Хакухо М.Даваажаргал байнд ч үгүй банзанд ч үгүй хоцрох вий дээ
Наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлджээ. Ойртох тусам монголчууд бөх, морь, сураа ярих нь олширно. Энэ жилийн наадмын бөхийн барилдаан урьдынхаас илүү сонирхол татаж магадгүй болоод байна. Японы мэргэжлийн сумогийн Их аварга Хакухо М.Даваажаргал саяхан эх орондоо ирээд Төв аймгийнхаа бөхчүүдтэй бэлтгэлийнх нь үеэр барилдаж, “Улсын их баяр наадмаараа барилдаад үздэг ч юм билүү” гэжээ. Түүний аав дархан аварга Ж.Мөнхбат ч дургүйцээгүй гэсэн. Тэрбээр “Миний хүү өөрөө л мэднэ биз” гэсэн байх юм.Мөн саяхан “Хакухог нутгийн бөх Улсын харцага Ө.Даваабаатартаа хага шидүүлжээ” гэх сенсааци хэвлэлийн тэргүүн нүүрнээ хэдэнтээ залраад авсан нь Их аварга маань наадмын бэлтгэлээ базаагаад эхэлснийг илтгэх шиг.
Харин М.Даваажаргал Япондоо буцаж очоод тэндэхийн хэвлэлийнхэнд хандан Монгол үндэсний бөхөөр барилдаж үзмээр байгаагаа дуулгаад авчээ гэсэн мэдээллүүд ойрын үед чих дэлсэх боллоо.
Японы үндэсний сумод 25 удаа түрүүлсэн түүний хувьд аавынхаа бүх насаараа барилдан, Монгол түмнээ баясгаж явсан үндэсний бөхийн барилдааны арга барилыг өвлөх сонирхол мэдээж байх нь тодорхой. Гэхдээ Японы сумогийн дэг журам тун хатуу. Сүмогийн холбоо нь бөхчүүдээ өөр спортоор хичээллэхийг хэр барагтайд зөвшөөрдөггүй. Их аварга Д.Дагвадорж хэдэн жилийн өмнө хөл бөмбөгийн тэмцээнд оролцсоныхоо төлөө нэг удаа барилдах эрхээ хасуулж байв. Үүнд нь өөр бас бус учир шалтгаан, хэл ам нөлөөлсөн л биз. Тэгвэл Монгол наадмын зүлэг ногоон дэвжээний аль нэг жигүүрээс М.Даваажаргалыг дэвээд гараад ирэхэд Японы сүмогийн холбоо хэрхэн авч үзэх нь бүр ч их сонирхол татаж байна. Монголчууд М.Даваажаргалыг Д.Мөнхбат аварга шиг үндэсний бөхийн зодог шуудагтай барилдаж байхыг хараад бахархах нь зүйн хэрэг. Гэвч Арлын Японд аархаж яваа 69 дэх Их Аварга хүсэлдээ хөтлөгдөн үндэсний бөхөөр барилдаж яваад байнд ч үгүй, банзанд ч үгүй болох вий дээ.
mongolcomments
URL: