Оюутолгойн экспортоос өмнө асуулт байна
Оюутолгойн зэсийн анхны экспорт өнгөрсөн долоо хоногоос хойшилж, ирэх 21-нд эхлэхээр боллоо. Ингэснээр Монголоор овоглосон энэ экспорт дэлхийд томоохон худалдаа эхэлж буйг сануулах юм. Олон хөрөнгө оруулагч энэ мэдээллийг догдлон хүлээж байна. Ялангуяа, “Рио тинто”-д Оюутолгойгоор дэнчин тавьж зээл олгосон Австралийн Засгийн газар болоод барууны томоохон компаниуд ашгаа хүлээн айсуй.
Тэдний адилаар Монголын Засгийн газар, бас монголчууд тэр чигтээ Оюутолгойн анхны экспортыг чих тавин догдлон хүлээж байна. Гэхдээ энд нэг юм байна. Оюутолгойн экспорт эхэлсэн ч Монголын тал юу хүлээх вэ. Монголын Засгийн газар хөрөнгө оруулалтын дүнг хэтэрсэн тухай бөөн шуугиан дэгдээгээд одоо харин таг чиг болчихлоо. Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Хөрөнгө оруулалт хэтэрсэн тухай асуудлыг бид хэлэлцэж байна. Хариу нь удахгүй гарна” гэж мэдэгдсэн. Хувь нийлүүлэгчдийн хурал энэ талаар хэрхэн хэлэлцэж байгаа төдийгүй, хөрөнгө оруулалт хэтэрсэнд монголчууд ямар хариу барих, бас монголчуудын хүртэх ашиг, төлөх төлбөр хэрхэн өөрчлөгдөхийг хэлэх албаны хүмүүс нь амаа үдүүлчихлээ. Тэгсэн хэрнээ анхны экспорт эхлэх, тууз хайчлах талаар хөөр баяртайгаар мэдээлэл цацаад л. Ингэхээр ашигт малтмалын өнөөх ил тод байдал, иргэд өөрсдөө ашигт малтмалынхаа эзэн нь байна, шийдвэр гаргана гэсэн бүхэн хэрэгжих үү. Асуултын хариулт бас л тодорхойгүй.
Оюутолгойн экспортыг ярихаас өмнө сөхөх олон асуулт бий. Тэдний нэг бол өр эсвэл ашгийн аль нь монголчуудад ирэх тухай. Уг нь өнгөрсөн 2011 онд Оюутолгойн ордыг ашиглах гэрээнд Их хурлын Тамгын газраас томилогдсон баг судалгаа хийж УИХ-ын бүх гишүүнд тараасан билээ. Тухайн үед УИХ-ын Тамгын газрын дарга асан Ц.Шаравдорж судалгааны талаар “Төсөлд тусгаснаар нийт 15 төрлийн татвар, хураамжийг тогтворжуулах, 10 төрлийн татвар хураамжийг тэглэсэн байгаа юм. Ногдол ашгийг урьдчилсан байдлаар тооцоод үзэхэд, Монгол Улс 2022 онд ногдол ашиг авч эхлэх хүртлээ 3,7 тэрбум ам.долларын зээл, хүүгийн хуримтлагдсан өртэй болох ба энэ өрийг ногдол ашиг авч эхлэх үеэсээ эхлэн төлөх юм бол эхний жилдээ 408,3 сая ам.доллар гэх мэтчилэн үе шаттайгаар бууруулах замаар төлсөөр 63 дахь жилдээ л төсөвт ямар нэгэн дарамтгүйгээр зээлээ төлж эхлэх боломжтой гэсэн тооцоо гарсан” хэмээн мэдэгдсэн юм. Энэхүү дүгнэлтэд дүн тавьж, зөв бурууг нь ялган тунгаах үүрэг нь УИХ-ын гишүүдэд ногдсон. “Ер нь хөрөнгө оруулагчдыг буруутгахаасаа өмнө өөрөө өөрсдийнхөө зөв бурууг ярих хэрэгтэй. Тийм гэрээг хүлээн зөвшөөрсөн дотоодын албан тушаалтнуудаас бурууг хайх хэрэгтэй шүү дээ” гэж эдийн засгийн ухааны доктор Л.Оюун хэлсэн юм. Энэ гэрээг ийм алдаатай хийсэн үйлдлийг УИХ-ын Тамгын газрын судалгаа гаргаж ирсэн хэрэг. “Булавч бултайна” гэгчээр олны нүдэн дээр ил байгаа энэ алдаа эрх барьж буй хоёр намыг сонгохгүй байх хамгийн том шалтгаан. 1,5 сая төгрөгөө өгөөгүй, орон сууцны хороолол барина гэж баахан баавардсан ч амжуулаагүй, ядуурлыг бууруулсан нэрээр улам өсгөсөн гээд энэ хоёр намд хаягтай биелээгүй амлалтууд нэхэл хатуутай байна.
Ц.Шаравдоржийн хэлснээр судалгааны дүгнэлтэд Хувь нийлүүлэгчдийн гэрээнд ойлгомжгүй, төөрөгдүүлсэн, хөрөнгө оруулагч талд хэт давуу эрх олгосон заалтууд байсан. Монголын талын 34 хувьд ногдох эрх, үүргийг бүрхэгдүүлсэн, хөрөнгө оруулалтын гэрээний хувьд засч, залруулах, Монголын талын эрх ашигт нийцүүлэх зэрэг олон асуудлууд байгааг тухайн үед холбогдох албаныханд судалгааны дүнг танилцуулахдаа хэлснээ тэрээр бас ярьсан юм. “Бид хууль тогтоогчдод албан ёсны үүрэг болгох зүйл байхгүй, зөвхөн ийм ийм зүйл байна гэдгийг танилцуулга болгон өгдөг” гэж тэрээр онцолсон юм. Өөрөөр хэлбэл, энэ дүгнэлтийг парламентчид гартаа хүлээн авснаас хойш багагүй хугацаа өнгөрөөд байхад нэг ч удаагийн тайлбар, эргэн харсан дүн шинжилгээ хийсэнгүй. Харин ч ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг нь гурав хувааж өгөх, бусдад нь хувьцаа болон мөнгөний аль нэгийг сонгох булхай шийдвэрээ тулгаж цаг хожиж байна. Ард түмний өмнө баялгийг Оюутолгойгоор сольж идчихээд одоо хэр нь тайлбар хийхгүй байгаа тэд энэ сонгуульд өрсөлдөх эрхгүй гэж сонгогчид бас буруутгаж байна.
Ингэхээр Засгийн газар Оюутолгойн экспорт эхэллээ гэж сүржигнэж суухын оронд өмнө хэлсэн ярьсан нь юу болсон талаар хэзээ хариулах вэ.
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: