Т.Билэгт АНУ-д цагаачлах хүсэлт тавьжээ
Интерполоор эрэн сурвалжилж буй НИТХ-ын дарга асан Т.Билэгт АНУ-д цагаачлах хүсэлт гаргасан тухай өнөөдөр АТГ-ын мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбат мэдээлэв. Интерполын үндэсний төвөөс уг хүсэлттэй холбогдуулан АТГ-т дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлт ирүүлсэн байна.
Түүнийг шүүхээс 2,6 жил хорих ял шийтгүүлсэн МАХН-ын дарга Н.Энхбаярын хууль бус хувьчлалын хэрэгт хамсаатан гэгдэж, Интерполоор эрэн сурвалжилж буй билээ. МАХН-ын дарга Н.Энхбаярын бусадтай бүлэглэн “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сониныг хууль бусаар хувьчилж өөрийн үүсгэн байгуулсан “Эскон” компанид шилжүүлэн завшсан хэрэгт НИТХ-ын дарга асан Т.Билэгт уг хууль бус хувьчлалд дэмжлэг үзүүлж, шийдвэр гаргах замаар оролцсон хэмээн буруутгагдаж буй юм.
Ахлах комиссар Э.Амарбат, “Саяхан Интерполоос манай байгууллагад энэ тухай мэдэгдэж, энэ хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах тухай албан бичиг ирүүлсэн. Т.Билэгтэд цагаачлах эрх олгох эсэхийг АНУ шийдвэрлэнэ. Энэ асуудал цаашид хэрхэн өрнөхийг хэлж мэдэхгүй байна” хэмээсэн юм.
Т.Билэгт нь Налайх дүүргийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны байцаагчаас ажлын гараагаа эхэлж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан юм.
Я.Баяр
МОНЦАМЭ
URL: