогчдыг урамшуулж нэгж өгөхөөр болсныг бас шүүмжлээд эхэллээ. Ийм жишиг олон улсад байдаг уу?

-Хуульд сонгогчдын ирцийг нэмэгдүүлэх зорилгоор СЕХ ямар нэг үйл ажиллагаа явуулна гэж тусгасан байдаг. Тиймээс СЕХ-нд ирсэн 20-иод төрлийн саналаас Үүрэн телефоны компаниудын саналыг дэмжсэн юм. Үүний зардлыг тэр компаниуд өөрсдөө бүрэн гаргана гэж байгаа. Урамшууллын бас торгуулийн систем гадаад орнуудад бий. ОХУ-д гэхэд Ерөнхийлөгчийн сонгуулиараа киноны билет олгож байсан бол Австралид гэхэд саналаа өгөөгүй бол 20 доллараар торгодог. Энэ нь тухайн улсын хөдөлмөрийн нэг цагийн хөлсний үнэ. Харин манай улс энэ удаад Үүрэн телефоны компаниудын саналыг дэмжсэн.

-Санал хураалт дууссаны дараа хяналтын тооллого хэдэн хэсэгт хийх вэ?

-Хуульд заасны дагуу Автомат машины дүнг хэвлэж дууссаны дараа хяналтын тооллогыг бүх суманд  1 хэсэгт, есөн дүүрэгт 2 хэсэгт санамсаргүй сонголтоор хяналтын тооллого хийнэ.

Н.Гантуяа montsame


URL:

Сэтгэгдэл бичих