Бидний ходоод хогийн сав биш шүү дээ

hogshТа хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа үйлдвэрлэсэн хугацаа, дуусах он, сарыг анхаарч хардаг уу?  Хэрэв анхаарч хардаггүй бол яг өнөөдрөөс эхлээд анхаарч байхыг зөвлөе.

Учир нь хугацаа нь хэтэрсэн, чанар стандартын шаардлага хангаагүй  хүнсний бүтээгдэхүүн худалдаалсан тохиолдлууд  өдөр бүр хэдэн арваараа сонсогдох болж.

Хугацаа нь хэтэрсэн, муудсан бүтээгдэхүүн худалдаалж байгаагаараа “Миний дэлгүүр” сүлжээ дэлгүүрийнхэн тэргүүн эгнээнд яваа.”Өттэй сайра, хачигтай будаа, хорхойтой жимс гээд л тэднийг тойрсон яриа мундахгүй.  Эдгээр хэрэг зөрчилөөс заримыг нь энд дахин дурдъя. Угаас хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш гэдэг шүү дээ. Энэ оны эхэнд буюу хоёрдугаар сард  “Миний дэлгүүр”-ийн 117 салбарын цагаан будаанаас үхсэн хачигны сэг гарсан талаарх мэдээлэл олныг цочроож, шуугиан тарьж байсан. Мөн Баянзүрх дүүргийн “Миний хайпермаркет” сүлжээ дэлгүүрт худалдаж байсан хоёр килограммаар савласан цагаан будаанд шалгалт явуулахад тутраганы шөвгөр хошуут цох амьдаар илэрсэн баримт бий. Тус дэлгүүрийнхэн ийм байдлаар  бидэнд үйлчилж байна.

Харин эдгээр мэдээллүүдийн дараа “Миний дэлгүүр”-ийн сүлжээ дэлгүүрүүд хариуцсан дарга нь бид үйл ажиллагаандаа анхаарч, сайжруулахаар хичээгээд л явж байна хэмээн хэлсэн байх юм. Хачирхалтай нь түүнээс хойш бүтэн дөрвөн сар өнгөрсөн ч сайжирч, дээрдсэн зүйл ажиглагдахгүй, дээр дээрээсээ гомдол санал нэмэгдээд л байна шүү дээ. Тэд хичээж ажиллана гэсэн амлалтаа хэзээ биелүүлэх вэ? “Миний дэлгүүр”-ээс зүүгдсэн хариуцлагагүй, ёс зүйгүй гэсэн нэр хэзээ арилах бол? Мэдээж энэ асуултанд тус дэлгүүрийнхэн л хариулт өгч чадна.

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл тэр дундаа телевизээр “Үнийг унагаагч миний дэлгүүр” гээд л рекламдаад байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ муудсан, хугацаа нь хэтэрсэн бүтээгдэхүүнээ хямдрал нэрийн дор худалдаалж байгаа нь дэндүү ёс зүйгүй хэрэг. Ёс зүйгүй гэхээсээ илүү хүн чанаргүй гэмээр санагдана. Биднийг хямдарсан л гэвэл  түүний араас хошуурч, юуг ч хамаагүй авдаг гэж ойлгодог хэрэг үү?

Тэгвэл уучлаарай, бидний ходоод муудсан жимс, загас, будаагаар дүүрч байдаг хогийн сав биш шүү дээ. Хэрэв тэгж ойлгож байгаа бол та бүхэн үнэхээр эндүүрч  байна эрхмүүдээ.

Мөн ойрын өдрүүдэд “Оргил хүнс” ХХК-ны үйлдвэрлэдэг “Гоё” нэрийн тараг чанар, стандартын шаардлага хангахгүй байгаа тухай мэдээлэл шуугиан тариад байгаа. “Гоё” тараг бол бидний өргөнөөр хэрэглэж сурсан бүтээгдэхүүн. Гэтэл  тус үйлдвэрийнхэн тарагны хадгалах хугацааг зориудаар уртасгах Е төрлийн индекс бүтээгдэхүүн хольсон нь “тараг ” гэсэн бүтээгдэхүүний мөн чанарыг алдагдуулж байгаа гэнэ.  Бас л хэрэглэгчдийг доромжилсон, үл хүндэтгэсэн ээлжит дуулиан.

Энэ мэтчилэн хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой элдэв гомдол, санал гарсаар л байна. Олон нийт, хэрэглэгчдийн зүгээс ч энэ асуудалд анхаарлаа хандуулж, ажиллахыг тухайн байгууллагад хэлж, шаардсаар байгаа билээ.  Гэсэн хэдий ч авсан арга хэмжээ, засч сайжруулсан зүйл харагдахгүй байгаад хэрэглэгчид бухимдаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэр дундаа цахим сайтууд энэ талаар бичиж, шүүмжилж, иргэдийн дуу хоолой болж байгаа билээ. Гэхдээ “Миний дэлгүүр”-ийнхэн эдгээр шүүмжлэлийг чихнийхээ хажуугаар өнгөрөөж, үл тоосон шинжтэй байгаа нь хэрээс хэтэрч байна.

Бид өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнээ сонгохдоо хариуцлагатай хандаж байхгүй бол үйлчилгээ эрхэлдэг газрууд энэ мэт ёс зүйгүй авирласаар л байх шинжтэй. Та бүхэн хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа дараах хэдэн зүйлсийг заавал харж, шалгаж авч байгаарай. Үүнд: хадгалах хугацаа, хайрцаг савны бүрэн бүтэн байдал, үйлдвэрлэсэн огноо, хадгалах горим, цэвэр бохир жинг заасан шошго, гадаад байдал гадаргуу, хэлбэр дүрс зэргийг нь онцгойлон харах хэрэгтэй аж.

Б.Хорол

Эх сурвалж: dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих