Ёкозүна Хакүхо профессор боллоо

527-1354880657даваажаргалМ.Сугараа

Японы Такүшёку их сургууль мэргэжлийн сүмогийн ёкозүна Хакүхог өөрийн зочин профессороор томилон ажиллуулах болсноо энэ сарын 11-нд зарлалаа. Хүндэт профессор цолын ёслолын үеэр Хакүхо болон тус сургуулийн захиргаанаас “Хакүхогийн хүч чадлыг судлах нь” төсөл хэрэгжүүлэх болсноо мэдэгдэв. Нэг жил 10 сарын хугацаанд хэрэгжих энэхүү төслөөр Такүшёку их сургуулийн судалгааны баг хоол унд, хэл шинжлэл, биеийн тамир, боловсрол гэсэн дөрвөн төрлөөр ёкозүнаг бүрэн шинжлэх аж. Мөн Хакүхо тус сургуулийн “Дэлхий дахин дахь Япон” сэдэвт лекцийг даан авч, жилд 3-4 удаа лекц унших юм. Хакүхо “Багш хүний нэрийг өндөрт өргөн, сонирхолтой сайхан лекц уншиж байх болно. Оюутан залууст мөрөөдөлтэй байхын чухлын талаар ярих болно. Миний мөрөөдөл бол сүмо олимпийн төрөлд ороод багийн тэмцээний үзүүр түрүүнд Монгол Японы баг таарч барилдахыг харах явдал” гэж ярьжээ. Их аварга Хакүхо өнгөрсөн жил тус сургуулийн эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн багийн хүндэт дасгалжуулагчаар сонгогдсон билээ.

Хакүхо Төв аймгийн наадамд барилдана

Удахгүй бид мэргэжлийн сүмогийн их аваргыг үндэсний бөхийн наадамд хэрхэн барилдахыг харж магадгүй боллоо. Их аварга Хакүхо энэ сарын 11-нд монгол үндэсний бөхийн наадамд зодоглох бодолтой байгаагаа ярьж, сэтгүүлчдийг гайхширууллаа. Тэрбээр “Аавын маань төрсөн нутаг Төв аймгийн наадам долдугаар сарын 26-27-нд болох гэж байгаа. Нагоя башёо өндөрлөх долдугаар сарын 22-нд Монгол харьж, бэлтгэл хийгээд барилдах бодолтой байна. Сая Монголд хариад монгол бөхчүүлтэй барилдсан чинь сайхан санагдсан. Үндэсний бөхийн дархан аваргын хүү болохоор монгол бөхөө барилдах сан гэж үргэлж бодож явдаг. Анх Төв аймгийн наадамд хүндэт зочноо уригдсан ч барилдмаар байна гэдгээ хэлсэн байгаа. 25 удаа түрүүлсэн ёкозүна ялагдах нь эвгүй ч гэсэн үзээд алдахад яах вэ дээ” гэж ярьсан байна.

Гэхдээ мэдээж наадамд барилдах болбол Сүмогийн холбооноос зөвшөөрөл авахгүй бол болохгүй. Сүмогийн холбооны ерөнхийлөгч Китаноүми энэ талаар “Монгол бөхийн тэмцээнд оролцоход ямар нэг асуудал байхгүй. Ёкозүна өөр төрлийн спортын тэмцээнд оролцож болохгүй гэсэн дүрэм үгүй. Харин гэмтэл бэртэл авчихгүй байгаа даа гэж санаа зовж байна” гэж ярьсан нь Хакүхог Төв аймгийн наадамд барилдахыг бараг зөвшөөрлөө гэсэн үг юм. Харин Сүмогийн холбооны хэвлэл мэдээлэл хариуцсан ояката Хаккакү “Одоохондоо мэдээлэл аваагүй байгаа болохоор энэ талаар ярьих юм алга. Мэргэжлийн сүмогийн ёкозүна хүн нэг аймгийн наадамд очоод ялагдвал сүомгийн нэр хүндэд муу. Тэгээд гэмтэл авчихвал яах болж байна” гэж ярьсан байна. Урьд өмнө мэргэжлийн сүмогийн ёкозүна өөр спортын тэмцээнд орж байсан түүх байхгүй юм.

Кисэносато Ард түмний хайртай бөх

Японы “Никкан спорт” сонины газраас “Таны дуртай сүмо бөх хэн бэ” санал асуулгыг тавдугаар сарын 26-наас зургадугаар сарын 6 хүртэл уншигчдынхаа дунд явуулсан байна. Нийт 2303 санал ирснээс Нарүто дэвжээний озэки Кисэносато 298 санал авч түрүүлэн, өнгөрсөн жилийн амжилтаа бататгалаа. Түүний дараа нэг дэвжээний анд Ваканосато нь 237 саналаар орсон бол гуравдугаар байрт Миёогирюү 211 саналтай шалгаржээ. Өнгөрсөн жил хоёрдугаар байрт орж байсан их аварга Хакүхо энэ удаад 144 оноотой тавдугаар байрт, озэки Какүрюү 145 саналаар 4-т, ёкозүна Харүмафүжи  108 саналаар 7-д оржээ. Кисэносато ийнхүү өрсөлдөгчдөөсөө хол тасархай түрүүлснийг мэргэжилтнүүд япон ёкозүнатай болох гэсэн ард түмний хүслийн илрэл гэж үзэж байна. Манай бусад бөхчүүлээс Кёкүтэнхо 56, Токитэнкү 28 санал авжээ.


URL:

Сэтгэгдэл бичих