Экс тагнуулч дэлхийн хаана ч байж магадгүй

-АНУ-ЫН ТАГНУУЛЫН ТӨВ ГАЗАР УДАХГҮЙ ЭДВАРДЫН ТОЛГОЙГ ӨНДӨР ҮНЭЛНЭ-

 

АНУ-ын Засгийн газрын “CIA буюу Тагнуулын төв газар”-ын тусгай ажилтан, тагнуулч Эдвард Сновден нэгдүгээр зэрэглэлийн нууцлалтай мэдээ мэдээллийг дэл­хийн зарим агентлагуудад өгдөг байсан талаар өмнө нь мэдээлж байсан. Одоогоор түүний байгаа газар ч тодорхой бус болсон. АНУ-ын тагнуулчид түүнийг эрэн сур­вал­жилж байна. Магадгүй маш чухал мэдээлэл, нууцыг задлахгүйн тулд америкчууд сандралдаж эхэлсэн нь тэр. Улсын Тагнуулын төв газарт бүхий л зэрэглэлийн нууцыг мэддэг байсан тагнуулч эр нэг л өдөр “Би эх орноосоо урвах талаар санаа зовохгүй байна. Зүгээр л буруу үйлдэл хийж байгаа америкчуу­дын үнэнийг дэлхийд дэлгэх гэсэн юм” хэмээн нууц мэдээлэл задруулдаг байсан үйлдлээ тайлбарласан.

Амь нас нь аюулд ороод байгаа түүнийг хаана байгааг хэн ч мэдэхгүй. Цахим ертөнцөөр түүний талаарх мэдээлэл хаа сайгүй байна. Яагаад ийм үйлдэл хийх болсон, юу түүнийг ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн, түүний тарааж байсан нууцлал бүхий мэдээлэл зарим үн­дэстнийг аварч чадах уу, ноцтой баримт алдсан эрх баригчид түүнийг барихын тулд юу хийж чадах вэ, хэн түүнийг хамгаалах бол гэх мэт олон асуултууд дэлхий нийтийн эргэн тойронд хөвөрч байна. Уржигдар түүний цагаачлалын талаар асуудал хөндөгдсөн. ОХУ, Исланд, Их Британи зэрэг орнууд түүнд цагаачлал олгоход асуудалгүй талаар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн.

Хамгийн сүүлд түүний байршлыг тогтоохын тулд АНУ-ын зүгээс БНХАУ-аас тусламж хүссэн юм. Энэ талаар эх сурвалжууд янз бүрийн тайлбар хийсээр байна. ОХУ-ын “Риа Новости” агентлаг “Нутаг дэвсгэрт нь байгаа чухал тагнуулчийг хятадууд юу гэж л зүгээр хилээрээ нэвтрүүлээд гар­гачихав гэж. Эсвэл АНУ руу чиг­лэсэн цахим халдлагад Эдвард Снов­ден тусалсан байх магадлалтай. Тиймээс түүнийг америкчуудаас хамгаалж байж мэднэ” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Энэ нь хоёр улсын дунд бас нэг асуудал үүсгэх эхлэл болж байж ч мэдэх юм.

АНУ-ын “Verizon” компани гур­ван сарын турш Тагнуулын төв газарт үйлчлүүлэгч нарын утасны яриаг чагнах боломж олгож байсан бөгөөд үүнийг Эдвард Сновден “Буруу үйлдэл шүү дээ. Бид ингэж болохгүй” хэмээн “Guardian” сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн бай­на. Энэ бол нэг талын өнцөг. Нөгөө талаас АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жэймс Клиппер “Түүний хийсэн үйлдэл маш буруу. Дахин хэлэхэд, энэ бол АНУ-ын үндэсний аюулгүй байдалтай холбоотой хэрэг. Хувь хүний үзэл бодол ч гэсэн эх орныхоо аюулгүй байдлыг бодолцох учиртай” гэсэн. Энэ нь цаад утгаараа Эдвардаас бо-ловсон маягаар гуйж байгаа явдал  гэдгийг хэвлэлийнхэн онцолсон.

 

 

Хэвлэл мэдээлэл ямар өндөр төвшинд хөгжсөнийг давхар харуулж байна. Дэлхийн томоохон агентлагууд эх сурвалжуудаа хэр­хэн хамгаалдаг, яаж нууцалж байж энэ бүх асуудал дагуулсан мэдээллийг авч байгаад учир бий. Их Британийн цахим ертөнцөөр “АНУ-ын Тагнуулын төв газрынхан хөл толгой нь мэдэгдэхгүй бүх нууцлалаа өөрчилсөн болов уу” гэдгийг онцлоод хэвлэлийн эрх чөлөө ямар хүчтэйг эрх баригчдад дахин сануулжээ.

Хонконг руу нисэхээсээ өмнө Эдвард Сновден өөрийн найз охины хамт Хавайн арал дээр амьдардаг байжээ. Өдгөө 29 настай тэрбээр Форт Меадед байрлах Үндэсний аюулгүй албанд өөрийн ажил үүргээ  гүйцэтгэдэг байсан аж. Хамгийн анх 2003 онд тэрбээр АНУ-ын армид элсэж, цахим ертөнц, цахим сүлжээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн байна. Улмаар Тагнуулын төв газрын IТ инженерээр багагүй хугацаанд ажилласан юм. Энэ нь түүнийг АНУ-ын нууцлалын зэрэгт тусгай салбарт ажиллах боломжийг олгосон аж.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар 2009 оноос хойш сарын 122 мянган ам.долларын цалинтай ажиллаж эхэлсэн бөгөөд найз охинтойгоо Хавайд шилжсэнийхээ дараа амьдралын тун хачин хэв маягт орсон бололтой. Хөршүүд нь “Залуу хосууд энд нүүж ирснээсээ л хойш өдөр ч, шөнө ч хөшиг, цонх нь хаалттай байдаг байсан. Хааяа нэг гадаа тааралддаг байсан” гэжээ. Сураг нь тасраад байгаа түүний найз охин нь болсон үйл явдлын дараа “Миний ертөнц түүнд нээлттэй бас хаалт­тай. Ийм байдалд намайг үлдээсэн нь задгай тэнгист ямар ч луужингүй орхисонтой адил” гэжээ.

Сенатор Сузан Коллинс “Түүний мэдэж байгаа бүхэн бусдад хэрэгцээтэй байгааг би харж байна. Хэрвээ намайг сонсож байгаа бол яг одоо эх орноос чинь өөр газарт чамайг ашиглаад, дараа нь юу болохыг та өөрөө мэдэж байгаа” гэжээ. АНУ-ын “ABC” агентлаг түүний гар утас, ар гэрийнхэн, холбогдож болох бүхий л хүнтэй тагнуулын­хан хамтарч ажиллаж байгаад эргэл­зэх хэрэггүйг уламжилсан.

Магадгүй Эдвард Сновдены амь нас хутганы ирэн дээр байж ч болох юм. Түүний мэдэж байгаа бүхэн ямар их хохирол учруулж болохыг хэн ч тааварлашгүй. Ца­хим ертөнцөд иймэрхүү задаргаа нэг л өдөр хийгддэг талаар Лондон дахь Эквадорын ЭСЯ-нд байгаа “Викиликс”-ийг үндэслэгч Ж.Ас­санж өөрийн байр суурийг илэр­хийлсэн. Ер нь нэгдсэн мэдээлэл цахим сүлжээнд байрлуулах, нууцлалын зэрэгтэй мэдээ мэдээллийг ийм эрсдэлд оруулж байсан тохиолдол өмнө нь гарч байгаагүй. Цахим ертөнцөөр өнөөгийн ажил хэрэг, үйл ажиллагаа, бүхий л салбарт голлох үүрэг гүйцэтгэж байгаа. Тиймээс хамгаалах, нууцлал тогтооход дэлхийн хамгийн сайн мэргэжилтнүүдийг бэлтгэх тал дээр БНХАУ, АНУ зэрэг томоохон гүрнүүд ихээхэн анхаарал хандуулах болсон. Харин мэргэжилтнүүдээ Эдвард Сновден шиг алдаад, өөрсдийгөө эрсдэлд оруулж байсан удаагүй.

Ямартай ч, бага гэхгүй чухал мэдээлэл тархиндаа тээж яваа Эдвард Сновденыг дэлхий нийт ажигласан хэвээр байна. Ямар улс түүнд цагаачлал олгож, нөхцөл байдлыг эх орондоо ашигтайгаар эргүүлэх нь таавар хэвээр үлдлээ.

 

Б.Баатар


URL:

Сэтгэгдэл бичих