“Богда Холдинг”-ийг өмгөөлсөн Мэргэжлийн хяналтын байцаагчдад хариуцлага тооцъё

527-1371187807middleБид гэрээ барьж чадахаа байжээ. Харийнхнаар хаалга, өрхнийхөө зүг мөрийг гаргуулдаг болсон нь өнөө цагийн барилгачдын босгож шавсан шавар тагзнуудаас бэлхэн харагдана.
Тун саяхан л энүүхэн энд хаяа дэрлэн байх Эрээний хятадуудыг монголчууд гоочилж шаахайгаа чирсэн шавар тагзны атигарууд гэгддэг байсан бол ийм нэршил өнөөдрийн манай нийгэмд тэр тусмаа барилгын салбарт хэдийнэ бий болжээ.
Шөнөдөө голдуу бүтээн байгуулалт нь явагдаж өдрийн нарнаар хаана, хэн нь харъяалж юу болоод байгаа нь мэдэгдэхгүй шахам байсаар нэг л өглөө хотхон хорооллоороо сүндэрлэсэн байхыг хараад нэг хэсэг бид дуу алдан хийж байна, чадаж байна хэмээдэг байлаа.
Гэтэл бушуу туулай борвиндоо баастай гэгчээр монголд сүндэрлэж буй барилгын чанар, стандарт гэгч зүйл газрын байтугай, хуулийн заалт, дүрэм журам, үүрэг хариуцлагаас арчигдаж зөвхөн хэн эрх мэдэл, өмч хөрөнгө, танил талтай байна вэ, түүнд хотын чухал бүсүүдэд газар шугамын уртаар биш шуналын сэдэлтэйгээр олддог болжээ.
Ийм л нэгэн зарчмаар БГД-ийн I хорооны нутаг дэвсгэрт сүндэрлэсэн “Богд-Ар”-ын асуудлыг дахин хөндөж байна. “Богда Холдинг” гэх компанийн хятад, Монгол захирлуудынх нь амнаас ийм нэгэн яриаг тус байрны СӨХ-ны дарга Б.Шүрхүү сонсчээ.
Уг нь бол тэрбээр өөрийн суудаг 7 А байрны хана, тааз, шал, шат, барилгын суурь цуурч, хагарахтай зэрэгцэн сая саяын өндөр үнэтэй байр хэр хугацааны баталгаатай байдгийг мэдэхээр “Богда Холдинг”-ийн захирал Х.Идэн-баярыг зорьжээ.
Түүн дээр очих бүртээ ам руугаа алгадуулаад буцдаг тэрбээр энэ удаа тийм үг сонсоно чинээ бодоогүй аж. Х.Идэнбаяр “Энэ ярьшигтай авгай чинь ажил хийлгэхгүй яагаад байна вэ. Ер нь гэрэл цахилгааныхаа мөнгийг ч төлж чадахгүй ядууст орон байрыг нь засаж мөнгө төгрөг зарлагадаад яадаг юм.
Шинэ байр бариулна гэж заргалдаад юм олж долоохыг нь харъя. Шинэ байрны зөрүү үнийг өгч чадахгүй юм байж. Төрийн албаныхан суудаг биш. Жирийн ядуу ард юм байж.. .”гэх утгатай үгээр элдэвлэн доромжилжээ.
Хэнбугайг ч элдвээр хэлж олон иргэдийн эдийн засаг, эрүүл мэнд, ахуй амьдралын орчин нөхцөлөөр тоглочихсон “Богда Холдинг” гэх компанийн 30 хувийг Х.Идэнбаяр, 70 хувийг нь “Чен Жиэнхуа” гэх хятад нөхөр эзэмшдэг байна. Энэ бүхэн харамсалтай нь зүгээр л өнгөн хэсгийнх нь мэдээ.
“Богда Холдинг”-той холбоотой газрын гүнд булшилчихсан гэмээр хүн итгэмгүй баримт факт нэлээд байна. Бидний хэлж заншсанаар “ТБД-Андууд” төвийн замын урд хэсгийг “Богда Холдинг”-т хэн зүслээд өгчихөв өө.
Барилгын гадна талын хананаасаа нурж сууринаасаа эхлээд цуурч хагаран айдас төрүүлэх эдгээр орон сууцууд гаднаас нь харахад л ялгарна. Бүгд нэг ижил загвартай ягаан барилгууд бараг л урагшаа төмөр замыг хүртэл үргэлжилдэг.
Гэвч хотын төвийн энэ чухал бүс нутаг Х.Идэнбаяр ноёнд балаг тарьхад багадсан бололтой. Өөрийн бүтээсэн балгас болсон орон сууцныхаа хаяа дэрлүүлэн дахин барилга барихаар ажилдаа хэдийнэ оржээ.
Мөн хүүхдийн цэцэрлэгээр хомс дүүргийнхээ сул талыг ашиглан хувийн хүүхдийн цэцэрлэг барина хэмээн даналзаж хоёр байрны голд машин бүтэн эргэх зайгүй талбайд хүүхдийн цэцэрлэгийн газрыг төлөвлөжээ. Түүний энэ хэрээс хэтэрсэн үйлдлийг зогсоох, хянах хэн ч байдаггүй нь эндээс харагдах болов уу.
Тэгэхээр Идэнбаяр гэгчийн дараагийн нүүдэл нь мөн л ядуусын хүүхдэд зориулсан цэцэрлэгийн чанаргүй барилга болж таарах нь ээ. Төрд шургалсан эрх мэдэл бүхий нэлээд тооны эрхмүүдтэй түүний энэ бохир бизнес аалзны тор мэт холбогддог гэнэ билээ.
Бид Х.Идэнбаяр гэгчийг хэн гэгч том гарууд ардаас нь удирддаг, яаж ямар аргаар хотын А бүсэд ийм хэмжээний газар авч, тэр хэсэгтээ барилгын салбарт бантан хутгасныг нь дараа дараагийнхаа сурвалжлагаар  цувралаар хүргэх болно.
Дээврээсээ эхлээд ил, далд монтаж, сантехникийн тоочоод дуусамгүй асуудалтай Богд-Ар”-т бороо битгий ороосой хэмээн оршин суугчид нь залбирч суух юм. Х.Идэнбаярын эхний луйвар нь төрд нэгэн сайхан амлалт өгсөн байдаг.
Тэр нь Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Гавъяат тамирчин З.Ойдовт байр барьж бэлэглэнэ гэсэн хоосон ам байжээ. Улс үндэстний бахархал болсон хүмүүсийн нэрээр нүүрээ таглаж байгаад хороллоо босгож чадсан “Богда Холдинг” ам гарсан бөхдөө байр өгөлгүй арай өөрөөр үйлчилсэн ноёд түшмэдүүдийг байржуулсан байх юм.
Тухайлбал, эх сурвалжийн хэлж буйгаар Мэргэжлийн хяналт, бас бус нөлөө бүхий эрх мэдэлтнүүдийн хэд хэдэн байр, гарааш энэ хороололд бий бөгөөд эзэд нь амьдардаггүй өнөөх ядууст өндөр үнээр түрээслэдэг байх юм.
Халуун хүйтэн ус, бохир, цэврийн шугам байх ёстой подваль, гараашгүй энэ хорооллын ашиглалтыг “Богд-Ар” ОСАК хариуцдаг байна. Мэдээж энэ нь “Богда Холдинг”-ийн охин компани бөгөөд мэргэжлийн боловсон хүчний нөөцгүй, цахилгааны болон сантехникийн ганц засварчинтай аж.
Дуудлага өгөөд ч тэр нь ирэдггүй ус алдвал хэдэн арваараа хохирол амсдаг гэдгийг оршин суугчид нь хэлж байна. Бас л нэгэн хачирхалтай асуудал бол Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн архиваас 2012 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр авсан 0392917 тоот тодорхойлолтоор “Богда Холдинг” болон “Богд-Асар” компаниуд нь улсын бүртгэлээс хасагдсан байх юм.
Гэтэл өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа нь хэвийн явагдаж дараа дараагийнхаа балгас барих төлөвлөгөөг боловсруулж ажлаа эхэлсэн байх юм. Мөн үүнтэй дүйцэх хэмжээний гайхаш төрүүлж байгаа асуудал нь “Богд-Ар” хорооллыг МХЕГ-аас акт гарган ашиглалтад хүлээж авахгүй гэсэн мөртлөө хаалттай хуралдаанаар байцаагчид нь гараа өргөж “онц сайн” хэмээн зөвшөөрч хүлээн авчээ.
Байцаагчид яагаад орон сууцны чанарт онц тавив
“Богд-Ар”-ыг шалгасан хүлээж авсан улсын комиссын бүрэлдэхүүнийг ахлаж МХЕГ-ын Барилга техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ш.Уранчимэг, П.Батхүү нар байсан бол гишүүнд нь МХЕГ-ын барилга техникийн улсын ахлах байцаагч М.Ням-Очир, Ж.Нэргүй, Г.Дорж, Б.Оюун-чимэг, С.Гантогоо, Л.Хашхүү, Д.Туяа, Д.Доржсүрэн, Ч.Ганболд, Л.Ганбаатар, Г.Базаргүр…гэх мэтээр цааш хөвөрнө.
Тэд үнэхээр “олуулаа” хүлээн авчээ. Хамгийн гайхмаар нь эдгээр олон нүд мэргэжлийн хэмжээнд “Богд-Ар”-ыг авч хэлэлцээгүй нь өнөөдрийн байдлаас л тодорхой байна.
Тэгэхээр хэний ямар яриа тохироогоор онц дүн тавьж иргэдийн биш эрх мэдэлтнүүдийн талд. үйлчилсэнийг тус байрны оршин суугчид асууж байна. Мэргэжлийн ёс зүйгээ уландаа гишгэж өргөсөн тангарагтаа үнэнч байж чадаагүйнх нь төлөө үүргээ биелүүлээгүй байцаагчдад хариуцлага тооцвол яасан юм бэ.
Үргэлжлэл бий…
М.Мөнхтунгалаг
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих