Морио мотоциклоор сольсны балаг

IMG_0948- Өнгөрсөн онд мотоциклийн ослоос болж 112 хүн амиа алджээ -

Хөдөөнийхөн морио мотоциклиор солиод удаж байна. Тиймээс ч малчин айл бүрийн гадаа нэгээс хоёр төмөр хүлэг сойлттой байх нь энгийн үзэгдэл болжээ. Харчуул нь мотоциклиороо эрдэнэт сүргээ хариулж, саахалтын газраас ундны усаа зөөдөг болж. Нэг талаар малчдын хөдөлмөрийг хөнгөвчилж байгаа мэт боловч нөгөө талаараа биднийг улам л залхуу хойрго болгоод байх шиг. Өмнө нь саахалтын байтугай сарын газраас мотоцикльгүйгээр ундны усаа зөөж, хонины бэлчээрт хөл нүцгэн гүйдэг байлаа хэмээн настнууд техникийн дэвшил болсон төмөр хүлгийг ад үзнэ.

Түүнээс ч аюултай нь иргэдийн салхи татуулан давхих дуртай төмөр хүлэг олон хүний эрдэнэт амийг авч одох болов. Үүнийг Замын цагдаагийн газраас гаргадаг статистикийн тоо баримтаас тод харж болно. Тухайлбал, өнгөрсөн онд хөдөө орон нутгийн замд мотоцикльтой холбоотой 371 хэрэг бүртгэгдсэн байна. Ослын улмаас 112 хүн амиа алдаж, 187 хүн хүнд хөнгөн гэмтэл авч эрүүл мэндээрээ хохирсон байна. Харин энэ оны эхний дөрвөн сарын байдлаар орон нутгийн замд тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчсөн 67 хэрэг гарч 69 хүн алтан амиа алджээ. Үүний 21 нь мотоцикльтой холбоотой хэрэг байсан аж. Зам тээврийн осолд өртөгсдийн 90 хувь нь хятад мотоцикль унаж яваад ийн эндсэн гэсэн судалгаа гарчээ.

Холбогдох албаныхан энэ талаар малчдад байнга анхааруулдаг ч үнэ хямд учраас хэн ч татгалзаж чаддаггүй гэнэ. Хамгийн гол нь урд хөршөөс оруулж ирдэг өнгө, өнгийн төмөр хүлгүүд засмал замд унах зориулалттай байдаг аж. Манайх шиг уул хадаар давхихад дэндүү “жулдах” эд гэнэ. Гэтэл хөдөөнийхөн хаашаа л явна нөгөөдөхөө унаад салхи татуулаад давхичихдаг гэмтэй. Үүнээс болж өнөөх айхтар ослууд гараад байгааг албаныхан учирлаж байв.

ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Пүрэвдоржийн хэлснээр хятад мотоциклиуд хайлшин обудтай учраас бартаат замд унахад осол гаргах эрсдэл өндөртэй байдаг аж. Өөрөөр хэлбэл хайлшин обуд цохилтын хүчийг сарниулахгүйгээр шууд бутарч онхолддог байна. Үүнээс өөр ч техникийн олон дутагдал байгааг хэлсэн. Өндөр өсгийт өмсчихөөд уул хадаар зугаалдаггүй шиг асфальтан замд унах зориулалттай мотоциклийг хөдөө орон нутагт унахгүй байхыг албаныхан анхааруулж байна Өнгөрсөн долоо хоногт ЗЦГ-ынхан Төв аймгийн хэд хэдэн суманд ажиллаад иржээ. Энэ үеэр ч хятад мотоцикль унасан дүрэм мэддэггүй баатруудтай нэлээд олон таарчээ. Орон нутгийн иргэд давжаа биетэй хятад мотоциклийг тэмээтэй андуурав уу гэлтэй л хоёр гурваар нь хүн сундалж, ачаа ачсан нь албаныханы гайхширлыг төрүүлсэн байна. Түүгээр ч зогсохгүй урд гэрлийнхээ оронд амандаа асаагуурын бүдэг гэрэл зуучихсан давхиж явсныг жишээлж толгой сэгсрэн ярив. Хэрэв иргэд хятад мотоцикль хямд гэх шалтгаанаар худалдаж авсаар байвал тэдгээр иргэдийн эрүүл мэнд, амь нас хутганы ирэн дээр байгаагаас өөрцгүй. Гэтэл орон нутгийн иргэд үүнийг эрсдэл гэхээсээ илүүтэй эерэгээр хүлээн авах нь элбэг. Тиймээс ч захын малчин айлын хүүхэд мотоцикль бариад сурчихсан байх жишээтэй. ЗЦГ-ынхан шалгалтаар явахад Төв аймгийн Аргалант сумын 13 настай хүү хоёр хүн сундалчихсан хажуудаа яваа төмөр хүлэгтэй тоос татуулан уралдаж явсан байна.

Цагдаагийнхан хүүтэй уулзаад мотоцикль байнга унадаг, насанд хүрээгүй, архаг жолооч болохыг нь мэджээ. “Хятад мотоциклиос татгалзъя” гэж албаныхан ухуулаад газар авахгүй болохоор хамгаалалтын малгай өмсөхийг хатуу шаарддаг болсон байна. Хөдөөнийхөн хамгаалалтын малгайтай мал хариулна гэдэг бүтэхгүй хэрэг гэж толгой сэгсэрч суугаа сурагтай. Зарим нь нүглийн нүдийг гурилаар хуурна гэгчээр замын цагдаа нарт хамгаалалтын малгайтай харагдах гэж элдвийг сэдэж яваа аж. Тэд сагс, воллейболын бөмбөгийг хамгаалалтын малгайны хэлбэрт оруулан хайчилж ноосон малгайдаа давхарлаж өмсчихөөд давхиж явсныг албаныхан илрүүлжээ. Тиймээс хятад мотоцикль импортлогч бизнесмэнүүдийг хамгаалалтын малгайны үнийг нь мотоциклийн үндсэн үнэд багтаан худалдах саналыг ЗЦГ дэвшүүлээд байгаа юм.

Мэдээж хамгаалалтын малгай өмсөөд бүрэн хамгаалагдана гэж байхгүй. Төр засгаас нэгдсэн бодлого хэрэгжүүлж хятад мотоциклийн импортод хязгаар тогтоох хэрэгтэй гэж үзэх иргэд ч байгаа юм. Хэдийгээр малчид хямд гэж хошуураад байгаа ч түүнтэйгээ адилхан чанаргүй эд гэдэг нь өдөр ирэх тусам батлагдаж байгааг монгол брендийн мотоцикль үйлдвэрлэгч Ганбаа гэх залуу ярьж байсан юм. Тиймээс морио мотоциклиор солиод юу дээрдэв гэдгийг бодох цаг нэгэнт болжээ. Хүн мориноос унадаг, бэртдэг, гэмтдэг. Гэхдээ ингэж олноороо дайнд хиар цохиулж байгаа юм шиг алтан амиа алддаг байсан гэж үү.

Ц.ОЮУНТУНГАЛАГ

URL:

Сэтгэгдэл бичих