Монгол ахан дүүс ээ! О.Цэнгэлийн амь насыг аврая!

Монгол улсад өмнөд монголчуудын эрхийг зөрчиж, хэлмэгдүүлж хохироож, ялгаварлан гадуурхаж ирсэн түүх нэн гутамшигтай бөгөөд урт юм. Зөвлөлтийн большевикууд монгол туургатныг хагалан бутаргах гэхдээ анх энэ жигшүүрт үзэгдлийг буй болгожээ. Монгол дахь ЗХУ-ын ноёрхлын халааг БНХАУ хүлээж авав. Түвдүүдийн эрхийг Хятад, Балбад хамгийн их зөрчдөг гэж дэлхий даяар буруушаадаг бол өмнөд монголчуудын эрхийг Хятад, Монголд хамгийн их зөрчдөг гэж тийнхүү буруушааж болох цаг нэгэнт ирсэн билээ.
Балба бол маоизмын нөлөө ихтэй, расист үзэл дэлгэрсэн, түвдээс өөр үндэстэн зонхилсон улс. Тэгвэл Монгол? Ардчилсан, хүний эрхийг дээдэлдэг, монголчуудын улс биз дээ? Үндэс нэгтнээ ингэж харгислан ялгаварладаг жишээ дэлхийн өөр хаана байна вэ?
О.Цэнгэлтэй холбоотой өнөөгийн хэрэг явдлууд юунаас эхэлснийг эргэн харцгаая.

 
…4-р сард Н.Энхбаярыг баривчилсан дуулиант ажиллагаанаас хойш, удалгүй бас нэг дуулиант баривчилгаа олон нийтийн сонорыг дэлдэн цочирдуулав. 5-р сарын 6-нд “төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн Г.Бадамрагчаа нарыг баривчлав” гэх шуугиан дэгдлээ. Эгээ л нэг, Н.Энхбаярыг баривчлах гэж байгаа аятай сүр бадруулж, нүүрээ хаасан тусгай хүчнийхэн дайран ирж, толгойд нь уут углан нууж хааж авч явсан байдаг.
“Моодун” фильм-группийн захирал Г.Бадамрагчаа, “Галдан бошгот хаан” ТББ-ын тэргүүн Н.Батболд, өмнөд монгол, орчуулагч О.Цэнгэл нарыг баривчлан хорьж, тэдэнтэй холбоотой хэдэн хүнийг гадуур байцаан шалгах болжээ. Г.Бадамрагчаа бол “Монгол улсын төлөө зүтгэе!” (энэ киног найруулсныхаа төлөө Эрх чөлөөний одонгоор шагнуулсан) зэрэг олон киног найруулсан, “Үхэж үл болно, Чингис хаан!” зэрэг олон киноны зохиолыг бичсэн, өнөөгийн Монголын кино урлагийн нэрт залуу зүтгэлтнүүдийн нэг юм.
Шалгагч тал: “Эдгээр хүмүүсийг удтал мөрдөж тагнаж байсан, Н.Энхбаяртай уулзсан, магадгүй тусламж авсан, сэжигтэй бүлгэм байгуулсан, энэ төр засгийг өөрчлөх хэрэгтэй гэж ярьсан, төрийн ордны зохион байгуулалтыг сонирхсон, янз бүрийн аргаар мөнгө төгрөг цуглуулсан” гэж хэлж ирэв.
Шалгуулагчдын тал: “Галдан бошготын тухай кинонд санхүүжилт хүсч янз бүрийн хүнд хандахдаа Н.Энхбаярт хандсан, “Хас Чандмань” гэдэг эх оронч залуусын бүлхэм байгуулсан, төр засагт өөрчлөлт шинэчлэлт хэрэгтэй гэж хэлэлцэж, санаагаа цэгцлэн хэдэн хуудас зүйл бичсэн, бухимдаад төрийн эргэлт хийх хэрэгтэй, төрийн ордон ер нь ямархуу зохион байгуулалттай юм гэж ярьсан явдал бий” гэдэг аж. Өөрөөр хэлбэл, хүнд гэмт хэрэгт холбогдуулах үндэслэлгүй байжээ. Санхүүжилт хүсэх, бүлэг байгуулах, төр засгийг шүүмжлэх, бухимдаж элдэв үг хэлэх – энэ бүхэн өнөөгийн нийгэмд маань байдаг л зүйл.
Монгол улсад “төрийн эрхийг хууль бусаар авах хэрэг үйлдсэн” гэж нэг ч хүн яллагдаж байгаагүй, тийм хэрэг гарч байгаагүй аж. Юуг ийм хэрэг гэж үзэх вэ гэсэн тодорхой ойлголт ч байхгүй. Баривчлагдагсдыг “төрийн эрхийг авах гэсэн” гэх нотлох баримт байсангүй.

 
Г.Бадамрагчаагийн ах Г.Нороврагчаа:
“Анх Н.Энхбаяртай холбож дүүг маань хорьсон. Н.Энхбаяртай холбоод бүтэхгүй болохоор өвөр монгол хүнтэй холбох болсон. Цаазаар авна, 20 жил хорино гэж айлган дарамталж байсан. Дүү маань орлон тоглогчдын холбоо байгуулж, жүжигчин залуусыг бэлтгэх гэж байв.
Улс төрийн зорилготой бүлхэм энэ тэр байгуулсан зүйл нэг их байхгүй. “Даяар Монгол” маягийн байгууллагын залуусын тухай кино хийх санаа бас байсан. Гэтэл бүхнийг мушгин гуйвуулж, хольж хутгаж том хэрэг босгох гээд байгаа нь их хэлмэгдүүлэлтийн үеийг санагдуулж байна” гэсэн байдаг. Г.Нороврагчаа бол нэрт зураач, ардчиллын анхдагчдын нэг, АИХ-ын депутат явсан хүн юм.

 
Г.Бадамрагчаагийн өмгөөлөгч Д.Пүрэвбаатар: “Миний үйлчлүүлэгчид тагнуулынхан хариуцлагагүй хандаж, хүнд зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тэр төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон гэмт хэрэг үйлдээгүй. Анхнаасаа түүнийг тагнуулынхан цагдан хорих ёсгүй байсан юм. ТЕГ-ын мөрдөн байцаах хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн, түүнтэй хамтран ажилладаг 10 гаруй хүнийг сэжигтнээр байцаан шалгаж байна. Кино найруулагчийг барьж хорино гэдэг зүгээр нэг халхавч л байхгүй юу. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас түүхэн сэдэвт кино хийх гэсэн юм, санхүүжилт өгөөч гэж хүссэн юм билээ” гэжээ.

 
Н.Энхбаярын нэр дахин дахин хөвж гарч ирж байгааг анзаарахгүй байх аргагүй. “Тэр хүнийг “төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн” гэж буруутган улс төрөөс зайлуулах гэж оролдоод, Н.Энхбаяр 8-р сарын эхээр авлигын хэргээр яллагдангуут энэ хувилбарыг орхиж, “хэрэггүй болсон” холбогдогчдыг нь 8-р сарын 6-нд сулласан” гэж хүмүүс хардан хэлэлцдэг л юм билээ.

 
Өвөр монгол хүний нэр ч их гарч ирж байна. Н.Энхбаяртай холбож хэрэгт оруулах гээд бүтэхгүй болохоор өвөр монгол хүнтэй холбож хэрэгт оруулах гэсэн гэж Г.Бадамрагчаагийн ах ярьжээ. Монгол улсад өвөр монгол хүн байх нь бараг гэмт хэрэг шахуу байдаг.
Гурван хүн баривчлагдсанаас Н.Батболд нь дороо суллагдаж, Г.Бадамрагчаа 461-р ангид гурван сар хоригдоод суллагдсан, бусад нь хоригдоогүй. Сонинд: “Прокурорын байгууллагынхан уржигдар энэ хэргийн талаар авч хэлэлцээд Г.Бадамрагчааг батлан даалтад гаргаж, харин н.Цэнгэлийг үргэлжлүүлэн хорихоор болсон байна. Учир нь н.Цэнгэл нь өөрийгөө өвөрмонгол хүн гэдэг аж” гэж хар дээр цагаанаар, дурайтал бичжээ. Энэ нь санаандгүйгээр, бодот нөхцөл байдлыг мөн ч тодхон илэрхийлэн харуулсан үгүүлбэр юм.

 
Үнэхээр ч О.Цэнгэл өвөр монгол хүн л гэж бурууддаггүй юм бол өөр буруудах зүйлгүй. Н.Энхбаяртай уулзах, бүлэг байгуулах, кино хийх, санал шүүмжлэл өрнүүлэх, санаагаа цэгцэлж бичих гээд аль ч ажилд нь оролцоогүй. Оролцох боломж ч байгаагүй. Учир нь холбогдсон хүмүүсийг урьд нь таньдаггүй байсан, тэд ч байцаалтад О.Цэнгэлийг танихгүй, бараг танихгүй, ганц удаа, хэдхэн удаа уулзсан, ярилцсан, хамтран ажилладаггүй л гэж мэдэгдэж, энэ хэрэгт холбогдох үндэслэлгүйг нь нэгэн дуугаар нотолсон буй. Гол нь, “Галдан бошготын тухай киног хийхдээ, хятад хэлээрхи эх сурвалжуудад тэр түүхэн хүн, цаг үеийн талаар ямархуу зүйл бичигдсэн байдгийг хятад хэлтэй хүнээс сонирхоно” гэх үүднээс л О.Цэнгэлтэй танилцаж, уулзаж, түүхийн талаар яриулж, зарим зүйлийг орчуулуулж байсан байдаг ажээ.
О.Цэнгэл түүхийн ухааны доктор агаад, наашаа гэсэн хүнтэй л яриад суучихдаг найрсаг зантай нэгэн юмсанж. Мөн уулзсан хүмүүс нь төр засгийн талаар шүүмжлэлт яриа өрнүүлэхэд “Монгол улсын төр засгийн байдал урвагар байна. Сайд нь хүртэл улсын нууцаа задлаад явах юм” гээд, сонин дээр бичигдэж, хүмүүс ярилцаж л байдаг зүйлийг хэлчихжээ. Ердөө л энэ. Дээрх үгүүлбэрийг хэлсэн, Галдан бошготын тухай кино хийхийг зорьсон бүтээлчдэд түүхийн талаар ярьсан – энэ л үйлдлүүд О.Цэнгэлийг “Г.Бадамрагчаагийн хэрэг”-ийн хамгийн хүнд гэмт хэрэгтэн нь мэт болгожээ. Бусад нь цагаадах хандлагатай болж, “Цэнгэлийн хэрэг” болж хувирчээ.
Түүнд онцгойлон хандаж, 461-р ангид биш, хамгийн хатуу харгис гэгддэг Төв аймгийн шоронд хорьжээ. Ямар ч хэргийг дарамталж хүлээлгэхийн тулд тэр шоронд аваачдаг гэж бүгд л хэлэлцдэг. Тэнд орсон хэнбугай ч гэсэн зодуулж жанчуулж, дээрэмдүүлж, архаг гэмт хэрэгтнүүдийн захиалгыг ар гэрээрээ биелүүлгэж, өөрсдөө боолчлогдож, доромжлуулж, төрөл бүрийн өвчин зовлонтой болдог гэж дуулддаг, бичигддэг.

 
“Г.Бадамрагчаа нарыг гадаадынхантай холбоотой болгох гэсэндээ л О.Цэнгэлийг олж гаргаж ирсэн” гэж хохирогчдын талынхан ярьдаг. Энэ хэрэгт гадаадын хүн оролцсон, гадаадын тусламж авах гэсэн болгож сүр бадруулах л гэж. “Энэ бол гадаадынхан л зохион байгуулсан хэрэг, гадаадынхан л буруутай, тэр залуус бол гадаадынханд мэхлэгдчихсэн, төөрөлдчихсөн л юм” гэх байдал гарч ирсэн гэдэг.
О.Цэнгэлийн зүйл ангийн хувьд “онц ноцтой, аюултай, төр улсын эсрэг гэмт хэргийн сэжигтэн” гэгдэн 24-30 сар саатуулагдах, шаардлага гарвал энэ хугацаагаа сунгуулах ч боломжтой.
“Энэ хүн аль улсын иргэн, хаана амьдардаг, оршин суух хаяг нь тодорхойгүй учир их сэжигтэй” гэж сүржигнэж байв. Монгол улсын иргэн болох өргөдлөө өгчихсөн, БНХАУ-ын иргэнээс гарсан, харъяалалгүй хүн гэж өмгөөлөгч Д.Пүрэвбаатар мэдэгдсэн. Оршин суух хаяг нь ч тодорхой.

 
Шилийн гол аймгийн Шулуун хөх хошуунаас гаралтай Оролмаажидийн Цэнгэл гэдэг энэ хүн БНХАУ-д сайн боловсрол олж, гайгүй ажил төрөл эрхэлж, Монгол Хятадын хооронд наймаа бизнес ч хийж яваад, Монголын иргэн бүсгүйтэй танилцан дотносч, Монгол улсад амьдрах хүсэлтэй болжээ. Ханилан амьдрах нь бүтээгүй ч, 1994 оноос Монгол Улсад байнга оршин суусаар иржээ. МУИС-д түүхчийн мэргэжлээр суралцаж, улмаар түүхийн ухааны доктор болсон, орчуулагчийн ажил хийж ирсэн, бичиг номын хүн. Архи тамхи хэрэглэдэггүй, тохитой томоотой нэгэн. Улс төрийн тэмцэл хөдөлгөөнд оролцож байгаагүй.
Ямар ч гэм буруугүй байж, хэрэгт холбогдож хэлмэгдсэн нь зөвхөн энэ тохиолдол биш. 1995 онд залилангийн хэрэгт О.Цэнгэлийг сэжиглэж хоёр сар хориод, хэрэгсэхгүй болгож, суллаж байсан. Өөр хүн нэрийг нь ашиглаж, хуурамч бичиг баримт үйлдэн бараа оруулж ирэхэд, мөн л сэжиглэн хорьж, жинхэнэ гэм буруутныг тодруулсан хэдий ч, О.Цэнгэлд тэнсэн өгсөн, хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаад удаж байгаа.
Ийм л нэг гэм зэмгүй өвөр монгол хүн гагцхүү өвөр монгол хүн учраас л ээлжит удаагаа хэлмэгдэн хоригдож, ямар ч ял сонсож, ямар ч эмгэнэлтэй учирч болохоор байна.
Түүнийг шоронд байхад нь “төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн” гэх хэргийг хүчээр хүлээлгэхийн тулд камер хэсүүлэн хүнд гэмт хэрэгтнүүдээр дарамтлуулан тамлуулах, хоол хувцсыг нь булаалгах, мөн зодох, нойр хоолгүй байлгах зэргээр зовоон байцаах, “цаазалж байна” гэж хээр аваачин олон буу тулгах, хий буудах зэргээр маш хүмүүнлиг бусаар хандаж иржээ. Бохир, муу нөхцлөөс болж янз бүрийн өвчин тусч байсан, 2013 оны 1-р сард хүнд зодуулан, тархиндаа гэмтэл авч, Гэмтэл согогийн судлалын төвд үзүүлж, оношлуулж, зарим нэг эмчилгээг хийлгэсэн. Улс төрийн хэргээр хилс хэлмэгдсэн талаараа Монголын төрийн өндөрлөгүүд, байгууллагуудад олон удаа захидал, өргөдөл бичсэн ч хариу аваагүй.
Х.Бадамрагчаа нарын хэргийг 2013.4.25-нд хэрэгсэхгүй болгосон. Гэтэл хэрэгсэхгүй болсон энэ хэргээр О.Цэнгэлийг хорьж зовоосоор байгаа нь хачирхалтай.
Тэрбээр 2013.6.6-нд охиныхоо ээж рүү ярьж, 8 хоног өлсгөлөн зарлаад байгаагаа мэдэгджээ. Хуульч нь О.Цэнгэлийн биеийн байдал өлсгөлөнгөөс болж маш доройтон, ухаан нь ч орон гаран байдалтай болсон, үхлийн ирмэгт ирсэн байсныг ярьжээ. Өнөөдөр, 6.12-нд, 15 дахь хоногтоо өлсгөлөн зарлаж байгаа болох юм.
Ийнхүү, улс төрийн хилс хэргээр хэлмэгдэн, 1 жил гаруй хоригдож байгаа О.Цэнгэл амь насаа алдах дээрээ тулаад байна.
Учир иймд та бүхэн гэм зэмгүй, эрдэнэт хүмүүний амь насыг аврах буянт үйлсэд анхаарал хандуулан:

1. О.Цэнгэлийг даруй суллах;
2. даруй чанартай, сайн эмчилгээнд хамруулах;
3. цагаатган, нэр төрийг нь сэргээх;
4. нөхөн олговор олгон, хохиролгүй болгох чиглэлээр хүчин зүтгэл гарган ажиллана уу.

Ч.Мөнхбаяр, Г.Ням-Очир


URL:

Сэтгэгдэл бичих