Ерөнхий сайдын өрөөнөөс “хөөгдөж” гарсан түүx

62d2884088a66676greatЗ.Эрдэнэбат – МоАX-ны ЕЕЗ – ийн гишүүн асан, Ардчилсан Хөдөлгөөний партизан.
Одоогоос 16 жилийн тэртээ, 1997 онд одоогийн Ерөнхийлөгч Элбэгдорж Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэж байлаа. Би цаг аваад түүн дээр ороход намайг баяртай гээч нь угтаж билээ. Арга ч үгүй биз. Ерөн оны ес тачигнасан тэр нэгэн өдөр МоАX-ныхоо сонинд тавина гэж Амараагийн ( С. Амарсанаа тэр үед МоАX-ны ЕЗЗ-ийн хэвлэлийн группийг толгойлж байв) тэр үед ардчилсан холбоог “далдаас дэмжидэг” сэхээтнүүдээс цуглуулсан, бас өөрсдийн бичсэн материалыг уншиж бэлдэх подвал олчих санаатай биднийг дэмжидэг гэж дуулдсан Конторынх нь даргыг хайж өдөржин 5 дугаар хороололыг тойрч алхаж байсан хоёр билээ.

Миний муу өрөөсөн бариул нь тасарчих шахсан хүрэн цүнхэнд тэр үеийн албан ёсны хэвлэлүүдэд нийтлэх боломжгүй, тэд бүүр айж цэрвэдэг байсан нийтлэл – бичлэг олон байсан бөгөөд бидний сонин хэвлэл хэзээ гарах нь ч тодорхойгүй тийм л цаг үеийг ардаа хийсэн хоёр нөхөр уулзаж байгаа нь тэр.

Мань хүн нилээд таргалах янзтай гүзээ суучихсан харагдлаа. “Жагсаал цуглааны ажилаас ширээний ард суудаг ажилд шилжисэн тул тийм болжээ” гэж бодох зуураа заасан сандал дээр нь суувуу үгүй юу л манай хүн: – За хаагуур яваад байна хө өө, хийх, амжуулах ажил их байна, одоо юм хумаа хийхгүй юмуу гээд л шавдуухан асуулт давхцуулсаар миний өөдөөс харан суулаа. “Юм хумаа” гэдэг нь сонин сэтгүүлдээ ажиллаж байна уу, гаргаж байна уу л гэж байгаа нь илт. Намайг ажил хэрэг ярих гэж ирлээ гэж ойлгосон бололтой. Би дотроо огт өөр бодолтой түүн дээр орсон билээ.

Би түүний асуултанд : – Германд 3 жил болоод ирлээ хэмээн хариуллаа.

Манай хүн: – За тэгээд юу хийв, юу сурав? Англи хэл сурсануу? гээд л лавлав.

- Үгүй дээ, Герман хэлээр л ойр зуур ярьдаг боллоо гэлээ.

- Англи хэлгүй бол хол явахгүй шүү! гэx зуураа нилээд гонсгор болоод ирэв.

Англи хэл сураагүй шалтгаанаа би түүнд юу ч гэж тайлбарлалтай билээ. Барилга дээр 12 цаг ажиллаж яваад, бас нэг муу Тай рестораны эзэн – тогоочийн тостой шанаганы далайлт дор дальдчиж яваад, Берлиний гудамжинд Бицет – BZ (Berliner Zeitung) сонинг өглөөний 4 цагаас бага үд хүртэл машин зам дээр гүйн зарж яваад, талхны үйлдвэрийн туузан дамжлагын голд түүний нэг эд анги нь мэт, хүн – робот мэт зогсож 10 цаг “салж унатлаа” ажиллаж яваад англи хэл сурч амжисангүй ээ гэх мэт уртаас урт юм яривал ярих л байлаа. Даан ч түүнд энэ бүхнийг сонсоод суух цаг зав алга бололтой харагдав…

Гэхдээ би түүнтэй ярья гэсэн гол зүйлсээ ярьж амжисан санагдана. Курфурстен Дам (Берлин хотын нэгэн өргөн чөлөө – худалдаа үйлчилгээний том гудамж) дээр рекламны хуудсууд тарааж явахдаа гутаж гуниж, эх нутгаа санаж, элдэвийг эргэцүүлж явсаны эцэст Монголчуудын “бурхан” нь Мөнх Тэнгэр байжээ гэдгийг яс мах, цус цөсөндөө тултал ойлгосон, тэр талаараа нэг товхимол бичээд ирсэн тухайгаа, за бас юм боддог, бичдэг хүмүүсийнхээ хувьд Германы сонин сэтгүүлүүд чөлөөт байдлаараа гайхалтай тухай би жаахан ярьж байтал манай хүн миний яриаг тасaлж: – Үгүй чи ээжийгээ ор тас орхиод явчихдаг… хүн чанараар хөлийн чигчий хуруу болчихсон нөхөр юмаа?!… за тэр авгай хүүхдээс салах сарних бол чиний л хэрэг юм биз… муу ээжийгээ… гэдэг юм байна. Намайг Герман явсан хойгуур хэн нэгнээс худал хуурмаг юм сонсожээ гэдгийг түүнд бас тайлбарлаж амжив. Их л найдвартай “эх сурвалж” түүнд тэгтэл итгүүлсэн болох нь царайнаас нь илэрхий. Нэгэнт хувийн амьдралтай холбоотой асуудал яригдсан тул би энэ завшааныг ашиглаж түүнтэй ярих гэсэн гол юмаа ярилаа даа…

Тэр асуудал маань орон байрны асуудал байв…Намайг яриагаа дуусахад, Ерөнхий сайдын өрөө ёстой нөгөө ялаа ниссэн ч сонсогдохоор гэдэг шиг чив чимээгүй болоод явчихсан санагдана. Тэрээр ширээрүү биеэ эргүүлэн, жижигхэн хуруунуудаараа ширээн дээр хоёр гурав товшисноо босож сандалаа ширээ рүү шахан тавилаа. Бид хоёрын яриа дуусаж байгааг ойлгосон би ч бас дагаад бослоо.

Манай хүн надруу эгцэлж хараад: – Тийм юм байхгүй л дээ xө өө. Бүх юм дороосоо явах ёстой. Чи өөрөө үүнийг сайн мэдэж байгаа. Дээрээс цохолт хийгээд бүхнийг шийддэг явдалыг халах гэж бид хувьсгал хийгээ биздээ.?!..гэж хэлээд өөрөө түрүүлж очоод хаалга онгойлгон зогслоо. Намайг толгой гудайлган босго давах агшинд далан дээр гараа тавьж: – Харин тэр Мөнх Тэнгэрийн санаа оноо чинь их сайхан байна, тэр талаар бичсэн зүйлээ хэвлэгдэхээр надад өгөөрэй хө! гэж билээ.

Саарал ордоноос уруу царайлан гарсан тэр өдөрөөс хойш 16 жил өнгөрч. Энэ aрван зургаан жил миний хувьд 16 сар шиг л асар хурдан оджээ.

Хэрэв тэр үед Ерөнхий сайд Элбэгдорж надад “цохолт” хийж өгсөн бол миний амьдрал өнөөгийнх шигээ байхгүй л байх байсан боловуу. Ямар ч байсан би Герман руу буцахгүй, бас энд ирээд Мэдээллийн Tехнологийн мэргэжилтэй болохгүй, түүний шаргуу шаардаж байсан англи хэлийг сурахгүй л байсан байх. Хүний газар гүний нутагт олон жил яваа ч гэсэн орох оронтой, оочих аягатай, ажил мэргэжилтэй, авилгал хээл хахуулиас хол сайхан л амьдарч явна. Хувиа хичээж, хууль зөрчиж, хулгай хийж, хулхи юм ярьж, архидаж, алийгаа алдаж амьдрах амьдралаас “хөөгдөж” гарсандаа баярлаж л явдаг дaa…


URL:

Сэтгэгдэл бичих