Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, хяналтын тогтолцоог шинэчиллээ

 ce885f42be279d5big
          -Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн танилцуулга-

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурал 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хэлэлцэн баталлаа. Энэхүү хуулийн ач холбогдол нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа болон хяналтын тогтолцоогоо сайжруулах, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцид дотоодын хууль тогтоомжоо нийцүүлэхэд оршино.

Уг хуулиар дараах үндсэн асуудлыг зохицуулсан болно. Үүнд:

1/ “Мөнгө угаах” гэсэн нэр томьёог олон улсад хэрэглэгддэг нийтлэг агуулгаар өөрчлөн тодорхойлсон бөгөөд илтэд хууль бусаар олсон хөрөнгийг мэдсээр байж авсан, хувиргасан, шилжүүлсэн, эсхүл хууль ёсны байдалтай болгохын тулд эх үүсвэрийг нь халхавчилсан, нуун далдалсан, өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг шилжүүлсэн, бодит шинж чанар, хэлбэр, байршлыг нь өөрчлөхийг ойлгохоор тусгасан.

2/ Монголбанкны дэргэд Санхүүгийн мэдээллийн алба ажиллах бөгөөд энэ нь мөнгө угаах, терроризмыг санхүүлэхтэй тэмцэх зорилгоор холбогдох мэдээллийн сан бүрдүүлж, мэдээллийг үнэлж, шаардлагатай тохиолдолд шалгуулахаар эрх бүхий хууль сахиулах байгууллагад шилжүүлэх үндсэн чиг үүрэгтэй байна.

3/ Дараах байгууллага, албан тушаалтан сэжигтэй гүйлгээний талаар Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэл өгөх үүрэгтэй байхаар хуульд тусгасан:

1.банк;
2.банк бус санхүүгийн байгууллага;

3.даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогч;

4.хөрөнгө оруулалтын сан;

5.үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага;

6.хадгаламж, зээлийн хоршоо;

7.үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллага;

8.нотариатч.

4/ Мэдээлэл өгөх үүрэг бүхий дээрх байгууллага, албан тушаалтан харилцагчтайгаа санхүүгийн харилцаа үүсгэх, шинээр 20 хүртэл сая төгрөгийн гүйлгээ хийх, эсхүл 24 цагийн дотор гүйлгээ тус бүрийн үнийн дүн нь 20 сая төгрөг хүрэхгүй боловч нийт дүнгээрээ 20 сая төгрөгтэй дүйцэх хэмжээний хэд хэдэн гүйлгээ хийх, түүнчлэн гүйлгээг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой гэж сэжиглэх, харилцагчийн талаар өмнө авсан мэдээллийг тодруулах зэрэг тохиолдолд харилцагчаас доорх мэдээллийг заавал гаргуулж авна:

-иргэн бол түүний овог, нэр, төрсөн огноо, иргэний үнэмлэх, эсхүл гадаад паспортны хуулбар;

-хуулийн этгээд бол түүний нэр, хаяг, улсын бүртгэлийн болон татвар төлөгчийн дугаар, харилцах утасны дугаар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар , удирдлага, эцсийн өмчлөгчийн талаар танилцуулга, мэдээлэл;

-банк, санхүүгийн байгууллагын хоорондын шилжүүлэгч, хүлээн авагчийн овог нэр, регистрийн дугаар, оршин суугаа хаяг, утасны дугаар.

5/ Түүнчлэн мэдээлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтан дараах гүйлгээг тусгайлан хянаж, холбогдох материалыг хадгална:

1. огцом өөрчлөгдсөн их дүнтэй;

2. эдийн засаг, хууль зүйн илт үндэслэлгүй;

3. улс төрд нөлөө бүхий этгээдийн нэр дээр хийсэн;

4. мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хяналтын тогтолцоо муутай улсаар дамжуулан хийсэн.

6/ Мэдээлэл үүрэгтэй байгууллагууд 20 сая төгрөг, түүнээс дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөний болон гадаад төлбөр тооцооны гүйлгээний тухай мэдээллийг ажлын 5 өдрийн дотор, түүнчлэн аливаа гүйлгээ, гүйлгээ хийх оролдлого нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого, эсхүл мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой гэж үзвэл 24 цагийн дотор Санхүүгийн мэдээллийн албанд мэдэгдэхээр хууль заасан.

7/ Санхүүгийн мэдээллийн алба сэжигтэй гүйлгээний талаарх мэдээллийг хянаад, шаардлагатай гэж үзвэл, тухайн гүйлгээг ажлын 3 хүртэл өдрийн хугацаагаар түдгэлзүүлж болох бөгөөд уг хугацааг цааш сунгах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

8/ Санхүүгийн мэдээллийн алба нь сэжигтэй гүйлгээний мэдээллийг хянаад, шаардлагатай гэж үзвэл эрх бүхий хууль сахиулах байгууллагад уг мэдээллийг шалгуулахаар хүргүүлнэ. Эрх бүхий хууль сахиулах байгууллага холбогдох хуульд заасны дагуу тухайн мэдээллийг шалгаж шийдвэрлэнэ.

9/ Санхүүгийн мэдээллийн алба, түүний ажилтанд чиг үүргийнхээ хүрээнд олж авсан мэдээллийн нууцыг задруулахыг хориглох ба хэрвээ задруулсан бол холбогдох хуульд заасан хариуцлагыг хүлээлгэнэ. Санхүүгийн мэдээллийн албаны цуглуулсан мэдээллийн санг зөвхөн мөнгө угаах болон террризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зорилгоор Санхүүгийн мэдээллийн алба, шаардлагатай бол эрх бүхий хууль сахиулах байгууллага ашиглана. Уг мэдээллийн санг ашиглах, танилцах журмыг Хууль зүйн сайд болон Монголбанкны Ерөнхийлөгч хамтран батална.

10/ Түүнчлэн Монгол Улсын хилээр 15 саяас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгийг оруулах, гаргах болон энэ тухай гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэхээр хуульд заасан. Уг мэдүүлгийг гаалийн байгууллага нэгтгэж сар бүр холбогдох журмын дагуу Санхүүгийн мэдээллийн албанд хүргүүлнэ.

11/ Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээд холбогдох хууль заасан хариуцлагыг хүлээнэ.
Энэхүү хуультай холбогдуулан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай , Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Терроризмтэй тэмцэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан болно.


                         Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх Ч.Ариунхур
Эх сурвалж: http://open.parliament.mn

URL:

Сэтгэгдэл бичих