“Бямба гаригаас эхлэн төрөх эхчүүдээ хүлээн авна”
Манай улсын хүн ам сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэх болсон. Энэ нь төрөлт нэмэгдсэнтэй холбоотой гэдгийг албаны хүмүүс хэлдэг.
Тэгвэл нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг дөрвөн төрөх эмнэлэг байдгаас нэгдүгээр төрөх өргөтгөл хийж, шинэ байраа энэ бямба гаригт ашиглалтад оруулах гэж байна.
Энэ талаар Нэгдүгээр амаржих газрын дарга Д.Энхбаяртай ярилцлаа.
УЛСЫН ХЭМЖЭЭНД ВАКУМ ХАГАЛГААНЫ ӨРӨӨТЭЙ ЭМНЭЛЭГ МАНАЙХААС ӨӨР БАЙХГҮЙ
-Энэ долоо хоногийн эхээр салбарын сайд эмнэлгийн дарга нартай уулзаж, эмнэлгийн өнөөгийн байдал, хүлээгдэл үйлчилгээний талаарх сүүлийн үеийн мэдээллийг авч зарим асуудлыг хэлэлцсэн. Нэгдүгээр амаржих газрын хувьд сайдтай уулзахдаа ямар асуудлыг хэлэлцэв?
- Эрүүл мэндийн сайд эмнэлгийн дарга нартай уулзаж нэн тулгамдаж байгаа ямар асуудал байгаа талаар болон шийдвэрлэх асуудал юу байна гэдэг талаар харилцан санал солилцсон. Манай эмнэлгийн хувьд 150 ортой өргөтгөлийн байр баригдаж дууссан.
Энэ бямба гаригт эхчүүдээ хүлээж авах гэж байна. Өргөтгөлийн байранд Эрүүл мэндийн яамнаас вакум хагалгааны өрөөний хөрөнгө оруулалтыг шийдэж өгсөн. Энэ вакум хагалгааны өрөөг бариагүй бол ХХI зууны эмнэлэг гэж хэлэх боломжгүй болох байсан. Ер нь цаашид эмнэлгүүдийн хагалгааны өрөөг вакум болгох ёстой. Улсын хэмжээнд вакум хагалгааны өрөөтэй эмнэлэг манайхаас өөр байхгүй.
Гэхдээ вакум байхын тулд урсгал зөв байх ёстой. Хагалгааны өрөө рүү эмч ороод хагалгаа хийсний дараа буцаад гарахдаа орсон хаалгаараа гарах ёсгүй. Хоёр өрөөг холбосон нарийн хонгил заавал байх юм. Энэ нь вакум гээд байгаагийн гол онцлог. Түүнээс биш ганц хаалгатай вакум гэж байхгүй. Нэг хаалгаар эмч орлоо ,буцаад тэр хаалгаараа гарж байгаа бол тэр вакум биш. Энэ асуудлыг шийдэж өгсөн нь хамгийн том хөрөнгө оруулалт байлаа.
-Шинэ эмнэлэгт тоног төхөөрөмж нэлээд шаардагдах байх. Тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамж хэр байна вэ?
- Нэлээд тоног төхөөрөмж авсан. Гэхдээ хангалттай биш. 100 ортой эмэгтэйчүүдийн эмнэлэг байгаа учраас зайлшгүй компьютерийн томографи хэрэгтэй гэж үзэж захисан боловч хасагдсан. Бүх юмыг төгс болгоно гэдэг хэцүү. Хүндрэлтэй зүйл байгаа ч аажим аажмаар шийдэх болно. Ирэх бямба гаригаас эхлэн зүүн талын хаалгаар эмэгтэйчүүдээ, төрөх эхчүүдийг урд хаалгаар, амбулаториор төрөх болоогүй жирэмсэн эхчүүдийг хүлээн авна. Ингэснээр төрөх гэж байгаа эхчүүдийн хүлээгдэл багасана.
ӨРГӨТГӨЛ АШИГЛАЛТАД ОРСНООР ЭМНЭЛГИЙН АЧААЛАЛ БУУРНА
-Төрөлт нэмэгдэж ачаалал их байгаа гэж байсан. Шинэ эмнэлэг ашиглалтад орсоноор ачаалал хэр багасах бол?
- Төрөх эмнэлгийн ачааллыг зөв энергитэй зөв ачаалал гэж ойлгодог. Учир нь Монголын хүн ам олон болж байна гэдэг бол сайхан ачаалал. Олон эхчүүд өвдөх гэж биш, төрөх гэж ирдэг учир эерэг энергитэй ачаалал юм. Өргөтгөл ашиглалтад орсноор эмнэлгийн хүлээн авахын ачаалал буурна.
-Баянгол дүүргийн төрөх эхчүүдийг авч байхаар болсон гэж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?
- Манай эмнэлэг өмнө нь Хан-Уул, Чингэлтэй, Багахангай, Сүхбаатар дүүргийн төрөх эхчүүдийг авдаг байсан. Харин одооноос Баянгол дүүргийн эхчүүдийг нэмж авдаг болох гэж байна. Ингэснээр ачаалал нэмэгдэж байгаа мэт боловч Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн харъяаллын бус хүмүүсийг авахгүй байж чадвал энэ ачаалал тийм их нэмэгдэхгүй. Манайд жилд харъяаллын бус 3000-4000 хүүхэд төрдөг. Сайдын тушаалын дагуу харъяаллын дагуу дүүрэгтээ төрдөг болчихвол Баянголын эхчүүдийг хүлээж авлаа гээд нэг их ачаалал үүсэхгүй.
-Шинэ эмнэлэгт эмч нар дутагдалтай байгаа гэж байсан. Энэ асуудлаа шийдэж чадсан уу?
- Эх барих эмэгтэйчүүдийн эмч хангалттай байна. Харин шинэ төрсөн нярай болон эрчимт эмчилгээ, хагалгааны эмч дутагдалтай байна. Ерөнхийдөө нярайн эмч, сувилагч, эрчимт эмчилгээний эмч сувилагч дутагдалтай байна. Мөн эмчилгээтэй нярай, эхийг яах вэ гэдэг асуудал байна. Хүний нөөцийн асуудал улсын хэмжээний асуудал юм. Ер нь нярайн эмч манай улс гэлтгүй хөгжилтэй Франц, Солонгост ч дутагдалтай байдаг юм билээ. Манай эмнэлэг гэхэд францын эмнэлгүүдтэй харилцаа холбоотой. Европт ч гэсэн нярайн эмч дутагдалтай байдаг.
-Энэ асуудлаа сайдтай уулзах үеэрээ ярив уу?
- Ярьсан. Нярайн эмчийн нэг курс одоо төгч байгаа ирэх байх. Мөн ажил гүйцэтгэх гэрээгээр 5-6 эмч авсан. Одоогоор жижүүр эмчээр ажиллаж байна.
-ЭМШУИС-ыг энэ жил төгч байгаа оюутнуудаас авах боломж бий юу?
- Болохгүй. Шинэ төгсөгчид заавал хүүхдийн эмчээр мэргэжил дээшлүүлж дахин суралцсаны дараа манайд ирэх эрхтэй болдог. Тийм учраас хүндрэлтэй байна. Ер нь энэ асуудлыг шийдэх зарим нэг гарц байж болно. Тухайлбал, байгууллага нь өөрөө шийдээд цалингийн сүлжээнээс хамаарахгүйгээр олдохгүй байгаа ховор мэргэжлийн эмч нарт онцгой цалин өгч болох гэдэг хуулийн заалт хэрэгтэй байна. Энэ мэтээр дутагдалтай байгаа мэргэжлийн эмч нарт илүү цалин өгдөг болчихвол хүний нөөцийн асуудлаа шийдэх боломжтой.
АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭГЭЭР 5-6 НЯРАЙН ЭМЧ АВСАН
-Хүндрэлтэй төрсөн нярай хүүхдийн эмчилгээ нэлээд хүнд байдаг. Энэ асуудлыг хэрхэн шийдэж байна?
- Манай эмнэлгийн шинэ байрны нэг, гурав, дөрвөн давхарт эмчилгээтэй 50 нярай авах боломжтой өрөө, тасалгаа, ор, тоног төхөөрөмж байна. Тиймээс үүнийг нийслэлийн нярайн эмчилгээ оношлогооны төв болгон ажиллах бүрэн боломжтой. Үүнд л зохион байгуулалт хийх хэрэгтэй. Хоёр, гуравдугаар төрөхийн эмчилгээтэй нярайг авдаг болчихвол ЭХЭМҮТ-ийн ачаалал эрс буурна. Энэ дагуу сайд тушаал гаргахаар болсон.
Энэ тушаал гарвал ЭХЭМҮТ гуравдугаар шатлалынхаа үүргийн жинхэнэ утгаар нь гүйцэтгэх боломжтой болно. Өөрөөр хэлбэл, Баянгол дүүргийн хэвийн төрөлт манайд ирвэл хүндрэлтэй төрөлтөө бид тийш нь шилжүүлээд байж болох юм. Мөн ЭХЭМҮТ-ийн үйл ажиллагааг бусад төрөхийн үйл ажиллагаатай харьцуулдаг явдлыг болих хэрэгтэй. Хүнд төрөлт тэнд очиж байгаа учраас эрсдэл өндөр байх нь ойлгомжтой.
Өөрөөр хэлбэл, эрсдэлтэй хүмүүсээ ЭХЭМҮТ, орон нутаг, хэвийн төрөлтүүдээ бусад төрөхүүд нь авдаг байхад болно. Хэрэв нярайн төв бий болчихвол бид эмчилгээтэй нярайгаа хүлээж авдаг болох нь хөгжлийн зөв гарц юм.
-Баянгол дүүргийн төрөх эхчүүдийг авахтай холбоотой хороо заах зэрэг асуудал бий юу?
- Хэвийн төрөлт бүгд манайд ирнэ. Харин хүндрэлтэй буюу эрсдэлтэй, суурь өвчинтэй, хүндрэх магадлалтай эхчүүдээ ЭХЭМҮТ-д шилжүүлнэ. Яагаад гэхээр тус төвийн эмч нар Төрийн үйлчилгээ эрүүл мэндийн /ТҮЭМ/ зургадугаар шатлалын цалин авдаг.
Манай эмч нар ТҮЭМ 4-өөр цалинждаг. Тэгэхээр манай эмч нар ТҮЭМ4 цалин авч байж хүндрэлтэй төрөх эх авч болохгүй. Нэгэнт төр засгаас танайх ТҮЭМ4-өөр, та нар ТҮЭМ6-аар гэж зааглаад өгсөн хойно үүгээрээ л байх ёстой. Харин өнөөдрийн байдлаар төрөх эмнэлгүүдийн ачаалал их учраас журмаар биш гуйлгаар хүн авч байх жишээтэй байна.
Э.Орхон /ЗУУНЫ МЭДЭЭ /
URL: