Авлигатай тэмцэх газар нийслэлийн прокурорт гомдол гаргажээ

avilga1RERАвлигатай тэмцэх газар төлөвлөгөөт хяналт шалгалт болон өргөдөл, гомдол мэдээллийн мөрөөр анх удаа 20 аймгуудад шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтээ танилцууллаа. Ажлын явцад орон нутагт мэдээлэл хаалттай, худалдан авах ажиллагааны талаар иргэдийн мэдээлэл хангалтгүй, “Сум” хөгжүүлэх сангийн төсөл зориулагдсан хүмүүстэй хүрэхгүй асуудал гарч байгаатай холбоотой мэдээлэл хийсэн юм. Энэ дундаас сум хөгжүүлэх сангийн төсөл эзнээ олоогүй, зориулалтын бусаар зарцуулагдсан гэх зөрчил илүү байсан гэнэ. АТГ-аас томилолтынхоо дундуур хамтран ажиллах санамж бичиг байгуулан, сум хөгжүүлэх сангийн зээлийн зохицуулах журам болон ЖДҮ-ийн зээлийг зохицуулж буй журмуудыг өөрчлөх ажлын хэсэг ажилласан ажээ.

Харин энэ сардаа багтаж сум хөгжүүлэх сангийн зээлийн журмыг боловсруулан гаргах төлөвлөгөөтэй байх аж. Ингэснээр уг төсөл зохих эзэндээ хүрэх, нээлттэй байх давуу талтай болох гэнэ. Мөн УИХ-ын гишүүд болон МХЕГ-ын байцаагч нар, Санхүүгийн зохицуулах хороо, яамдуудын ажилтнууд давхар томилолт гаргасан хэрэгт арга хэмжээ авна гэдгийг хэлж байсан. Мөн томилолтыг тухайн аймгаас гаргадаг журмыг хүчингүй болгосон гэсэн юм.

Энэ үеэр Авлигатай тэмцэх хэлтсийн мөрдөн байцаах хэлтсийн дарга Э.Амарбат сэтгүүлчдийн асуултанд ийн хариулсан юм.

-Татварын ерөнхий газрын Ч.Гансүхийн асуудал юу болж байна вэ?

-Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх, түүний хүү Г.Ганзул, тус газрын Улсын төсөв, орлого, хяналтын газрын Судалгаа, үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбат, түүний эхнэр, ҮТЕГ-ын байцаагч О.Бямбасүрэн нарыг хууль бусаар хөрөнгөжиж, их хэмжээний хөрөнгө завшсан гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Уг хэрэгт холбогдолтой Ч.Гансүх нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан байгаа. Ингэснээр энэ хэргийн зарим нэг үйлдлүүд илчлэгдсэн байгаа юм. Тухайлбал хууль бусаар хөрөнгөжсөн, мөнгө угаасан, бусдаас хахууль авахыг завдсан, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан зэрэг үйлдлүүдэд яллах дүгнэлт үйлдүүлэхээр нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн. Харин энэ хэрэг доторх Ч.Гансүхийн хүү Г.Ганзулын хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй байгаа. Одоогоор түүний нэрийн дансаар 16 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгөн гүйлгээ хийгдсэн хэргийг тусгаарлан шалгаж байна.

-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Г.Дэнзэнгийн хэргийн талаар?

-Энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлтэй гэж үзсэн. Г.Дэнзэнтэй хамтран амьдардаг А.Уянга гэх эмэгтэйгийн “Говь нүүрс” компани нь “Эрдэнэс таван толгой” ХК-аас гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх 17 тэрбумын тендерийн эрх авч нүүрс гаргах болсон. Гэтэл энэ тендерт тус компани нь хууль бусаар шалгарсан гэх мэдээлэл цацагдсанаар шалгах болсон. Уг асуудлыг прокурорт танилцуулсан байгаа. Гэвч нийслэлийн прокуророос эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй байна хэмээн хүсэлтийг хүчингүй болгосон. Манай байгууллагын шалгалтаар уг хэрэгт холбогдолтой хэд хэдэн баримт гарч ирсэн. Тухайлбал “Говь нүүрс” компанийг бусдаас худалдаж авсан байсан. Тендерт оролцох компанийн эзэмшлийн хөрөнгө нь нэг тэрбумаас дээш байх ёстой гэсэн үнэлгээ хийлгэх ёстой байсан. Харин тус компанийн хөрөнгө нь хүрэхгүй байхад нэг өдрийн дотор үнэлгээний компаниар хуурамч үнэлгээ хийлгэсэн байсан нь тогтоогдсон. Мөн үнэлгээний компани үнэлгээг хийхдээ тухайн газарт нь очиж бодит үнэлгээ хийж чадаагүй, тендерт оролцох нөхцөлийг хангасан гэж тооцсон байгаа юм.

Нөгөө талаар шалгарсан гээд байгаа компани нь сүүлийн таван жилийн хугацаанд нэг тэрбум 800 сая төгрөгөөс доошгүй хэмжээний ажил гүйцэтгэсэн байх ёстой гэсэн шаардлагыг огт хангаагүй. Мөн үйл ажиллагаа нь алдагдалтай явагддаг байсан байна. Нэг үгээр хэлбэл энэ компани нь шалгарах ямар ч боломжгүй байсан. Мөн гаалийн хяналтын бүсэд үйлчилгээ үзүүлэхийн тулд зайлшгүй гаалийн хяналтын бүсэд үйл ажиллагаа явуулах нөхцөлийн бүрдүүлсэн газартай байх ёстой гэж заасан. Гэвч тендер сонгон шалгаруулалтад оролцох санал хүргүүлсэн арван компанийн найм нь энэ шалгуурт тэнцэхгүй, ийм газаргүй байсан юм. Тэгэхлээр зохих газрыг эзэмшиж байсан хоёр компанийн нэг нь энэ компани байгаа юм. Тийм учраас тендер сонгон шалгаруулалт анхнаасаа хууль бусаар явагдсан байна гэж үзэхээр байна. Цаашлаад бид мөрдөн байцаалтаар сонгон шалгаруулалт өөрөө хэрхэн явагдсан болон үнэлгээний хороо хэрхэн ажилласныг шалгах шаардлагатай байсан хэдий ч хүчингүй болгосон. Гэхдээ манай байгууллагаас прокурорын газарт гомдол гаргасан.

-УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг шалгах болсон гэсэн үнэн үү?

-Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны салбар үйлдвэрчний эвлэлийн холбооноос дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, С.Ганбаатар нарыг эрх мэдлээ урвуулан ашиглаж байна хэмээн шалгуулах хүсэлт гарсан. Учир нь уг холбооны Тээвэр үйлчилгээний төв зөвлөлийн авто баазын газар дээр орон сууц барих болон хөнгөлттэй үнээр орон сууц барих асуудалд эрх мэдлээ урвуулан ашигласан гэх гомдлыг ирүүлсэн байгаа. Одоогоор хэргийг шалгаж байгаа учраас өөр мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Б.Энэбишийн хэргийн талаар?

-”Эрдэнэс таван толгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбишийг 1.6 тэрбум төгрөгийн үнэлгээтэй арван ширхэг авто сомусмол болон бусад чанарын шаардлага хангаагүй дугуй гэх зэргийг төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр худалдан авсан талаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Эдгээрийг хууль зөрчин худалдаж авсан тухай мэдээлэл ирсэн. Мөн л шалгаж байгаа учраас үүнээс дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй байна.

-УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр, Х.Наранхүүгийн хэрэг ямар шатандаа шалгагдаж байна вэ?

-УИХ-ын гишүүн асан Х.Наранхүү болон Монгол, Израйлын хамтарсан “Шинэ техниложи” компанитай холбоотой зургаан тэрбум төгрөгийн хохиролтой гэх хэргийн талаар шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа хараахан дуусаагүй байна. Хэргийн талаар нэмэлт шалгалтыг хийж байгаа. Харин УИХ-ын гишүүн асан Ц.Батбаярт холбогдох хэрэг бол өөр асуудал. Энэ хэргийн байцаах үйл ажиллагаа үргэлжилж байгаа. Зарим нэг зайлшгүй холбон шалгах шаардлагатай этгээдүүдийг олон улсын хэмжээнд инторполын шугамаар эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан. Тэдгээрээс зарим хүнийх нь асуудлаар интерполын үндэсний хорооноос хүсэлт тавьсан. Энэ нь эрэн сурвалжлах ажиллагаанд тодорхой хэмжээний хугацааг шаардаж байна. Тодруулбал Н.Энхтуяа, Б.Хуяг, Т.Билэгт зэрэг хүмүүсийг эрэн сурвалжилсан. Харин интерполын үндэсний товчооноос Монгол Улсын иргэн Т.Билэгт нь эрэн сурвалжлагдаж байгаа ч АНУ-д цагаачлах хүсэлт тавьсан байсан.

-Лицензтэй холбоотой хэрэг юу болж байна?

-90 лицензтэй холбоотой шалгалт үргэлжилж байгаа. Уг асуудал өөрөө нэлээд өргөн хүрээнд шалгалт хийх шаардлагатай. Лиценз бүрийн цаана эзэмшигч аж ахуй нэгжүүдийн асуудал хөндөгдөн яригдаж болзошгүй. Мөн тухайн лицензтэй холбоотой нөөцийн тайланг бусдад шилжүүлсэн, худалдсантай холбоотой хууль хяналтын байгууллагаар хянуулах шаардлагатай байна.

Г.Баярцэцэг

НИЙСЛЭЛ ТАЙМС


URL:

Сэтгэгдэл бичих