“Авзага”-ын Мэндээ хүүхдүүдийн газрыг дээрэмджээ, Үүл дарга аа

5f1491d8e8a8a12aoriginal“Авзага”-ын П.Мэндбаяр гэхээр бизнесийн хүрээнийнхэн төдийгүй ард түмний дунд ч гайгүй алдаршсан нэгэн. Арга зальтай энэ эр Улаанбаатар хотын аль өнгөтэй өөдтэй, А зэрэглэлийн бүсийн газрыг “дээрэмдсэн” сүрхий нэгэн хэмээн хаа сайгүй ярьж л байдаг. Төрж өссөн нутгаасаа УИХ-д нэр дэвшин “өвдөг шороодож” хүртэл үзсэн догь толгой гэвэл түүнийг хэлнэ.

Харин “Авзага”-ын Мэндээгийн ээлжит “дээрэмдэлт” нь VI сургуулийн газар гэдгийг бидэнд сургуулийн захиргааныхан алтан хошуу өргөсөн юм. Тиймээс хотын захирагч Э.Бат-Үүл нийслэлд хууль бус газарт баригдаж буй барилгуудыг буулгах жагсаалтыг гаргасан бөгөөд П.Мэндбаярын энэхүү барилга жагсаалтад дээгүүр байр эзэлж буй. Газрыг тодорхойлон хэлбэл, бидний нэрлэж заншсанаар Тээврийн товчооны зүүн талд буюу Сүхбаатар дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт байх VI сургуулийн урьд талд байх 15 давхар барилгын суурь юм.

Уг нь зөвшөөрөлгүй гэх энэ газрыг чөлөөлж өгөх тухай Э.Бат-Үүл даргын 2012 оны аравдугаар сарын 3-ны өдрийн тушаал гарсан байна. Тэр цагаас хойш хагас жил гаруйн нүүрийг үзэж байхад энэ газрыг чөлөөлөөгүй байгаа нь хэний ч сонирхлыг татах биз ээ. Юутай ч тэр засаг захиргаагүй том толгойтой нэгэн гэдэг нь эндээс харагдана. Үе үеийн улстөрчдийн хойно өмнө орж, мөнгө төгрөг амлаж газар салгахыг хичээж ирсэн гэх энэ эрхэм тэр л замаараа явахыг эрмэлзэж байгаагийн нэг илрэл энэ байх. Магадгүй, П.Мэндбаяр хэн нэгэнд мөнгө өгөхийг санаархаж, өнөөдрийг хүртэл энэ алдаагаа засахгүй явааг үгүйсгэх аргагүй. Ингэхэд хотын дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн газрын алба, МХЕГ-ынхан яагаад “Авзага”-ын П.Мэндбаярын энэ 15 давхар барилгын суурийг буулгуулахгүй өдий хугацаа өнгөрчихөв өө гэдэг нь ч өөрөө сонирхол татна. Тиймээс бид энэ тухай бодит мэдээллийг хүргэх зорилгоор VI сургуулийн захирал н.Алтангэрэлтэй холбогдсон юм.

Тэрээр “Энэ талаар П.Мэндбаяр захиралд удаа дараа шаардлага тавьсан. Гэтэл тэр миний хувийн өмч, та нарт хамаагүй гэсэн. “Авзага”-ынхан манай сургуулийн Биеийн тамирын талбай, Хөлбөмбөгийн талбай хоёрын үерийн ус зайлуулдаг шугам дээр барилгаа барьсан. Тиймээс өнгөрсөн долоо хоногт орсон бага зэргийн бороонд талбай усанд автаж, бөөн ажил боллоо. Тэр хавиар ямар ч явах аргагүй болж байгаа юм. Ийм бага зэргийн бороонд ингэж байгаа болохоор цаашид ямар ч арга байхгүй гэдгийг уг нь мэдмээр юм” хэмээсэн. Үүнээс үзэхэд П.Мэндбаяр захирал гарцаагүй энэ барилгынхаа суурийг буулгах учиртай. Нийслэлийн Засаг даргын захирамж гарчихсан. Нөгөө талаас сургуулийн захиргаа, оршин суугчид эсэргүүцэж, хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн байж “гүрийгээд” байгаагийн учир шалтгаан нь том ч байж мэдэх юм.

Ингэхээр шууд бус утгаараа болон том агуулгаараа П.Мэнбаяр захирал хүүхдүүдийн газраас булааж спортоор хичээллэх, тоглох эрхийг нь боомилсон байна. Энэ бол юутай ч зүйрлэшгүй том гэмт хэрэг мөн. Тэгэхээр Э.Бат-Үүл дарга П.Мэндбаяр хоёрын аль нь дийлдгийг харж л суух үлдлээ. Үнэхээр Э.Бат-Үүл дарга болон бусад албаны хүмүүс П.Мэндбаяраас мөнгө авчихаагүй л бол үүнийгээ буулгах л учиртай. Харж л сууя. Уг нь төр засаг, засаг захиргаанаас том толгойтой иргэн гэж баймааргүй л юм.

Б.Өлзийт


URL:

Сэтгэгдэл бичих