“Рио Тинто” компани никель, зэсийн төслөө зарлаа

zeseeАНУ-ын Мичиган мужид “Рио Тинто” компани зэс болон никелийн “Eagle” төслийг эзэмшдэг. Уг төслөө 325 сая ам.доллараар Английн Лондонд төвтэй “Lundin” корпорацид худалдаж байгаагаа зарлалаа.

Энэхүү төслийн бүтээн байгуулалтын ажил гурван жилийн өмнө эхэлсэн бөгөөд 55 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэнэ.

Энэхүү төслөөс 300 сая паунд никель, 250 сая паунд зэс олборлох боломжтой юм байна. “Рио Тинто” компани уг ордыг 2002 онд илрүүлсэн бөгөөд 2014 оны сүүлийн улиралд бүтээгдэхүүнээ гаргаж эхэлнэ гэж төлөвлөж байжээ “Eagle” төслийн талаар “Lundin” корпорацийн Ерөнхийлөгч Пол Конибеар “Энэхүү төслийн борлуулалтыг эхлүүлэх хүртэл 400 сая ам.долларын зардал гарах төлөвтэй байна. Бид эрсдэл багатай оронд үйл ажиллагаагаа явуулах сонирхолтой байгаа” гэжээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн “Рио Тинто” компани Австрали болон Шинэ Зеландад эзэмшдэг хөнгөн цагааны төслүүдээ худалдахаар ярьж эхэлсэн билээ. Түүнчлэн 2012 оны эхнээс алмаазны төслүүдээс хөрөнгө оруулалтаа татаж, эзэмшлээ зарж эхэлсэн байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Өмнөд Африкийн Палаборагийн зэсийн уурхайгаа хятадуудад зарсан юм. Түүнчлэн Хятадын “Shenhua” групп тус компанийн Австралийн нүүрсний ордыг гурван тэрбум ам.доллараар худалдаж авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Э.Хулан

Эх сурвалж:mongolianminingjournal.com


URL:

Сэтгэгдэл бичих