ТӨХ-ны дарга асан Ц.Нанзаддоржийн будлиан

Танил талын хүрээгээр тендерээр барилгын ажил аваад гэрээнд заасан хугацаандаа дуусгаагүй хэрэг гарчээ. Төрийн өмчит “Байгууламж” ХК өнгөрсөн 2012 оны есдүгээр сард ТӨХ-той гэрээ байгуулж Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх Ар гүнт хэмээх газарт 60 айлын орон сууцны барилгын ажил эхлүүлэх байжээ.
Гэрээ ёсоор уг ажлыг 2012 оны аравдугаар сарын 1-нд эхлээд тус оны арваннэгдүгээр сарын 1-нд хүлээлгэн өгөх ёстой байсан аж. Гэтэл уг барилгын ажил дуусах нь битгий хэл энэ 2013 оны тавдугаар сард барилгын ажлаа эхлүүлжээ. Ингэхдээ ТӨХ-ны шахалт шаардлагаар эхлүүлсэн байна.
Мэдээллийн мөрөөр сурвалжлахад уг ажлыг захиалсан хүн нь ТӨХ-ны дарга асан Ц.Нанзаддорж. Түүнийг өнгөрсөн нэгдүгээр сарын 12-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Төрийн өмчийн хорооны даргын ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан.
Харин тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сард үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэх шалтгаанаар Сүхбаатар дүүргийн шүүхэд гомдол гаргаж байсан удаатай.
Мөн 2011 оноос хойш хэвлэлээр түүнийг ТӨХ-ны даргаар ажиллаж байх үедээ улсын хөрөнгийг хувьдаа ашиглаж, зарим нэгэн байгууллагуудыг өөрийн нэр дээр шилжүүлсэн гэх мэдээллүүд цацагдаж байсан.
Түүний захиалгаар байршуулсан гэрээ ёсоор бол “Байгууламж” ХК нь Ар гүнт дахь 60 айлын гадна цэвэр усны шугам, нөөцийн сан, ариутгах татуурга бохирын шугам, бохирын цооногийн барилгын ажлыг гүйцэтгэх байсан аж.
Мөн айлуудыг тойруулан хашаа барих ёстой байсан бөгөөд энэ ажлыг 125 сая төгрөгөөр гүйцэтгэх байсан байна. Төлбөрийн нөхцөл нь ажил эхлэхээс өмнө нийт хөлсний 40 хувь буюу 50 сая төгрөгийг тухай байгууллагад шилжүүлээд, ажлын гүйцэтгэл 80 хувьд орсны дараагаар хоёр дахь санхүүжилт болох 37 сая 500 мянган төгрөгийг олгох хэлбэрээр явагдах байсан гэнэ.
Харин барилгын ажлыг хүлээлгэн өгсний дараагаар үлдсэн 30 хувь болох 37 сая 500 мянган төгрөгийг төлөхөөр тусгагдсан аж. Гэтэл ажлын хөлсийг өнгөрсөн оны есдүгээр сард хоёр хувааж хэдийнэ дансанд нь шилжүүлсэн гэнэ.
Энэ ажлын хөлс болох 125 сая төгрөг ТӨХ-ноос “Төрийн өмчийн хорооны албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-ийг үндэслэн хорооны нэг удаагийн буцалтгүй тусламжийн зардлаас гаргасан ажээ.
Гэтэл энэ сан нь тухайн байгууллагын ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, гэр бүлийг дэмжих зорилгоор хорооны зарим ажилтнуудад нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэх зорилготой байгуулагдсан байна.
Ц.Нанзаддорж нь ажлын хөлсийг “Байгууламж” ХК-д шилжүүлэхдээ 171 тоот тушаал гарган ажилчиддаа буцалтгүй тусламж үзүүлэх нэрээр мөнгө гаргасан болохыг эх сурвалж хэлсэн юм. Ингэхдээ тус хорооны 17 ажилчинд тус бүр найман сая төгрөгийн буцалтгүй тусламж олгожээ.
Мөн нэг ажилчинд зургаан сая төгрөгийн тэтгэмж өгсөн байна. Уг зургаан сая төгрөгийн тэтгэмж авсан ажилтан нь буцалтгүй тусламжийн зардлаас Ц.Нанзаддоржийн тушаалаар ажилчиддаа тэтгэмж олгосон тус хорооны Санхүү, төсвийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, ерөнхий нягтлан бодогч асан Ц.Бат-Өлзий аж.
Мөн эх сурвалжийн мэдээлснээр бол тэтгэмжийн мөнгийг ажилчдынхаа дансанд хийгээд эргүүлэн авч “Байгууламж” ХК-д шилжүүлсэн аж. Харин ажлын гэрээг захиалагч талыг төлөөлж Төрийн өмчийн хорооны мэргэжилтэн В.Дарханбаатар байгуулсан.
Гэтэл хэдийнэ ашиглалтанд орчихсон байх ёстой барилгын ажил дөнгөж хашаанаасаа эхлэн баригдаж байна. Гэрээнд гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн бол хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцон захиалагчид төлөх ёстой хэмээн заасан байгаа юм.
Тэгэхлээр “Байгууламж” ХК барилгын ажлаа дуусаагүй учир алданги төлөхөөр болж байна. Ц.Нанзаддорж нь Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байх үедээ хууль зөрчиж мөнгө олгох шийдвэр гаргаж байсан баримтууд үргэлжилж байна.
Г.Булганаа 
Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих