Монголбанк орон сууцны ипотекийн зээлийн тогтолцоог албан ёсоор нэвтрүүлэх болсноо өчигдөр зарлалаа. Төв банкнаас явуулж буй бодлогоор банкууд жилийн найман хувийн хүүтэй зээлийг иргэдэд олгосноор орон сууц худалдан авах нөхцөл нь бүрдэх юм. Гэхдээ иргэдийн дунд ямар шалгуурыг давж байж зээлд хамрагдах бол гэсэн хүлээлт байгаа. Тэгвэл Монголбанкны мэдэгдэж байгаагаар ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн хувьд өрхийн орлого нь сард ердөө сая төгрөг, урьдчилгаа 30 хувиа төлөх хэмжээний мөнгөтэй байхад л зээлийн шаардлагагыг хангах боломжтой юм байна. Монголбанк, Барилга хот байгуулалтын яамтай барилгын салбарыг дэмжих зорилгоор 370 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох санамж бичиг байгуулсан. Мөн 800 тэрбумын моргейжийн зээлийн эх үүсвэрийг шийдээд байгаа. Тэгэхээр энэ онд хэрэгцээтэй байгаа мөнгөний хэмжээг дээрх 800 тэрбум төгрөгийн хөрөнгөөс шийдэх юм байна. Харин нийлүүлэлт талдаа 500-600 тэрбум төгрөгийн орон сууцыг барьж бэлэн болгоно хэмээн тооцоолжээ. Үүнд хуучин орон сууцнаас хэд нь ипотекийн зээл рүү шилжиж ирэх тооцоогоо үндэслээд одоо байгаа моргейжийн зээлд 800 тэрбумаа шилжүүлэн тооцож байгаа гэлээ. Орон сууц шинээр барьж, иргэд зээлд хамрагдаж л байгаа бол үүнийг гацаах ямар нэгэн үндэс байхгүй гэдгийг тус банкны зүгээс хариуцлагатайгаар мэдэгдсэн юм. Өмнө нь орон сууцны зээл авсан иргэдийн тухайд нэгэн асуулт бий. Энэ нь тухайн иргэн өмнө нь банкнаас өндөр хүүтэй орон сууцны зээл авсан бол энэхүү хөтөлбөрийн хүрээнд хүүг нь бууруулах боломжтой эсэх юм. Тэгвэл тэдэнд таатай мэдээ дуулгахад, тухайн иргэний зээлийн хүүг найман хувь руу шилжүүлэхэд ямар нэгэн асуудал байхгүй аж. Гэхдээ иргэд зээлээ шилжүүлэх гэж биеэрээ очиж банкинд дугаарлах шаардлагагүй, цаанаас нь автоматаар шилжүүлэх талын яриа банкуудын дунд өрнөөд эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд нийт 31 мянга гаруй иргэн дунджаар жилийн 15.1 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдсан гэсэн судалгааг Монголбанк гаргажээ. Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид “Голомт” банкны үйл ажиллагаа чухам ямар төвшинд байна вэ гэдгийг тодруулаад амжсан. Харин Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал “Голомт банк хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Төв банкнаас тавьж буй бүхий л шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажилладаг. Ер нь бол дээр дурдсан ипотекийн зээлийн нийт 28 хувийг “Голомт” банк дангаараа олгосон байдаг. Тус банкныхан ипотекийн зээл олгох боломжтой гэдгээ илэрхийлсэн байгаа” хэмээлээ. Орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй бага, дунд орлоготой зарим иргэдийн тухайд 30 хувийн урьдчилгаа төлнө гэдэг бас л чанга асуудал. Тэгвэл Засгийн газраас зорилтот бүлэгт олгох халамжийн бодлогоор моргейжийн зээлийн урьдчилгаа төлбөр 10 байх уу, 12 байх уу гэдгийг шийдэх гэнэ. Түүнчлэн энэхүү хөтөлбөрийг тогтворжоод ирэхээр урьдчилгаа төлбөрийн хэмжээг Монголбанкнаас нэгдсэн бодлогоор буулгах боломжтой аж. Мөн энэхүү зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн нэг анхаарах ёстой зүйл нь хэрэглээний зээлгүй байх ёстой юм байна. Хэрвээ цалингаа барьцаалаад ийм зээлд хамрагдсан бол зээлээ төлж байж орон сууцны зээл рүү орох нь. Хэрэглээний зээл нийт зээлийн 60-70 орчим хувийг эзлэх болсон нь хуримтлал үүсгэх зорилготой ипотекийн зээл хөгжихгүй байгаа гол шалтгаан гэж Монголбанк үзжээ. Ирэх долоо хоногоос моргэйжийг дэмжсэн, хэрэглээний зээлийг хумьсан бодлого хэрэгжиж эхэлнэ гэж ойлгож болно.
Ипотекийн зээл худалдан авах чадварыг 30 хувиар нэмэгдүүлнэ
Ийнхүү орон сууцны шинэ хөтөлбөрийн талаар танилцуулсныхаа дараа Н.Золжаргал ерөнхийлөгч сэтгүүлчдийн асуултад хариулсныг товчлон хүргэж байна.
-Орон сууцны нийлүүлэлтийг дэмжсэнээр үнийг тогтвортой байлгана гэж байгаа. Гэхдээ хэчнээн нийлүүлэлтийг нэмлээ гээд үнэ өсөхгүй байх баталгаа байна уу. Нэгэнт барилгын компаниудад дэмжлэг үзүүлж байгаа үед эргээд хариуцлага нэхэж болохгүй гэж үү?
-Зах зээл дээр нийлүүлэлт талыг нь дэмжээд явж байгаа үед хамгийн их аюул хаана байдаг вэ гэхээр энэ хоёрынхоо балансыг алдах. Тэгэхээр бид нийлүүлэлт тал дээр л онцгой анхаарах ёстой. Нийлүүлэлт сайн байх юм бол үнэ тогтвортой байна. Түүнээс биш үнийг хатуу тогтоох нь хэзээ ч байгаа онодоггүй. Харин ч чанарыг унагадаг.
-Өндөр хүүтэй зээлийг найман хувь руу шилжүүлснээр иргэдийн худалдан авах чадварт хэрхэн нөлөөлөх вэ?
-Зээлийн хүүг ингэж бууруулснаар иргэдийн цалин нэмэгдээгүй ч худалдан авах чадвар шууд 30 хувиар нэмэгднэ гэсэн судалгаа бий.
-100 хувь баригдчихсан орон сууц цөөн харагдаад байгаа. Дулаан, цахилгааны асуудал бас бий. Тэгэхээр нийлүүлэлт хомсдох юм биш үү?
-Энэ том тогтолцоог эхлүүлэхэд та бүхний хэлж буй эрсдлүүд байна уу, үгүй юу гэдгийг бид шалгаж үзсэн. Засгийн газартай олон дахин уулзаж, ярилцаад байгаагийн гол шалтгаан нь тэр шүү дээ. Одоо бол энэ гайгүй, гацаагүй юм байна гэдэг итгэл үнэмшлээр л явж байна.
-Тэгэхээр энэ удаагийн хөтөлбөр яг найдвартай хэрэгжинэ гэж та хэлж чадах уу?
-Чадна. Чадахын төлөө л ажиллалаа.
Э.ЦЭЦЭГ