Ч.Гансүх нарын хэргийг Прокурорт шилжүүлэв

b6b09aef4483fe5fb248360c7cd47451_LТатварын ерөнхий газар /ТЕГ/-ын хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүх нарт холбогдох хэрэгт АТГ-аас мөрдөн байцаалт явуулж, хэд хэдэн үйлдэлд гэм буруутай болохыг нь тогтоожээ. Тиймээс түүнд холбогдох хууль бусаар хөрөнгөжсөн, мөнгө угаасан, бусдаас хээл хахууль авахыг завдсан, эрх мэдэл албан тушаалаа урвуулсан зэрэг үйлдлүүдэд яллах дүгнэлт үйлдлүүлэхээр өчигдөр Нийслэлийн прокурорын газар шилжүүлжээ.

Өмнө нь Ч.Гансүхийг Хадгаламж зээлийн хоршоодын дампуурсан гэх хэрэгт сэжигтнээр шалгуулж байсан ч хуулийнхан түүнийг гэм буруугүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож байсан билээ. Ч.Гансүх нь ҮТЕГ-ын Хяналт, шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа аж ахуйн нэгжүүдэд гэнэтийн шалгалт оруулж, торгууль тавих замаар дарамтлан авлига авдаг байсан бөгөөд түүнд мөнгө төлөхөөс татгалзсан зарим компаниудын АТГ-т гаргасан гомдлоор тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэжээ.

АТГ-ынхан Ч.Гансүх болон тэдний гэр бүлийнхний дансаар шилжсэн 16 тэрбум орчим төгрөгийг тогтоосон тухайгаа өмнө нь мэдээлж байсан. Уг хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хамсаатнуудын татвараас нуусан мөнгөний хэмжээ 18 тэрбум төгрөг болжээ. Мөн эх үүсвэр нь тодорхойгүй нэг сая ам.долларыг ч дансанд нь битүүмжилсэн байна.

Харин уг хэрэгт холбогдсон Ч.Гансүхийн хүү Г.Ганзулын нэр дээрх их хэмжээний гүйлгээг тусгаарлан шалгахаар болжээ Одоогоор Ч.Гансүхийг Төв аймгийн цагдан хорих ангид, О.Бямбасүрэн болон хүү Г.Ганзул нарыг  хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байна.

Я.Баяраа

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих