СЕХ юу хийгээд байна аа
“СЕХ-ны хуралдаанаар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар болон МЗХ-ноос ирүүлсэн хүсэлтийг хэлэлцсэн байна. Засгийн газрын тохируулагч дээрх агентлагаас СЕХ-нд ирүүлсэн албан бичигт Үүрэн холбооны оператор компаниуд (Мобиком корпорац, Жимобайл ХХК, Скайтел ХХК, Юнител групп) саналаа өгсөн сонгогч бүрт 1000 нэгжийг шагнал болгон өгөхөөс гадна үүдэн гарах зардлын асуудлыг өөрсдөө хариуцан ажиллахаар болсныг дурджээ. СЕХ хуралдаж, саналаа өгсөн сонгогчдод 1000 төгрөгийн нэгжийн урамшуулал олгохыг дэмжсэн байна” Ийм нэгэн мэдээ өчигдөр орой СЕХ-ноос ирэв.
СЕХ гэдэг байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэрт явагдаж буй бүх шатны сонгуулийг тогтсон цагт нь, маргаан будлиангүй, улс төрийн элдэв агуулгагүй, ирцийг нь бүрдүүлж, хүчин төгөлдөр явуулах үүрэг хүлээдэг, тэнд ширээ тохойлдож, цалин хүртэж суугаа хүмүүс үүний төл өө ажилладаг гэж бодсон маань эндүүрэл байж. Сонгогчдоо гар утасны нэгжээр даллаж сонгууль өгүүлэх дээрээ тулсан юм бол СЕХ-ны хэрэг юу байгаа юм бэ? Мобиком, Жи-мобайл, Скайтел, Юнител дөрөв л зохион байгуулаг л дээ. Энэ хөгийн аргыг дэлхийд анх удаа сэдсэн сонгуулийн байгууллагаар манай СЕХ тодрох шиг боллоо. Гар утасгүйд нь юу өгөх юм бол? Иргэдээ ялгаварлаж болохгүй тул 1000 төгрөг бэлнээр өгөхөөс өөр аргагүй.
Нэгж хэрэглэдэггүй, дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдийг яах болж байна? Энэ мэтийн олон асуудал үүсэх бололтой. Үндсэндээ нэг намын төлөөллөөс бүрдсэн бүрэлдэхүүнтэй СЕХ-ны энэ шийдвэрийн араас улс төрийн өнгө аяс илэрхий үнэртэж буйг нуугаад хэрэггүй байх. Нэгжээр даллахын цаана залуусыг олноор оролцуулах, Улаанбаатар хотынхныг урвуулах арга ядсан арга байгаа бололтой. Тэр нь хэнд ил үү ашигтайг хэлэх хэрэггүй биз. Төрийн нэрийн өмнөөс төрийн сонгууль явуулдаг байгууллага ийм улаан цагаандаа гарсан хөгийн арга сэдэж, улстөржиж байгаа нь хэтэрхий харамсалтай хэрэг биш гэж үү? СЕХ маань арай улс төрийн байгууллага болчихсон юм биш биз?
URL: