Сомалийн далайн дээрэмчид хаана байна вэ?

2013061305tНэг хэсэг хэвлэл мэдээллийн баатар болж байсан Сомалийн далайн дээрэмчид хаана байна вэ. Тэд мартагдсан ч 1200 орчим далайн дээрэмчин янз бүрийн улс орны шоронд хоригдож байна.
Хэдэн жилийн өмнө дээрэмчдэд барь­цаалагдсан хөлөг онгоц, экипажийн гишүүдийг аврахын тулд асар их мөнгө зарцуулдаг бай­сан бол одоо гэмт хэ­рэгтнүүдийг шүүхээр шийт­гэж, хорьж цагдахад их мөнгө зарцуулах бол­жээ. Энэ долоо хоногт Кениагийн шүүх Сома­лийн есөн иргэнийг 2010 оны есдүгээр сард “Magellan Star” хөлөг онгоцыг барьцаалсан хэрэгт бу­руутган тус бүрийг нь таван жил хорих ялаар шийтгэв. Тэднийг хөлөг онгоцны экипаж руу буу­ даж амь насанд нь аюул учруулсан гэж үзжээ.
“One Earth Future” сангаас саяхан гаргасан мэдээллээр, Энэтхэгийн далай дахь дээрэм, довтолгооны улмаас дэлхийн зах зээлд учирч буй хохирол өнгөрсөн онд 13 хувиар буурсан байна. 2011 онд далайн дээрэм дэлхийн эдийн засагт долоон тэрбум долларын хохирол учруулж байсан бол, 2012 онд энэ үзүүлэлт таван тэрбум 700 сая доллар болон буурчээ. Барьцаалагдсан хөлөг онгоц болон экипажийн гишүүдийг аврах зардал бүр 80 хувиар буурсан нь гайхалтай үзүүлэлт болж байна.
Гэвч Энэтхэгийн далайгаас баригдсан дээ­рэмчдийг шоронд хорих зардал жилд зургаан сая доллар болж байгаа аж. Энэ нь өнгөрсөн оныхоос 27 хувиар өссөн үзүүлэлт юм. Европт шүүхээр шийтгүүлж хоригдсон далайн дээрэмчдийн тоо нэмэгдсэнээр ийнхүү зардал нь өсчээ. 2011 онд Европ тивд 72 “Өрөөсөн нүдэт” ял сонсож, тэдэнд 3.4 сая доллар зарцуулсан бол, 2012 онд 99 дээрэмчин шийтгүүлж, 4.7 сая доллар зарцуулсан байна.
Өнөөдрийн байдлаар, дэлхий даяар 1200 орчим далайн дээрэмчин шоронд ял эдэлж байна. Тэдний 870 нь Африкт байгаа аж. Далайн дээрэмчдийг гэсгээн цээрлүүлэх арга хэмжээг хамгийн ихээр авч байгаа улс нь Сомали улсын хагас автономит муж Кениа юм. Тус мужийн нийслэл Харгейса хотын шоронд 380 далайн дээрэмчин хоригдож байна. Хөрш Пунтланд мужид мөн 300 гаруй хүн далайн дээрмийн хэргээр ял эдэлж байгаа юм. Йеменд 129, Энэтхэгт 119 далайн дээрэмчин шоронд хоригдож байна.
Далайн дээрэмчдийг шүүхээр шийтгэж эхэлсэн нь дөнгөж саяхан. Сомалийн далайн дээрэмчдийг шүүх Европ дахь анхны хурал 2010 оны тавдугаар сард Голландад болж таван сомали иргэнд тус бүрт нь таван жилийн ял оноож байжээ. Тэд 2009 оны нэгдүгээр сард Адений хоолойд Samanyulo хөлөг онгоцыг дээрэмдэх гэж байгаад баривчлагджээ.

Тэр цагаас хойш Испани, Герман, Франц, Итали, АНУ-д Сомалийн далайн дээрэмчдийг шүүх хурал болжээ. Энэ сарын эхээр АНУ-д гурван далайн дээрэмчний эсрэг шүүх хурал эхэлсэн юм. Тэд 2011 оны хоёрдугаар сард Оманы эрэг дээр ирж зогссон амралт зугаалгын “Quest” дарвуулт хөлгийг барьцаалж, АНУ-ын дөрвөн иргэний аминд хүрсэн хэрэгт бу­руутгагдаж байна. Про­куророос Ахмед Муса, Абукар Османе, Чани Абрар нарт цаазаар авах ял төлөвлөжээ.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих