Хакүхо М.Даваажаргал аавдаа гэнэтийн бэлэг барьж, наадамд зодоглох нь
Японы сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал аавдаа гэнэтийн бэлэг барихаар төлөвлөжээ. Тэрбээр энэ жил зодог шуудаг өмсч олон жилийн мөрөөдлөө биелүүлж, зүлэг ногоон дэвжээнээ үндэсний бөхөөр барилдахаар болсон аж.
Хакүхо энэ талаараа саяхны нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа: “Энэ жил Төв аймгийн наадам долдугаар сарын 26-27-нд болно. Ногая башё ирэх сарын 22-нд өндөрлөж би эх орондоо ирнэ. Төвийн наадмын хүндэт зочноор уригдсан болохоор хэд хоног бэлтгэл хийгээд барилдах бодолтой байгаа.
Үндэсний бөхийн дархан аваргын хүү зүлэг ногоон дэвжээнээ барилдах юмсан гэж үргэлж боддог. Хэдийгээр сүмогийн дэвжээнээ 25 түрүүлсэн аварга унах нь эвгүй ч үзээд алдахад гэмгүй” хэмээн дурдсан байна. Энэ жил Төв аймгийн наадам долдугаар сарын 26-27-нд болно. Ямартай ч бөх сонирхогчид Төв аймгийн наадмыг үзэх гэж хошуурах нь тодорхой болж байна.
www.barimt.mn Д.Саруул
URL: