Эх нутаг чинь эрх мэдлийн суудлаас хямд гэв үү, Д.Ганхуяг сайд аа

Ерөнхийлөгчийн санал хураалтын маргааш шинэчлэлийн Засгийн газар кабинатаараа шинэчлэгдэх гэнэ. Суудалдаа арай гэж тогтсон Н.Алтанхуягийн эрин үе дуусах сургаар дараагийн сайд нар хэн бэ гэх марафон АН-д өрнөөд байна. Фракци олонтой эл намынхан “бяцхан” олонх болсон даруйдаа сандал суудлын зодоон хийж, нэгнийгээ гомдоож, нөгөөгөө дайсан болгож хувиргасан нь маргашгүй үнэн. Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй гэх зарчмыг баримтлахыг оролдсон ч Н.Алтанхуягийн хуваарилалт анхнаасаа шог байв.

Ардчилсан Ерөнхийлөгчийн анхааруулгыг ч үл тоомсорлосон түүний харалган бодол алсын байгаагүй нь энэ. Ямартаа л ах намынханд өөнтөглүүлж, огцруулна гэх уриа лоозонгоор хүзүүгээ оосорлуулж байх вэ дээ. Аз болж намынхан нь хурууны олноор авч үлдсэн. Гэхдээ намар хүртэл гэж хугацаа заасныг мартах учиргүй. Гэтэл наадам болох сургаар намар ирдэг юм гэж партизанууд тайлбарлаж байна. Иймдээ ч кабинетыг бүхлээр нь унагах мастер төлөвлөгөө боловсруулж, ах намынхнаар удирдуулахаар сэм наймаалцжээ.

Харин өөрсдөө хөшигний ард багаа бүрдүүлж эхэллээ. Шинэчлэлийн Засгийн газрын кабинетаас үлдэх эрхэм үнэндээ л хуруу дарам гэнэ. Тухайлбал, Уул уурхайн сайд Д.Ганхуягийг нэн тэргүүнд уургалж унагах юм байх. Монгол моодонд орохын хэрээр Д.Ганхуяг муухай харагдуулаад байгаа учраас тэр. АН дотроо олон фракцтай, түүний нэг нь “Шонхор”. Тиймээс Н.Алтанхуяг өөрийнхөө эсрэг хүмүүсийн амыг барихын тулд З.Энхболдод УИХ-ын дарга, С.Эрдэнэд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын, Д.Ганхуягт Уул уурхайн сайдын суудлыг хандивласан. Тиймээс одоогийн Засгийн газрын танхимыг Н.Алтанхуягийн атганд багтах нөхдүүд бүрдүүлдэг гэж хэлж болно.

Албан тушаалаар амаа үдүүлсэн Уул уурхайн сайд салбарынхаа ажлыг дээшлүүлэх талаар бодитой ажил хийхгүй, ерөнхийдөө тийм хүсэл сонирхол ч байдаггүй бололтой. Энд тэндгүй уул уурхайн салбар хүчтэй цэцэглэж, түүгээр хөлжигсөд ч олон байгаа юм. Тухайлбал, ард түмний өмч гэгдээд байгаа “Эрдэнэс Тавантолгой”-гоос л гэхэд ард түмэн нь биш, арай өөр хүмүүс хөлжиж байгаа. Уран ашиглаж улсын төсвийг бүрдүүлнэ л гэнэ, Чалкотой хийсэн гэрээнд огтхон ч шинэчлэлалга гээд л салбарт чинь хэтэрхий асуудал байна, Д.Ганхуяг сайд аа. Монголын эдийн засгийн эргэх хүч болсон уул уурхайн салбарын асуудалд төрийн бодлого тун ч их хэрэгтэй байгаа юм. Гэвч бодлого гэхээр бодитой сайн зүйл огтхон ч гарсангүй. Манай улсын нийт газар нутгийн 0,3 хувьд уул уурхайнхан эзэн суусан бөгөөд 16 хувь нь хайгуулын лицензтэй гэнэ. Хэдийгээр уул уурхайн салбар хөгжөөд байгаа харагддаг ч байгалийн нөхөн сэргээлт алдагдаж, малчдын малын бэлчээр талхлагдаж, усны асуудал өдрөөс өдөрт хомсдосоор өнөөдрийг хүрлээ. Үр дүн нь зөвхөн хэдэн хүн л хөлжсөөр… Энэ бүхнийг салбарын сайд харсан ч хараагүй мэт, сонссон ч сонсоогүй мэт аашилж явна. Харин ч бүр эсрэгээрээ ил тод уул уурхайг хөгжүүлнэ гэх хачин гоё уриа хэлээд суух юм. Хаана байна, тэр ил тод уул уурхай.

Уул уурхайгаас Монгол Улс их ашиг олно хэмээн амлан сайдын суудалд заларсан Д.Ганхуяг сайдтан хэлснээ хэрэгжүүлсэнгүй. Сайдын сэнтийд заларснаасаа хойш өнөөх сайхан хэлж ярьж байснаасаа эргэж уул уурхайн салбарт ямар ч өөрчлөлт гарсангүй. Тэрбээр өмнөх Засгийн газрын үед Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэн батлуулж байсан гишүүдийн нэг. Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж хамгийн шүүмжилж байсан хүний дуу хоолой яагаад боомилогдов. Уул уурхайн сайдын суудал нэр хүндээс чинь илүү чухал хэрэгтэй гэж үү. Монгол хүн бүр “Эрдэнэс Тавантолгой”-гоос хувь хүртэнэ. Удахгүй байгалийн баялгаа хүртэж асар их баяжина хэмээн хөөрч байгаа. Гэтэл үнэндээ монголчуудын эзэмших ёстой хувь эзэддээ хүрч байна уу. Хэзээнээс газрын хэвлий дэх баялгийнхаа ашиг шимийг хүртэж, газрын диваажинд аж төрөх юм бол иргэд чинь асууж байна, Сайд аа.

Хамгийн сүүлд л гэхэд та өөрийн орны хөрснөөс шатахуун олборлож эхэллээ хэмээн бөөн сүр дуулиан болж тууз хайчилж харагдсан. Хэдийгээр энэ шатахууны чинь угшил нь манайх ч урд хөршид нийлүүлэгдэж бүтээгдэхүүн болгон оруулж ирсэн эрлийз байсныг нь монголчууд мэдчихлээ. Угтаа бол өөрийн эх орны хөрсөнд ургуулсан түүхий эдээ гадныханд үнэгүй өгч, буцааж авахдаа үнэлгээжүүлж авах нь шударга наймаа юу, Д.Ганхуяг сайд аа. Тооны ухаан болоод бизнесийн ухаанд мэргэшсэн нэгэн атал иймхэн гаргалгааг хийж чадаагүй гэж хэн итгэх юм. Харин ч нүглийн нүдийг гурилаар хуурсан төдий гэдгээ илчилчихсэн дээргүй юу. Шулуухан хэлэхэд, ичиж амьдраач, сайд аа.

Түүний оронд Дарханд байгуулсан үйлдвэрийнхээ хаалгыг нээж, тэндээ боловсруултаа хийчихээд тэгж том дуугарсан бол хэн ч юу ч гэхгүй байсан биз. Тийм биш үү. Өөрийн улсад нь боловсруулах үйлдвэр байгуулчихаад байхад ашиглалтад оруулахыг яарахгүй байгаа нь түүхий нефтээ хятадад өгч байх асар том сонирхол агуулагдаад байгаа юм биш үү. Ингэж хардах хангалттай үндэслэл ч цухалзаж байна, сайд аа. Шатахууныг литр тутамд 50 төгрөгөөр хямдруулна гэсэн Н.Алтанхуягийн амнаас гарсан авиа, үсэрсэн шүлс нь хүртэл хатаж амжаагүй шахам байна. Та ч толгой тохин найгалзаж, Засгийн газрын тэргүүний үгийг бататгаж суусныг олон нийт харсан, сайд аа. Хариуцлагатай хоёр эрхмийн үгийг сонгууль угтсан улс төр битгий байгаасай гэж зарим нэг нь бүр залбирсан. Гэтэл эрлийзжүүлсэн бүтээгдэхүүнээ Монголынх гэж сурталчилж, үхэр монголчуудыг дөнгөчихнө гэж бодсон бол эндүүрэл гэдгийг хэлчихье, эрхмүүд ээ.

Бизнесийнхэнд улс төр хөөх, төрийн өндөр албан тушаалд дэвшин ажиллах эрх нээлттэй байдгийг бид мэднэ. Уул уурхайн сайдын “Бриж” компани төрийн өмчит уул уурхайн компаниудын тендер болгоныг алгасдаггүй тухай учир мэдэх хүмүүс хуучилдаг юм билээ. Тэгэхээр төрийн албаны эрх мэдлээ хувийн ашиг хонжоотойгоо хольж хутгаж байгаа нь яахын аргагүй ашиг сонирхлын зөрчил биш үү. Албан тушаал бол аугаа их эрх мэдэл. Алба, аминыхаа ажлыг ялгаж чадахгүй хүн яавч давхар дээлтэй байж таарахгүй.

Улс орны эдийн засаг уул уурхайн салбарын “халаасанд” багтах болсон энэ үед гадныхны өлөн нүд цоо ширтжээ. Тавантолгой, Оюутолгой зэрэг том орд дагасан маргаанаа эцэслэн шийдэж амжаагүй байх зуур манай улсын занарын нөөц гаднын хөрөнгө оруулагчдын хорхойг хөдөлгөж эхлэв. Монголд нийт нутаг дэвсгэрийнх нь 312 мянган хавтгай дөрвөлжин км талбайг хамарсан шатдаг занарын есөн сав газар бий. Нийт нөөц нь 788 тэрбум тонн гэсэн урьдчилсан судалгаа байдаг аж. Үүнд хүртэл Уул уурхайн сайд Д.Ганхуяг тушаал гарган “Шатдаг занар” хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг томилсон байна. Засгийн газар занарын орд газрыг ямар ч өрсөлдөгчгүйгээр АНУ-ын “Жени ойл энд газ” болон Францын “Тотал” группын 50:50 хувийн хөрөнгө оруулалттай “Американ шэйл ойл” компанид эзэмшүүлж, тэд Монголын шатдаг занарын хувь заяаг шийдвэрлэх эрхтэй боллоо. Ингээд л манай улсын байгалийн бас нэгэн баялгийг гадныхан олж харан, түүнийгээ ч манайхан нээж, газрын хөрсөө ухуулж эхэллээ. Нутгийн иргэд үүнд дургуйцэж байгаа ч Засгийн газар зөвшөөрөл өгсөн болохоор яалтай ч билээ. Ингээд л манай улсын үнэт эдлэлийг гадныхан ашиглаж, эх орны чинь хөрсийг ухаад эхэллээ, цаана чинь. Энэ мэт олон жишээ бий, сайд аа. Манай улсын хамгийн хариуцлагатай салбарыг удирдаж байгаа танд хаяглах захидал дуусашгүй нь.

Нийгмийн толь


URL:

Сэтгэгдэл бичих