Саналын хуудас тоолох машиныг туршиж 342 саналын хуудас уншуулжээ

Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө саналын хуудас тоолох машиныг турших хүрээнд 342  саналын хуудас уншуулсан байна.  Өгөгдсөн тавилын дагуу уншигдсан  эдгээр саналын хуудаснууд нь зөв тоологдож, сонгож авсан машинууд тооллогын алдаа гаргаагүй байна.

МИДАС төрийн бус   байгууллага нь  сонгуулийн автоматжуулсан системийн  үйл ажиллагаанд мониторинг хийх хүрээнд санал тоолох машинд туршилт хийх, түүнд намууд болон төрийн бус байгууллага, хэвлэл, мэдээллийн төлөөллийг оролцуулах санал санаачилгыг гаргасан юм. Сонгуулийн ерөнхий хороо үүнийг дэмжиж  улмаар тус байгууллага  олон талын төлөөллийг оролцуулан санал тоолох машиныг туршсан байна.

Тус төрийн бус байгууллагын төлөөлөгч туршилтынхаа дүнг танилцуулахдаа, сонгуулийн автоматжуулсан системийн талаар  олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх,  зөв ойлголт,  илүү итгэл үнэмшил бий болгох зорилгоор санал тоолох машиныг туршсан юм гэдгийг хэлж байсан юм.   Ингэхдээ, тест бүрийн дараа биллийг хэвлэж туршилтад оролцсон намуудын төлөөллөөр  гарын үсэг зуруулж баталгаажуулсан байна.

Сонгуулийн автоматжуулсан системийг туршиж шалгахдаа олон хувилбараар тухайлбал, санал огт тэмдэглээгүй буюу хоосон, буруу тэмдэглэгээ хийсэн, бүх нэр дэвшигчдийг сонгосон, өөр газар тэмдэглэгээ хийсэн, хүчингүй хуудас хийж уншуулах зэргээр туршиж үзсэн бөгөөд санал тоолох машины үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй  гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих