“Найс” шийдвэрийн эзэн
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн өчигдөр өөрийн хүсэлтээр ажлаа өглөө. Энэ талаараа тэр өөрийн биеэр бус Ерөнхий сайд Н.Алтанхуяг түүний өмнөөс мэдэгдлээ. Хэдхэн хоногийн өмнө төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж, ЗГХЭГ-ын дэд даргын албан тушаалдаа жинхэлж байсан Г.Дэнзэн ажил албанаасаа чөлөөлөгдөж байгаад хуулиар шалгуулахаар шийдэв бололтой. Ерөнхийлөгч Ерөнхий сайдад “Г.Дэнзэнг ажлаас нь чөлөөл” гэсэн болохоор Н.Алтанхуяг ийм шийдвэр гаргаж, өргөдлийг нь өгүүлсэн байж болох л юм. Г.Дэнзэн өөрөө ингэж шийдсэн бол үнэхээр “найс” байна. Тэгээд ч 25-хан насанд ахдам их хэл аманд орооцолдсоны учир хуулийн байгууллагаар шалгуулж, буруугүй гэдгээ нотлуулахаар шийдсэн болов уу. Оюутны ширээнээс өндийнгүүт төрийн жинхэнэ алба, тэр тусмаа гүйцэтгэх засаглалын танхимд орж ажиллана гэдэг баргийн аавын хүүгийн санаан зоргын асуудал биш гэдгийг эрхбиш тэр ухаарсан л байгаасай. Хууль хяналтынханд шалгуулж, үнэн мөнөө тогтоолгосныхоо дараа Н.Алтанхуяг ахынхаа нөмөрт эргэж орвол хэн юу хэлэх билээ. Н.Алтанхуяг, Г.Дэнзэн хоёр хүйгээрээ бус ч хүргэн, хадмын холбоосоор гагнагдсан нь үнэн бололтой. Тиймгүйсэн бол Ерөнхий сайдад түүний өмнөөс мэдэгдэл хийх шаардлага байхгүй л баймаар. Юутай ч Г.Дэнзэнтэй холбоотой хэл ам “энд хүрээд” өндөрлөв бололтой.
Б.Оюунгэрэл
URL: