Халхын тендерийг хамж авдаг MCS-ээс эхлээд акул компаниуд ичих булчирхайгаа ажиллуулаач!
Монголд едөр бүхэн асар их мөнгөний найраа зохион байгуулагдаж байдаг гэж хэлж болох юм.
Тэр нь тендер. Хэдэн арван сая төгрөгөөс 16 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний махинаци тэнд явагдаж байдаг. Жишээ нь, ерөнхий сайдын дүү Уянга гээч охин То.вь повер” гэдэг компанийн нэрэн дээр Тавантолгойн тендерээ 17 тэрбум төгрөгний өртөгтэй мөнгө угаах операцид ялалт байгуулаад мишээж байх жишээтэй. Тэгэхэд ерөнхий сайд “Тэнд болж байгаа асуудлыг надад хамаатуулах хэрэггүй” гээд гэдийж байна. Булхайтай, будлиантай тендер, мөнгө угаах буруу ажиллагааг нягталж байх ёстой Хууль зүйн Х.Тэмүүжин болохоор “Хүн бүхэнд хувийн сонирхол бий. Гэхдээ тэр сонирхол нь хаа хүрээд зогсох ёстой вэ гэдгийг “Сонирхлын зөрчлийн тухай хууль”-иар зохицуулна” гээд сууж байгаа юм.
Ер нь тендер гээч нь асар том хуйвалдаан зохиогдож, лобби явагдаж байдаг гэцгээдэг. Жижиг, дунд компаниудын хувьд тендерт оролцоно гэдэг ердөө л аз туршсан явдал. Ялвал аз гээд ордог, тонгоруулж гарч ирээд “За, одоо энүүнд чинь ахиж аз туршихаа байя” гэдэг. Яагаад гэвэл тендерт ялна гэдэг нь зөвхөн акул компаниудын хоорондох наймаа болчихсон учраас жижгүүдэд үмх хэрчим ч олдоно гэдэг үлгэрийн далай ажээ.
Гэхдээ авилгатай, арын хаалгатай компаниудад бол тендер ёстой тэнгэрийн умдаг атгахтай адил. Монголын томоохон бизнесмен, улс төрч ярьсан байдаг юм. Тэр өөрөө дэндүү шударга, гүдэс шулуухан эр л дээ.
- Би МСЗ-ийнхэнд хэлдэг. Та нар өөрдсийн хүрээтэй бай л даа. Монголын хавтгай дахь бүх бизнесийг хамж аваад байдаг чинь ямар учир вэ. Эмэгтэй хүний памперсний тендер зарласан ч МСЗ ялж байдаг, эрчим хүчний шугам татсан ч МСЗ ялж байдаг. Жижгүүдэд юм үлдээ л дээ гэдэг. Ядахнаа хүүхдийн памперс зарж байгаа нэг залуу тэр жижигхэн бизнесийн эзэн болоод явбал нэг айл ч гэсэн хөл дээрээ босно. Тэдний ард арван айл дагаад амьдрал нь дэвжинэ! гэж хэлдэг хэмээн ярьжээ. Үнэн үг. Халхын хөндийд зарладаг бүх тендерийг хамж иддэг хэдхэн шуналтай том компани Монголд байдаг. Тэгсэн мөрт өөрсдөө ажиллахгүй. Хэдэн жижиг компанийг дуудаад “Май ав. Тийм хөлсөөр хий. Үгүй бол яв” гэж дарамтална. Нөгөөдүүл нь тэнгэрийн хишиг гээд алгаа тосно. Кинонд гардаг Богдын рашаан хүртэх гээд бөөн дайралцаан болдогтой яг ижил. Томуудыг тендерт ороход жижгүүд нь тэднийг харж хүлээгээд хэн нь ялах бол, надад жаахан үмх юм хаях болов уу гээд горьдоно. Амь зуухын тулд тэгэхээс ондоо замгүй. Ялсан том компанийн боол болонгуутаа баярлана. Замын тендер гэхэд яг нэг иймэрхүү. Тэндхийн тендерт хэдхэн комчани оролцдог, тэгээд өөродөө авдаг.
Улаанбаатарын замын тендерт “Хотын зам”, “Ялгуусан” гэдэг сонсголонтой гоё нэртэй компаниуд өнгөрсөн жил ялаад чанаргүй зам хийсэн мөрт энэ жил дахиад тендерт ялчихжээ. Тэд чинь хар дэвтэрт орчихсон компани биз дээ гэхэд нийслэлийн авто замын газрын дарга гэдэг нэг нөхөр,
- Хугацаа алдсан, чанаргүй зам барьсан компаниудын мэдээллийг худалдан авах ажиллагааны газарт өгсөн. Хар дэвтэрт орсон компанийн нэрийг хэлэхгүй… гэж суух жишээтэй.
Саяхан гэхэд “Хотын зам” компанийн барьсан Сансрын тунелийн зам цөмөрчээ. Чанаргүй гүйцэтгэлтэй ийм компанийг хар дэвтэрт оруулсан бол тендер өгдгөө болиод зогсохгүй оролцох эрхийг нь ч хасууштай. Эндээс багцаалахад монголын тендер хэтэрхий булхайтай нь мэдэгдэнэ.
Улсын зарласан бүх тендерт ялдаг хэдхэн компанитай. Бүх тендерийг хамаад авахаар томрохгүй яахав. Тэгээд өөрсдийгөө аварга том акул компани гэж хөөрөгдөнө.
Компаниуд яагаад өөрийн төлөөллийг засгийн газарт юмуу УИХ-д оруулах гэж зүтгэдэг вэ, бизнесменүүд яагаад төрийн түшээ болох гэж улайран дайрдаг вэ? Тов тодорхой. Тендер авах гэж, ялах гэж тийшээ зүтгэн улангасдаг.
УИХ-ын гишүүнтэй компани дорхноо л томроод эхэлнэ. Шударга ёс, авилгагүй амьдрал гэж нүүрэн дээрээ гоё ярих атлаа цаанаа бол хор найруулж хог наймаалцаж явдаг нь ортой биз. Гарамгайбаатар гишүүний “Монроуд” гэхэд одоо улам томорч байгаа дуулдана лээ. Ер нь манайд том нь жижгээ барьдаг нь жирийн үзэгдэл. Жишээ нь, нэг нөхөр ресторан эрхлээд овоо ашиг олоод ирэхээр нэг том босс дарамтлаад эхэлнэ. Эхлээд “Зар” гэж сүрдүүлнэ. Хөдлөхгүй бол мэргэжлийн хяналтаар дарамтлуулна. Цагдаагаар айлгана. Монгол дахь бизнес ерөөсөө ийм хэлбэр рүү орчихож. Кинон дээрээс бид Орос, Япон, Солонгост л энэ нь байдаг гэж санадаг. Тэгвэл одоо манайд ороод ирчихжээ. Түүнтэй адил жижигхэн компаниуд зориг гаргаад тендерт ороод ирэхэд акул компани тэднийг яг л эрүүгийн элементүүд шиг дарамтална, сүрдүүлнэ, хүч хэрэглэнэ. Ийм байхад монголын тендер яаж шударга болох юм бэ! Тэгэхээр тендерт шатлал, зэрэглэл тогтоох хэрэгтэй. 10 тэрбумаас дээш өртөгтэй тендерт жилийн борлуулалт нь арван тэрбумаас дээш байгаа компаниуд ордог, нэг тэрбумаас доош өртөгтэй тендерт томчууд ордоггүй байх зааг тогтоовол зөв болно. Эс тэгвэл жижиг компаниуд хэзээ ч босохгүй. Томынхоо боол байсаар дуусна. Памперсийг нь байнга дарамтлан дээрэмдэнэ гэсэн үг. Тэгэхээр жижиг компани нар үзэхгүй учир тендерт ялгаа зааг тогтоох нь хамгийн шударга алхам болно. Мэдээж үл мэдэгдэх компанийн ард ямар том компани нуугдсаныг мэдэх боломжгүй ч цаг хугацаа аяндаа мэдүүлнэ. Иймд тендерт шат зэрэг, ялгаа зааг тогтоож шударга ёсыг бий болгоё!
М.Занабазар
ЭХ СУРВАЛЖ: АЛАГ ХОРВОО
URL: