Хөгждөггүй Хөшөөтийн түүх

2013061709t

Алт, нүүрс, газрын ховор элементийн долоон уурхайг стратегийн ордод хамруулахаар УИХ-аар ярьж байгаа. Засгийн газрын энэ шийдвэрийг шинээр стратегийн ордод “элссэн” уурхайн эздийн олонхи нь эсэргүүцэж буй. Төрийн хараанд өртөж, бодлого болон хувирсан долоон ордын дэлгэрэнгүйг цувралаар хүргэж байна. Энэ удаад Хөшөөтийн уурхайг онцоллоо.

 

САЯАС ТЭРБУМД ШИЛЖСЭН ХӨШӨӨТИЙН БАЯЛАГ

Стартегийн ордод бүл нэмсэн ордуудаас нөөцөөрөө тэргүүлэх Хөшөөтийн уурхай Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolia Energy Corporation” /”Mo En Co”/ компанийн эзэмшлийнх. Тус уурхайн нөөцийг Монголын эрдэмтэн, судлаачид 87.5, 406 тонн гэж тогтоосон бол эзэмшиж буй компани нь 2.4-3.4 тэрбум гэсэн байдаг. Үүнийг манай зарим судлаач, эдийн засагч “Мо Эн Ко” нөөцөө худал өсгөж, хөрөнгө оруулагчдыг татах гэсэн аргуудын нэг гэж дүгнэдэг. Харин тус компани Монгол Улсын Засгийн газартай жилд найман сая тонн нүүрс экспортолно гэж гэрээ хийсэн аж. Өнгөрсөн онд “Мо Эн Ко” компани урд хөрш рүү 1.8 тонн нүүрс гаргажээ. Тус компанийн эзэн Лью Ченлин Хятадын нэгэн хэвлэлд “2015 он гэхэд Хөшөөтийн ордоос 15 сая тонн коксжих нүүрсийг Шинжаан руу гаргана” хэмээн ярилцлага өгсөн байна. Харин оддоо олборлолт зогссон.

 

МОНГОЛЫН ОРДООС ХЯТАДЫН ТЭРГҮҮН БАЯН ТӨРӨВ

 

2007 оноос шинэ амьдрал нь эхэлсэн энэ уурхайгаас “Мо Эн Ко” компани жилд 1.8-7 сая тонн нүүрс экспортлодог байна. Тус компани энэ ордын баялгаас 2.9 тэрбум ам.долларын хөрөнгө босгосон гэсэн тооцоог дэлхийн хөрөнгийн зах зээлийн байгууллагууд гаргажээ.Мөн Монголын баруун хязгаарын коксжих нүүрсний ордоос Хятадын тэргүүн баячуудын нэг тодорсныг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тэмдэглэсэн байна. “Мо Эн Ко” компанийн эзэн Лью Ченлин 25 тэрбум хонгконг долларын хөрөнгөөрөө энэ жагсаалтад багтсан байдаг. Харин Хөшөөтийн уурхайн баян эзэн нутгийн иргэд болон Ховд аймагт хэдэн төгрөгийн татвар төлж, ямар бүтээн байгуулалтын ажил өрнүүлснийг сонирхоё. Энэ талаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Батмөнхөөс тодруулахад “Ховд аймагт жилд 500 сая төгрөгийн тавар төлөх гэрээ байгуулсан. Энэ жил энэ татвараа төлөөгүй байна. Нүүрсний экспорт зогссон гэх шалтгаанаар татварөө төлөөгүй. Нутгийн иргэдэд уурхайн нүүрсийг хөнгөлөлттэй үнээр өгөхөөс өөр орон нутагт оруулсан хөрөнгө оруулалт байхгүй. Анх гэрээ хийхдээ тус компани Зэрэг, Дарви сумын малчдаас хүнсний махаа худалдаж авна гэсэн боловч хүнсний бүтээгдэхүүнээ Улаанбаатар болон Хятадаас авч байна.    Одоо Хөшөөтийн уурхайд олборлолт хийхгүй байна. Үүнийгээ “Мо Эн Ко” компанийнхан Хөшөөтийг стратегийн ордод хамруулах асуудал хүлээж байна. Мөн нүүрс тээвэрлэх, хөрс хуулах компанитайгаа тохиролцож чадаагүйгээс ажил зогссон гэж тайлбарласан. Энэ оны нүүрсний экспорт зогсонги байдалтай байна” гэж хариуллаа.

 

ДОЛООН ЖИЛИЙН ДАРАА ТӨР ИВЭЭЛДЭЭ АВАХ НЬ

 

Ховд аймгийн газрын хөрсөнд хуримтлагдах 406 сая тонн нүүрсийг стратегийн ордод хамруулахаар долоон жил тэмцсэний үр дүнд нутгийн баялгаа төрийн ивээлд багтаах гэж байгаагаа “Элгэн нутаг Сутай”, “Цэцэг нуур” нуур хөдөлгөөнийхөн хэлж байна. 29 тэрбум ам.долларын орлого олсон Хөшөөтийг эзэмшигч үүнийхээ дөнгөж 10 хувьтай тэнцэх мөнгөөр Монгол Улсад хөрөнгө оруулжээ. Үүнийг Уул уурхайн яамны удирдлагууд Монгол Улсын баялгийг ашиглаж байгаа гадны компаниудаас хамгийн бага татвар төлж байгаа газруудын нэгээр “Мо Эн Ко”-г онцолж байна. Хөшөөтийн ордын гадаад эзэн ойрын хугацаанд Монгол Улсад хийх хөрөнгө оруулалтаараа Хөшөөт тосгон, коксжих нүүрсний үйлдвэр барьж буйгаа нэрлэж байна. Энэ сарын сүүлээр ашиглалтад орох Хөшөөтийн коксжих нүүрсний үйлдвэр аймгийн эдийн засгийг сэргээнэ. Мөн Хөшөөт тосгон бий болсноор орон нутгийн иргэд ажлын байраар хангагдана гэж тооцоолж байгаа юм. Харин Хөшөөтийг стратегийн ордод хамруулснаар “Мо Эн Ко” компанийн орлого, орон нутаг болон Монгол Улсад төлөх татварын хэмжээ тодорхой болж хөндлөнгийн хяналт сайжирна гэж Ховд аймгийн удирдлагууд үзэж байна.

 

УРАГШЛАДАГГҮЙ УУРХАЙД ТӨРИЙН БОДЛОГО ДУТАВ УУ?

 

Хөшөөтийн нүүрсийг анх 1969 онд Говь-Алтай аймгийн Цахиуртайн уурхайн салбар олборлож, 1971 оноос Хөшөөтийн нүүрсний уурхай нэртэй үйлдвэр байгуулж орон нутгийг түлш, эрчим хүчээр хангаж байжээ. Энэ уурхайгаас 1990 он хүртэл 24.9 сая тонн нүүрс олборлож, Ховд, Говь-Алтайн аймагт нийлүүлж байсан аж. Стратегийн ордод багтах гэж хоёр төрийн нүүр үзсэн энэ ордын хөгжил Монгол Улс болон нутгийн иргэдийн амьдралд наалдахгүй байгааг нутгийн иргэд хэлдэг. Хөшөөтийн орд оршдог Цэцэг, Дарви сумын иргэдийн амьдрал өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд дээшилж, дэвжээгүйг тэдний амьдардаг сумаар жишээ болгодог. Энэ сумдын хүүхдүүд 30-40 жилийн өмнө барьсан хуучин сургуульд сурч, анх сум байгуулахад барьсан эмнэлэг өвчтөнд үйлчилдэг хэвээр. “Мо Эн Ко” компани 2011 онд экспортлосон нүүрсний орлогоосоо 1.4 тэрбум төгрөгийг Ховд аймгийн төсөвт оруулахаар болсон ч  татвараа төлөөгүйгээс аймгийн эдийн засаг хямарч оны эцсээр төсөвт тодотгол хийсэн байдаг. Ингээд Хөшөөтийн хятад эзний төлөх энэ мөнгийг Монгол Улсын төсвөөс гаргажээ. Энэ мэт “Мо Эн Ко”-той холбоотой урагшгүй асуудлуудыг энэ ордыг стратегийн ордод хамруулснаар шийднэ гэж уул уурхайн салбарынхан дүгнэж байгаа юм.

Э.СОЛОНГО

/Зууны мэдээ/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих