Лениний музейг МАН-ын эзэмшлээс чөлөөлөхөөр шийдвэрлэв

0dcba001177af35bbigТөрийн өмчийн хорооны нэхэмжлэлтэй Лениний музейн барилгын асуудлыг өчигдөр тав дахь удаагаа Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцлээ.

Шүүх хурал эхлэхэд нэхэмжлэгч талаас ТӨХ-г төлөөлж Т.Энхбаяр, Ц.Одмаа, өмгөөлөгч Л.Данзанноров, З.Сүхбаатар нар ирсэн байв. Харин хариуцагч талынхан шүүх хурал эхэлснээс нэг цаг орчмын дараа ирсэн юм.

Нэхэмжлэгч болон шүүгчид хуулийн дагуу хариуцагчдын хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцорсон учир хариуцагчгүйгээр хурлыг эхлүүлсэн.

Өчигдрийн 13.00 цагт эхэлсэн хурал хаалттай үргэлжилж 15.30 цагт шийдвэрээ танилцуулав.

Лениний музейн барилгыг зориулалтаар нь ашиглах тухай олон сар хэлэлцсэн уг хурлын шийдвэр Төрийн өмчийн хорооны талд гарсныг мэдэгдсэн юм. Ингэснээр Лениний музейн барилгын эзэмшигчээр төрийг тогтоож, МАН-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх шийдвэр гаргалаа.

Лениний музейн асуудлыг хэлэлцэх хурлууд өмнө нь дөрвөн удаа хойшилсон юм. Тухайн үед МАН-аас сонгуулийн үе таарсан, өмгөөлөгч осолд орсон гэсэн шалтгаанаар хойшлуулж байсан.

Уг барилгыг төрийн өмч болохыг батлах нэхэмжлэгч ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар “Төрийн өмчийн хороо төрийн өмчийг ашиглах, эзэмших, захиран зарцуулах үүрэгтэй. Тиймээс төрийн өмчдөө эзэн шиг байх ёстой. Лениний музей төрийн өмч байсан. Энэ өмчийг өөр хэн нэгэн, улс төрийн хү чин эзэмших боломжгүй. Тиймээс тодорхой асуудалд цаг алдаад байгаа нь цаашдын үйл ажиллагаа оюуны өмч, соёлын өв хөрөнгийг хадгалах, ард нийтэд харуулах боломж улам хойшлогдоод байна. Төрийн ажил, шүүх засаглалын ажилд аль ч тал хариуцлагатай байх ёстой” гэсэн юм.

Төрийн өмчийн хороо, Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Лениний музейг зориулалтаар нь ашиглахын тулд 1997 оны шүүхийн шийдвэрүүдийг эргэн нягтлуулахаар шүүхэд хандаад байсан юм. Тухайн үеийн шүүхийн шийдвэрээр МАН-ыг музейн ашиглагч тал хэмээн үзсэн байдаг.

Б.Энхзаяа /ЗУУНЫ МЭДЭЭ /


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих