АТГ-т шалгаж буй олны анхаарал татсан хэргүүд
Өчигдөр АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр дурьдагдсан олны анхаарал татсан хэргүүдийн талаарх товч мэдээллийг тоймлон хүргэж байна.
-УИХ-ын гишүүн, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч асан С.Ганбаатар болон одоогийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарыг шалгуулах хүсэлтийг үйлдвэрчний эвлэлийн салбар хорооны гишүүд Авлигатай тэмцэх газарт гаргасан. АТГ-аас хүсэлтийг хүлээн авч эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлтэй эсэхийг хянаж байгаа ажээ. Хэрэв С.Ганбаатар, Х.Амгаланбаатар нарыг хууль зөрчиж, албан тушаалаа урвуулан ашигласан гэх сэжигтэй гэж үзвэл дараах хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгах юм. Тэднийг “Үйлдвэрчин хороолол”, ”Үйлдвэрчин цамхаг” гэх үйлдвэрчний эвлэлийн гишүүдийг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж, эдгээр орон сууцыг барихын тулд МҮЭХ-ны харьяа Тээвэр үйлчилгээний төвийг хууль бусаар татан буулгаж, газрыг нь хувийн компанид шилжүүлсэн нь хууль бус үйлдэл гэж хамтрагчид нь үзэж, шалгуулах хүсэлт гаргажээ.
-УИХ-ын гишүүн асан Х.Наранхүүг Монгол-Израилийн хамтарсан “Шинэ техноложи” компанитай холбоотой гэгдэх зургаан тэрбумын хэргийг АТГ-т шалгаж эхэлсэн. Нийслэлийн прокурорын газраас энэхүү хэрэгт нэмэлт шалгалт хийх даалгавар өгсөний дагуу хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж буй аж.
-”Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Энэбиш нарын албан тушаалтнуудыг Авлигатай тэмцэх газарт шалгаж эхэлсэн байна. Тэднийг 1,6 тэрбум төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг самосвал машин, чанарын шаардлага хангахгүй дугуй зэргийг эрх мэдлээ урвуулан ашиглаж “Эрдэнэс Тавантолгой” компанид худалдан авсан хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
-Дундговь аймгийн Засаг дарга С.Сүхбаатарыг өмнө нь Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа хандивын мөнгө болох 25 сая төгрөгийг зориулалтын бусаар ашигласан буюу завшсан байж болзошгүй гэх хэрэгт сэжигтнээр татан шалгаж байгаа аж.
-Архангай аймгийн Засаг дарга асан Ё.Баатарбилэгийг өнгөрсөн тавдугаар сарын эхээр баривчилж, Зүүнхараа дахь Цагдан хорих ангид саатуулаад байгаа. Одоогоор Ё.Баатарбилэгийг цагдан хорих хугацааг сунгаж, хэргийг шалгаж байгаа аж. Харин түүнийг яг ямар хэрэгт сэжигтнээр татсан тухай мэдээллийг Авлигатай тэмцэх газрын эх сурвалжууд нууцалж байгаа юм.
-Мөн АТГ-т УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Нямдорж гишүүнийг шалгаж өгөхийг хүсч хандсан. Тус газраас УИХ-ын гишүүн О.Баасанхүүд “Хөрөнгө орлоготой асуудлыг Ёс зүйн дэд хороо хянаж шалгахаар хуульчлагдсан байдаг. Ингээд шалгаад хэрэв эрүүгийн хариулцага хүлээлгэхээр байна гэж үзвэл АТГ-т шилжүүлж шалгуулах ёстой байгаа. Тиймээс энэ асуудлыг эрх бүхий байгууллагад нь хандаж тавих нь зүйтэй” гэх хариуг өгчээ. Мөн БНСУ-ын хөнгөлөлтэй зээлийн хэрэгжилтийн талаар Үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлтэд үндэслэн УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг шалгах шаардлагатай гэж үзжээ. Тухайн хэрэг дээр Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийг сэжигтнээр тооцсоноос өөрөөр тусгайлан шалгаж байгаа зүйл байхгүй талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Я.Баяр
МОНЦАМЭ
URL: