Гүтгэлгийн чанартай мэдээлэлд няцаалт хийж, олон нийтийг сэрэмжлүүллээ

Гүтгэлгийн чанартай мэдээлэлд няцаалт хийж, олон нийтийг сэрэмжлүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Тамгын газрын Олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албаны дарга Ё.Батбаяр нар өнөөдөр Иргэний танхимд хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Хэвлэлийн хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Тамгын газрын удирдах албан тушаалтнуудын талаар гадаадын эх сурвалжуудад гарсан гүтгэлгийн шинжтэй мэдээлэлд тайлбар хийв.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ “Өчигдөр Энэтхэгийн мэдээллийн нэгэн сайтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон түүний Тамгын газрын удирдагын талаар ор үндэсгүй мэдээлэл гарсан. Уг мэдээлэлд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан болон Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдал, Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нарыг БНСУ-ын компанид ашигт малтмалын лиценз зарсан мэтээр дурджээ.

Анх англи хэл дээрх сайтад тавигдсан уг мэдээллийг төд удалгүй бусад төстэй сайтууд тавьсан байна. Энэхүү мэдээлэл нь ямар ч ор үндэсгүй, бичсэн эзнийх нь нэр хаяг тодорхойгүй гэдгийг анхааруулъя. Бидний таамаглаж буйгаар энэ мэдээллийг Монголд бэлтгэж, Энэтхэгийн сайтад нийтэлсэн байж болзошгүй гэж үзэж байна.

Уг мэдээллийн эхэнд ирэх 26-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг дурдсан байсан. Энэ мэт зүйлээс харахад уг мэдээлэл нь ард иргэдийн сэтгэл санааг үймүүлж, сонгуулийн үйл ажиллагааг будлиантуулах гэсэн хутган үймүүлэгчдийн үйлдэл болох нь тодорхой байна. Иймээс сонгуулийн өмнөх энэ эгзэгтэй цаг мөчид хэн нэгнийг гүтгэсэн, өдөөн турхирсан, Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн нэр хүндэд халдахыг оролдсон энэ мэт ор үндэсгүй гүтгэлэгт автахгүй байхыг сэрэмжлүүлэх үүднээс хэвлэлийн хурал зарлалаа” хэмээв.

www.president.mn


URL:

Сэтгэгдэл бичих