Орон нутагт мотоциклийн осол буурахгүй байна
Мотоцикль унаж яваад осолдсон иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа аж.
Судалгаанаас үзвэл, өнгөрсөн 2012 оны байдлаар хөдөө орон нутгийн замд мотоциклийн жолоочтой холбоотой осол 371 гарчээ. Үүний улмаас 112 хүн амь насаа алдаж, 187 хүн хүнд, хөнгөн гэмтэл авч эрүүл мэндээрээ хохирсон байна.
Мөн онд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ мотоцикль унаж хөдөлгөөнд оролцсоноос зам тээврийн осолд холбогдсон тохиолдол 119 бүртгэгджээ.
Тэгвэл энэ оны эхний дөрөвдүгээр сарын байдлаар орон нутгийн замд тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 67 гарч, үүний улмаас 69 хүн амь насаа алдсан байна.
Эдгээр зам тээврийн ослын 21 тохиолдол нь мотоциклийн жолооч нартай холбоотойгоор гарчээ. Дээрх осол нь мотоцикль унаж яваа иргэд, малчдын буруутай үйлдлүүдээс шалтгаалж гардаг болохыг судалгаа харуулна.
Монгол Улсад хэрэглэгдэж байгаа мотоциклийн 90 орчим хувь нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн байдаг аж. Харин үлдсэн хувийг нь Орос, Америк, Япон, Солонгос улсад үйлдвэрлэсэн мотоциклууд эзэлдэг байна. Урд хөршид үйлдвэрлэсэн мотоцикль нь манай орны нөхцөл байдал таардаггүй учраас эрсдэл дагуулдаг.
Өөрөөр хэлбэл, асфалтан замд унаж хэрэглэх зориулалт бүхий хайлшин обудтай. Ийм обуд нь цохилтын хүчийг сарниулахгүйгээр шууд бутарч онхолддог гэнэ. Гэтэл манайхан үүнийг нь шороон зам, тэр ч бүү хэл малын бэлчээрт унадаг нь зам тээврийн осол гарах нөхцөлийг бүрдүүлдэг байна.
Иймээс импортоор мотоцикль оруулж ирж буй аж ахуйн нэгжүүд чанарын шаардлага хангасан, хамгаалах малгайг борлуулж байвал иргэдийн амь нас, эрүүл мэндийг болзошгүй аюул, эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.
URL: