Тэрслүү үг 10 буюу Бодлого үгүйлэгдсэн монголчууд

tersluu-ugs-copy-300x200Аливаа зүйлийг хийж хэрэгжүүлэхийн тулд бодлого хэрэгтэй. Энэ талаар монголчууд эртнээс чухалчилж, “долоо хэмжиж нэг удаа огтол” гэж хэлсэн байдаг. Харин өдгөө “нэг хэмжиж, нэг огтлоод” байх шиг. Долоо хэмжээгүй мужаан материалаа наадахын үлгэр болоод байх шиг.

Бодлого бодох нь нэлээд төвөгтэй гэдгийг бид ахлах ангийн математикийн хичээлээсээ төсөөлж болно. “Сууна, судлана, томёолно, үндэслэгээ гаргана, мөрдлөгөөнд хүрнэ, өгөгдөхүүнийг олно, үр дүнг нь тооцно” гэх зэрэг нь бодлого бодохын энгийн шалгуурууд. Хэдэн цаг сууж байж ганц бодлого зөв бодох явдал амьдралд зөндөө тохиолдоно. Бодлогийг зөв бодох нь хамгийн чухал болохоос хурдан түргэн бодох нь чухал биш. Тиймээс аливаа бодлогийг бусдад таалагдах гэж боддоггүй, харин мөн чанарыг нь таних гэж, гарч болох үр дүнд зөв томъёолох гэж боддог байлтай.

Тэгвэл улс төрийн аливаа бодлого заавал олон нийтэд таалагдах албагүй, харин үр дүн нь олон нийтэд эерэгээр тусаж байх ёстой. Манай улсын хувьд улс орны бодлогод “нэг л асуудал” байх шиг. Байгалийн баялагаа хэрхэн улс орондоо ашигтайгаар зохицуулах вэ, иргэдийг хэрхэн ажил орлоготой болгох вэ, улс орны эдийн засагт хэрэгтэй үйлдвэрийг хэрхэн барих вэ, үндэсний дархлаа, оюуны соёлыг хэрхэн баталгаажуулах вэ гэх зэрэг асуудлууд бол бодлого шаардсан зүйл. Ажиглаад байхнээ сүүлийн хагас жил шахуу “батаар” гэдэг хэдэн зуун сая жилийн өмнө мөхсөн Транозаврын араг ясаар соёлын яам нь соёлын бодлогоо “тодорхойлох” гээд байгаа ч юм шиг. Батаарын яс эх орондоо ирэх нь чухал байх л даа. Гэтэл одоо ч хилээр энэ мэт түүхийн олдворууд олноороо хууль бусаар хилээр гарч байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Тэгэхлээр “батаар”-ыг олж авчирсан бодлогоос дутуугүй дахин батаарын мэт яснууд хил гаалиар хууль бусаар нэвтрэхгүй байх бодлого хэрэгтэй байгаа юм. Соёлын яам Батаарын араг яснаас илүүтэйгээр  үндэсний биет болон биет бус соёл, уламжлалаа хадгалах хамгаалах, сэргээх чиглэлд бодлого явуулах ёстойсон. Энэ мэтээр бодлого үгүйлэгдэж байгаа газрыг тооцоод баршгүй. Засаг төрч бодлого ярихаасаа өмнө иргэдэд тулгарч байгаа асуудал юу байгааг сонсон, тэдэнд таалагдах гэж тухайн асуудлыг л шийддэг болоо юу даа гэмээр. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ Засгийн утас болох 1111 утсанд иргэдийн ирүүлсэн “санал бол бидний ажлын чиг баримжаа” шахуу юм ярина билээ. Хэзээнээс нааш монгол төр өөрийн гэсэн алс хэтийн бодлого боловсруулж, хэрэгжүүлж ирсэн болохоос биш, ард түмэн нэрийн дор уурласан, дэмжсэн хэдэн хүний утсаар ярьсан саналд тулгуурлан төрийн ажлыг явуулж ирсэн уламжлал байхгүй л байлтай.

Монголчууд бидний хувьд удахгүй Ерөнхийлөгчийн сонгуулиа өгч Монгол улсын 5 дахь Ерөнхийлөгчөө сонсох хариуцлагатай цаг үед тулж ирлээ. Яг одоо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа ид явагдаж байна. Үндсэн хуулинд заасны дагуу Монгол улсын ерөнхийлөгчийн эрх үүрэг тодорхой. Гэхдээ тэрээр төрийн бодлогод нөлөө үзүүлж чадах эрх бүхий субьект. Тиймээс ерөнхийлөгч болох хүн бодлого тодорхойлж чаддаг, бодлого ярьдаг, бодлогийн асуудлаа мөрийн хөтөлбөртөө тусгасан, туршлагатай нэгэн  байх учиртай. Цааш үргэлжлүүлэн бичихийг хүссэн ч энд хүрээд зогсоё. Ерөнхийлөгчид нэр дэвшигч гурван нэр дэвшигчийн аль нь илүү бодлого ярьж байгаа, магадгүй Ерөнхийлөгч болсон хойно бодлогийн асуудлыг хэн нь илүү хэрэгжүүлж чадахыг сонсогч та өөрөө анзаарч байгаа биз ээ.

Бидэнд улс орноо хөгжүүлэх бодлого үгүйлэгдэж байна, бодлогийг хэрэгжүүлэх Ерөнхийлөгч дутагдалтай байна

Ц.Мөнх

Ugluu logo


URL:

Сэтгэгдэл бичих