Хот гэдэг их айлыг гэрэлтүүлэхэд тийм хэцүү байна уу?
Нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэгч компаниуд эрчим хүчийг бусад байгууллага, иргэдэд дамжуулан хэрэглүүлж, төсвөөс илүү зардлыг авч байна. Нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлгийн зардлын гүйцэтгэлд тавих хяналт шаардлагын хэмжээнд хүрээгүйгээс эрчим хүчийг хулгайгаар хэрэглэх асуудал ихээр гарах болжээ.
Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууц болон гэр хорооллын гудамжны гэрэлтүүлгийн засвар үйлчилгээний зардлыг ЗАА-наас санхүүжүүлж, нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгийн ашиглалтын болон засварын ажлыг “Гэрэлтүүлэг чимэглэл” компани, “Цахилгаан тээвэр” компани НӨҮГ-тай тус тус гэрээ байгуулж гүйцэтгүүлдэг байсан.
“Гэрэлтүүлэг чимэглэл” компани Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх дүүргийг, “Цахилгаан тээвэр” компани Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдийн нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгийг хариуцан ажилладаг байсан. Харин одоо солигдож.
Гудамжны гэрэлтүүлгийн зардалд жилд ойролцоогоор нэг тэрбум төгрөг төсөвлөн зарцуулдаг байсныг бодоход хэр их ажил энэ салбарт өрнөдөг нь ойлгомжтой байх. Гэрэлтүүлэгтэй холбоотой багагүй асуудлууд гардаг. Шөнө нь асдаггүй гэрлүүд өдрийн цагаар асч, цахилгаанчид нь өөрсдийн ашиг сонирхолын үүднээс аливаа асуудалд хандаж ирсэн нь нууц биш.
“Гэрэлтүүлэг чимэглэл” компанийн хариуцдаг Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн гэрэлтүүлгийн гэрлийн хүчдэлийг ампер шалгадаг тусгай багажаар хэмжиж үзэхэд, Чингисийн өргөн чөлөөнд байх тээврийн газрын бүртгэлийн цэг нь нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгийн шугамаас хулгайгаар холболт хийж гэрэл болон цахилгаан халаагуур залгасан байсныг илрүүлсэн. Үүнийг эргэж тодруулахад ННТГ-ын цахилгаанчин тухайн байранд цахилгааны холболт хийсэн болох нь тогтоогдсон.
Нийслэлийн гудамжид өлгөөтэй гэрэлтэй, гэрэлгүй самбарууд байна. Хэдэн сар жилээр өлгөөтэй нь ч бий. Гэтэл зарим самбаруудын гэрэлтүүлэхэд нөгөө л “хэний ч биш” нийтийн хөрөнгөнөөс цахилгаан авч ашигладаг байж. Зарим баримт дурдъя.
“Оргил” рашаан сувиллын хойд талд байрлах гэрэлтүүлгийн самбарын цахилгааны ноль шугам дээр нь “Таван богд” компанийн Энхтайвны өргөн чөлөөнд зам хөндлөн байрлуулсан самбар, “Айрлинк” компанийн “Монцамэ” агентлагийн арын уулзварт байрлуулсан самбарт нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгийн шугамаас хууль бусаар холболт хийж эрчим хүч авсан байсныг мөн л илрүүлж. Ийм тохиолдолд “Эрчим хүчний тухай” хуулийн 37 дугаар зүйлийн 1.5 заалтыг үндэслэн холбогдох торгуулийн арга хэмжээ авдаг. “Гэрэлтүүлэг чимэглэл” компанид дотоод хяналт дутмаг байснаас ийнхүү зөрчлүүд ар араасаа цуван гарч байсан юм.
Нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлгийн чиглэлээр хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөлт, гүйцэтгэлийн явцад тавих хяналт хангалтгүй байгаагаас зарим хөрөнгө оруулалтын ажил үр дүн муутай болж байсныг хяналтын байгууллагынхан мэдэж тухай бүр мэдэгдэж байсан.
Нийслэлийн захирагчийн ажлын албаны санхүүгийн тайланд тусгагдсан гэрэлтүүлгийн ажлын гүйцэтгэлтэй холбоотой өглөг, авлагын үлдэгдэл, тооцоог түүвэрлэн үзэхэд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлуулах 25 метр өндөртэй гэрэлтүүлэг тавих 142.2 сая төгрөгийн өртөг бүхий ажлын санхүүжилтэд Баянзүрх дүүргийн “Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын сан”-гийн дансанд 29.9 сая төгрөг, “Геотранс” ХХК-д 12.8 сая төгрөг нийт 42.7 сая төгрөгийн санхүүжилтыг 2008 онд олгосон байгаа юм. Уг ажлын гүйцэтгэл нь өнөөг хүртэл дуусаагүй байгаа нь харамсалтай. Гурван жил дамнасан энэ ажил одоо ч биелэлээ олоогүй байна.
Дахин нэг баримт дурдъя. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар тус дүүргийн нутаг дэвсгэр Дарь-Эхийн автобусны шинэ, хуучин эцсийн буудалд хоёр, Улиастайн автобусны шинэ, хуучин буудалд хоёр, Хонхорт нэг, Цэргийн их сургуулийн хойт уулзварт нэг, цагдаагийн акедемийн өргөн чөлөөнд нэг, Амгалангийн тролейбусны эцсийн буудалд нэг, Шар хадны автобусны эцсийн буудалд нэг гээд нийт есөн ширхэг 25 метрийн өндөртэй гэрэлтүүлэг тавих 142.2 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг дүүрэг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хийхээр шийдвэрлэсэн байдаг.
Хамгийн хачирхалтай нь эхлээд гүйцэтгэгчийг, дараа нь гүйцэтгэгчийн ажлыг сонгон шалгаруулах үнэлгээний хороог бүр дараа нь тендер зарласан байх юм. Бүх ажил эсрэгээрээ хийгдэж. Хэн ялах нь тодорхой. Шалгарсан “Геотрасс” ХХК-тай ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулаагүй байж урьдчилсан санхүүжилт болох 42.6 сая төгрөгийг данс руу нь шилжүүлсэн байгаа юм.
Ажил гүйцэтгүүлэх гэрээ яасан гэж үү?
Хийгдсэн. Урьдчилгаа төлбөрийг дансанд шилжүүлснээс хойш 30 хоногийн дараа хийгдсэн. Харамсалтай нь одоог хүртэл уг гэрэлтүүлгийн ажил нь зураггүй, техникийн нөхцөлгүй учир улсын комисс хүлээн аваагүй, ажлын гүйцэтгэлийг газар дээр нь очиж үзэхэд зургаан гэрэлтүүлэг нь зөвхөн суурьлагдсан байж.
Үүнийг холбогдох албан тушаалтнуудаас тодруулахад “Энэ нь хууль тогтоомжийг зөрчиж байгаа бидний буруу боловч захиалагч, гүйцэтгэгч талууд бид санхүүжилтийн асуудлаар хоорондоо үл ойлголцол бий болсон. Мөн эхнээсээ газар олголт, байршил нь баталгаажаагүй, ажлын зураг, төсөв хийгдээгүй байснаас болсон” гэх тайлбарыг хийж байлаа.
Дээрх байдлаас үзэхэд тухайн ажлын гүйцэтгэгч нь нэгэнт тодорхой болж гэрээгээ байгуулахын тулд сонгон шалгаруулалтыг хэлбэр төдий хийсэн, гэрээ байгуулагдаагүй байхад урьдчилгаа санхүүжилт олгосон нь ажлын гүйцэтгэгчийг сонгох ажиллагаа нь шударга явагдахгүй байгааг харуулж байна.
Баянзүрх дүүргийн тухайн үеийн удирдлагууд 9 ширхэг 25 метрийн өндөртэй гэрэлтүүлэг тавих нийт 142.2 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг дүүрэг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хийхээр шийдвэр гаргахдаа мэргэжлийн байгууллагын гаргасан техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөвгүй, газар олголт нь шийдвэрлэгдээгүй ажлыг хийхээр шийдвэрлэж ажлын гүйцэтгэлийг зохион байгуулах, ажлыг гүйцэтгэхэд хүндрэл учруулж, ажлын чанар үр дүнд сөргөөр нөлөөлж, тухайн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх боломжгүй болж 2-3 он дамжин сунжрахад хүргэсэн.
Сайн хийсэн сайхан ажлууд байдаг л байх зүгээр. Тэгэхдээ л зарим нэг баримтаас дурдахад ийм байна. Юутай ч хотын гэрэлтүүлгийн ажил урагшласангүй. Тиймээс хотын гэрэлтүүлгийн ажлыг ийнхүү “Гэрэлтүүлэг чимэглэл”, “Цахилгаан тээвэр” компани гэсэн хоёр компани хариуцаж байсныг болиулж дүүрэг тус бүрт нь нэг нэг компанид хариуцуулан хийлгэхээр болжээ.
Хоёр ч бай зургаа ч бай хариуцсан ажлаа л сайн хийх учиртай. Түүнээс нэг байгууллага нь тендер зарласан болж нөгөөх нь орсон дүр эсгэж шалгаруулаад эцэст нь юу ч хийлгүй мөнгийг нь идчихэж болохгүй биз дээ. Шинээр ажил авсан зургаан компанид амжилт хүсье.
Г.Энхмаа
URL: