МИАТ бол авлигын мөсөн орой
” Ерөнхий сайдын 30 минут” тав дахь удаагийн нээлттэй ярилцлага өчигдөр боллоо. Шинэчлэлийн Засгийн газраас өнгөрч буй долоо хоногт хийсэн гол гол ажлууд болох шатахууны үнийг орон даяар 50 төгрөгөөр хямдруулсан, орон сууцны урт хугацаатай зээлийн хөтөлбөрөө эцэслэж, эхлэх хугацааг товлосон, Хөшгийн хөндийд барих шинэ онгоцны буудлын барилгын ажлыг гараанаас хөдөлгөсөн, “Гудамж” төслийн хүрээнд шинэчилсэн уулзваруудаа ашиглалтад оруулж байна зэргээ Ерөнхий сайд танилцуулсан.
Үүний дараа сэтгvvлчид цаг үеийн асуудлаар Ерөнхий сайд Н.Алтанхуягаас дараах асуултад хариулт авлаа.
-Арилжааны банкууд зээлийн талаар тодорхой чиглэлгүй явж байна. Мэдэгдэл төдий мэдээлэлтэй сууж байна. Тэгэхээр даваа гаргаас эхлэн зээл олгож амжих уу?
-Боломжтой. Монголбанктай ярьснаар бол даваа гаригаас зээл олгож болно. Нэг зүйлийг хэлэхэд ингэж зээл олгоно гэдэг амар ажил биш л дээ. Хийдэг байсан бол бүгд л хийх ёстой байсан. Найм, есөн сарын хөдөлмөрийн үр дүнд инфляци буюу үнийн өсөлтийг багасгаж байж нэг оронтой тоонд оруулсан. Цаашдаа ч гэсэн инфляциа барьж, ажиллавал зээлийн ирээдүй сайн байна. Тийм учраас Монголбанк арилжааны банкуудтай гэрээ байгуулна. Мэдээж бүх банкаар зээл олгохгүй. Шаардлага хангасан хэдэн банк л байна.
-Монголбанкны зүгээс 5.5-7 хувийн хүүтэй зээлийг арилжааны банкуудад олгох замаар барилгын компаниудад хямд хүүтэй зээл өгч байна гэж мэдэгдэж байсан. Гэвч арилжааны банкууд энэ зээлийн хүүг нэмэгдүүлж хоёр оронтой тоонд шилжүүлснээс орон сууцны үнэ одоогийнхоос өсөх хандлагатай байна гэж Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч ярьж байна. Үүнд зохицуулалт хийх боломж бий юу?
-Монголбанктай ярьж байгаад барилгын компаниудад 380 орчим тэрбум төгрөгийн зээл олгосон. Ийм дэмжлэгийг барилгын компаниудад олгохгүй болохоор барилга босохгүй байна. Яагаад гэвэл иргэд орон сууцны зээл аваад урьдчилгаагаа барилгын компанид өгөөд түүгээр нь барилга босно гэхээр босох ч үгүй байна. Тийм учраас 60 гаруй компани дээрх 380 тэрбум төгрөгөөс зээл аваад дутуу барьсан барилгаа гүйцээгээд явж байгаа. Орон нутагт барилга барьж байгаа компанид 5.5 хувийн, нийслэлд долоон хувь гэж тооцдог. Тэгэхдээ энэ бол Монголбанкнаас гарч байгаа зээлийн хүү, үүн дээрээ арилжааны банкууд үйл ажиллагааны зардлаа нэмээд цаад барилгын компанидаа зээл олгоно. Ер нь өнөөдөр зээлийн хүү хэд байгаа билээ. Арилжааны шугамаар зээл авахад сарын хүү нь 1.5-1.2 хувь. Хамгийн багаар нь тооцоход жилийн зээлийн хүү 24 хувь болно. Тэгэхээр төв банкнаас гарч байгаа зээл арав дотор орж ирэх нь компаниудад маш том боломж. Зарим тохиолдолд яагаад 10 хувь давчихаж байна вэ гэхээр тухайн арилжааны банк “Зээл авах чадамж ямар байна, өмнө зээл авч байсан уу, буцаагаад төлж байсан уу” гээд олон шалгуураас хамаараад нэг ёсны тухайн компанийнхаа найдвартай байдлаасаа хамаараад хэлбэлзэх тохиолдол бий.
-Оюутолгойн анхны зэсийн баяжмалыг маргааш гаргана гэсэн ч хойшилчихлоо. Ямар шалтгаан байгаа вэ?
-Энэ сарын 21-нд анхны баяжмалаа гаргах санал тавьсан. Хойшлуулсан шалтгаан нь ноцтой зүйл гэж бодохгүй байна. Бидний зүгээс ч Оюутолгой компанийн удирдлагуудтай уулзах, зарим зүйлийг ярилцах хэрэг байгаа.
-Шинэ төмөр замын асуудал юу болж байгаа вэ. Хєрєнгє мөнгө нь шийдэгдсэн үү?
-Шинэ төмөр замд бондын мөнгөөс 200 сая ам.доллар хуваарилсан. Хэрвээ Оюутолгойн зэсийн баяжмалыг маргааш авах байсан бол бид зүгээр тэр хол явж байснаас наашаа ирэхдээ Тавантолгой дээр бууж, төмөр замын далангийн ажил хэрхэн явж байгааг үзүүлье гэж бодсон. Далангийн ажил ид явж байгаа. Мөн тэнд Тавантолгойн цахилгаан станцын шав тавина. Тэгэхээр ирэх долоо хоногт энэ гурван ажлыг бид хийнэ.
-Сүүлийн үед Засгийн газрын явуулж байгаа үйл ажиллагаа сонгууль руу нэлээд чиглэсэн байдалтай байна гэсэн шүүмжлэл газар аваад байгаа. Үүнд тайлбар өгөөч.
-Бид богино хугацаанд ч гэсэн багагүй ажил хийлээ. Үр дүн нь эхнээсээ харагдаж байна. Ажлаа танилцуулах нь Засгийн газрын үүрэг. Тиймээс бид хийж байгаа зүйлээ олон нийтэд хүргэнэ. Тууз хайчилдаг газар нь хайчилна. Ухдаг газар нь ухна. Эцэслэгдсэн ажлаа хүлээж авна. Үүнийгээ бол сонгууль болж байна уу, эс болж байна уу гэдгээс хамаарахгүйгээр хийнэ. Засгийн газар өөрөө ийм субъект шүү дээ. Манай намын нэр дэвшигч өнгөтэй яваа. Өнгөрсөн дөрвөн жилд олон сайн ажлуудыг эхэлсэн. Тийм ч учраас цаашдаа төрийг тогтвортой байлгахын тулд Ц.Элбэгдорж сонгогдож, бидэнтэй хамт цааш ажлаа үргэлжлүүлэх учиртай юм.
-Албан тушаалтнуудтай холбоотой авлига, их хэмжээний хөрөнгө мөнгө идсэн уусан хэрэг илэрч, зарим хэрэгт холбогдогсод нь захаасаа шийтгэлээ хүлээж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Баярцогтыг чөлөөлж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэнг ажлаас нь чөлөөлөх ёстой гэж байр сууриа илэрхийлсэн байдаг. Та ямар байр суурьтай байна вэ?
-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш авлига хээл хахууль Монголын нийгэмд яаж ялзартлаа бугшсан бэ гэдгийг харлаа ш дээ. Татварын нэг байцаагч 17 тэрбум төгрөг аваад идчихэж байна, Энэ бол ердөө мөсөн уулын орой. МИАТ гэдэг чинь бас мөсөн уулын орой. С.Баярцогт гишүүний асуудлыг Ардчилсан намын бүлэг дээр яриад УИХ-ын дэд даргын албаа өгнө гэсэн. Ёс зүйн хувьд хийх ёстой алхам гэсэн. Г.Дэнзэнгийн хувьд тайлбараа хийсэн, хангалтгүй байна гэж үзсэн учраас өнөөдөр ажлаа өгсөн.
Эх сурвалж:Нийслэл таймс
URL: