Ё.Отгонбаяр гишүүнээсээ татгалзвал АН-ын Д.Түмэнжаргал УИХ-ын гишүүн болно
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр гишүүнийхээ бүрэн эрхээсээ татгалзах яриа гарсан. Учир нь тэрбээр өөрийн цахим хуудастаа “шалгуулахад бэлэн” гэдгээ хэлсэн болон хуулийн байгууллагынхан түүнийг шалгах шаардлагатай байгаагаас ийнхүү бүрэн эрхээсээ татгалзах эсвэл түүнийг түдгэлзүүлэх асуудал гарч ирж буй юм.
Магадгүй Ё.Отгонбаяр гишүүний хувьд эхнэрийнхээ оронд өөрөө шалгуулах нь дээр гэж бодсон учраас ингэж бичсэн байж ч болох.
Нөгөөтэйгүүр Улсын ерөнхий прокурор түүний УИХ-ын гишүүнээ бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг холбогдох байгууллагад тавьснаар гишүүд түүний асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.
Ардчилсан намынхан олонхийг бүрдүүлсэн учир тэд мэдээж намынхаа нэг суудлын төлөө Ё.Отгонбаярын эсрэг кноп дарж, засагт хамтарсан намын гишүүдээр кноп даруулахын төлөө ажиллах нь тодорхой.
Ямартай ч УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр бүрэн эрхээсээ татгалзвал Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Түмэнжаргал парламентад орж ирэх нь.
Яагаад гэж гайхах хэрэггүй. Энэ үйл явдалтай ижил зүйл Өвөрхангайн тойрогт болсныг тод санаж байгаа биз ээ. Өвөрхангайн тойрогт Ардын намаас нэр дэвшсэн Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын оронд Ардчилсан намын гишүүн Г.Батхүү, Д.Зоригт нар УИХ-ын гишүүн болсон. Н.Төмөрхүүгийн хувьд сонгуулиар 43.08 хувийн санал авсан. Гэвч Ардчилсан намынхан түүнийг Сонгуулийн тухай хууль зөрчсөн хэмээн шүүхэд хандсан юм. Үүнээс болж Н.Төмөрхүү нэрээ татаж, “тоглоом”-оос гарч буйгаа мэдэгдсэн. Иймээс түүний оронд 40.39 хувийн санал авсан Ардчилсан намын гишүүн Г.Батхүү бүрэн эрхээ эдлэв. Харин С.Чинзоригийн тухайд шүүхээр асуудлаа шийдвэрлүүлсэн.
Хэдийгээр сонгуулиар 47.59 хувийн санал авсан ч шүүх нэгэнт шийдвэрээ гаргаж, түүнийг гишүүн болгоогүй. Ингээд 34.02 хувийн санал авсан Д.Зоригт гишүүн болсон. Тойрогт нэр дэвшсэн гишүүн бүрэн эрхээсээ татгалзсан, эсвэл эргүүлэн татсан бол 28-аас дээш хувийн санал авсан дараагийн нэр дэвшигч гарч ирэх ёстой.
Энэ хуулийн заалтын дагуу Булган аймагт нэр дэвшин 46.35 хувийн саналаар ялалт байгуулсан Ё.Отгонбаяр бүрэн эрхээсээ татгалзвал дараагийнх нь хүн болох 28.95 хувийн санал авсан Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн Д.Түмэнжаргал парламентад автоматаар орж ирэх нь гарцаагүй юм.
Дараагийн нэр дэвшигч нь 28-аас дээш хувийн санал авсан учир нөхөн сонгууль явуулах ямар ч шаардлагагүй гэсэн үг.
Ё.Отгонбаяр бүрэн эрхээсээ татгалзах, түүнийг түдгэлзүүлэх эсэх нь хувь хүний бус намын нэр хүндтэй холбоотой асуудал. Парламентад Ардын намынхан сөрөг хүчин байгаа энэ үед тэд нэг суудлыг Ардчилсан намынханд тийм амар өгөхийг хүсэхгүй нь мэдээж. Гэвч хуулийн дагуу энэ байдал Ардчилсан намыг нэг суудалтай болгох хэмжээнд хүргэчихлээ.
Энэ удаагийн сонгуулийг холимог системээр явуулсан. Хэрэв Ё.Отгонбаяр гишүүн жагсаалтаар нэр дэвшсэн байсан бол түүний оронд Ардын намын гишүүн гарч ирэх байв. Өөрөөр хэлбэл гишүүнээсээ татгалзсан У.Хүрэлсүхийн оронд Д.Сарангэрэл гишүүн болсонтой адил. Харамсалтай нь Ё.Отгонбаяр тойрогт нэр дэвшсэн.
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн Д.Түмэнжаргал “Үндэсний үнэт цаас” ХХК-ийн ерөнхий захирал, “ТМ” телевизийн үндсэн хөрөнгө оруулагч. Тэрбээр Булган сумын нэгдүгээр дунд сургууль, ОХУ-ын Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын худалдааны эдийн засагч мэргэжлээр тус тус төгсчээ.
Түүнчлэн Худалдаа үйлдвэрийн яам болон Гадаад харилцааны яаманд мэргэжилтнээр ажиллаж байв.
Д.Түмэнжаргалын эгч нь “Баясах” трейдын захирал, харин дүүг нь Ардын намын залуучуудын байгууллагад байдаг гэх. Булган аймагт нэр дэвших бэлтгэлээ 2009 оноос хойш хийсэн гэдэг юм билээ.
Ямартай ч түүний хувь заяа Ё.Отгонбаяр гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзахтай шууд холбоотой болж байгаа юм. Гэхдээ Ардын намын зүгээс авч үзвэл нэг суудлаа алдана гэдэг улс төрийн хамгийн том алдаа болно. Тийм ч учраас Ардчилсан намынхныг баярлуулахын тулд тэд УИХ-ын гишүүний нэг суудлаа алдахыг хэрхэвч зөвшөөрөхгүй биз ээ.
Ц.Энхцэцэг
/Улс төрийн тойм/
URL: