В.Путины эхнэр
Оросууд Тэргүүн хатагтайнхаа төрсөн өдрийг хэзээ ч тэмдэглэж байсангүй. Өнгөрсөн нэгдүгээр сард тэрбээр 55 нас хүрсэн. Эгэл жирийн иргэд нь 55 насны ойг сүр бараа болж тэмдэглэдэг байтал тэр өдөр Людмила Путинагийн тухай хэн ч дурсаагүй юм.
Гудамжинд ямар ч баярын парад болоогүй, түүнд зориулж хэн ч концерт тоглоогүй. Оросын телевизүүдээр ганц ч мэндчилгээ яваагүй. Харин нэлээд сүүлдхэн нэгэн сонинд “Оросын Тэргүүн хатагтай хааччихав” гэх гарчигтай нийтлэл л гарчээ.
Төрсөн эцгээрээ овоглодог байсан бага балчир насандаа Людмила Шкребнева өөрийгөө Оросын Тэргүүн хатагтай болно гэж бодож байгаагүй гэнэ. Энэ тухайгаа тэрбээр сэтгүүлчид ярьж байсан аж.
Тэрбээр Калининградад төржээ. Харин түүний эцэг тосгоноос гаралтай жирийн нэгэн байсан гэнэ. Аав нь гэр бүлийнхээ фермийн аж ахуйд ажиллаж байгаад цэрэгт татагдсаныхаа дараа Калининградад очиж, гэр бүлтэй болжээ. Харин оросуудын тэмдэглэдэг зул сарын баярын өмнөх өдөр тэд Люда гэдэг охинтой болсон байна.
Людмила Калининградад ахлах сургуулиа төгсчээ. Комсомолын гишүүн, онц сурлагатан энэ охин шүлэг унших дуртай байсан гэнэ. Мөн уран уншлагын уралдаануудад оролцож, шагнал хүртэж байсан байна. Сургуулиа төгсөх үедээ ангийнхныгаа бүгдийг нь гэртээ урьж үдэшлэг зохиож байсан тухайгаа “Правда” сонинд өгсөн ярилцлагадаа дурьдаж байжээ. Багын мөрөөдөл нь биелсэн бол Людмила өдийд жүжигчин болох байж. Сургуулийнхаа тайзан дээр олон жүжигт тоглож байсан бяцхан охиноос ангийнх нь хүүхэд “Чи ирээдүйд хэн болох вэ” гэж асуухад “Би урлагийн сургуульд ордог юм бил үү” гэж хариулжээ.
Гэвч Ленинградад очсон хойноо сургуульдаа тэнцээгүй байна. Ингээд Людмила гэртээ харьж, эцэг эхдээ туслан янз бүрийн ажил хийх болжээ. Тэр шуудан зөөгч, дэлгүүрийн худалдагч, эмнэлэгт эрүүл ахуйч, жүжгийн клубын ажилтан хийж үзсэн байна. Тэгж яваад жүжгийн багштай болсон ч дээд боловсрол хэрэгтэй гэж үзсэн учраас Калининградын техникийн их сургуульд орохоор бэлтгэж эхэлжээ. Ингээд Людмила шалгалтандаа тэнцэж, хүссэн сургуульдаа орсон ч хоёрдугаар курсээс нь хаяв. Харин оронд нь Калининградын нэгдсэн авиа компанийн үйлчлэгч боллоо. Тэнд тэрбээр Владимир Путинтэй танилцсан юм.
“Төрийн тэргүүн: Оросын Ерөнхийлөгчийн бүтээсэн ер бусын дүр төрх” нэртэй номонд Людмила анхны уулзалтынхаа талаар ярьсан байдаг. “Би Калининградаас гурван өдөр нислэгт гарсан. Манай багийнхан хүн цөөтэй байлаа. Ингээд Ленинградад ирсний дараа манай найз охиныг танил залуу нь театрт урьсан юм байж. Гэвч тэр ганцаараа явахаас зүрхшээгээд намайг хамт авч явсан. Харин нөгөө танил залуу нь театрт өөрийн найз болох Володяг дагуулж ирсэн. Төрийн Думын байрны ойролцоох гудамжинд тасалбар түгээх газрын ойролцоо манай найз охин, түүний найз залуу бид гурав эхэлж уулзваа. Харин Володя тасалбар түгээх өрөөн дотор зогсч байсан. Тэр маш даруухан хувцаслачихсан байсныг нь би тухайн үед “Нэлээд ядруухан явна” гэж харж билээ. Хэрэв би Володятай гудамжинд санамсаргүй таарсан бол түүнийг анзаарч харахгүй байсан байж мэднэ. Гэхдээ тэнд би түүнд анхны харцаар л дурласан. Учир нь Ленинградад өнгөрүүлсэн мөч минь надад маш их таалагдаж байсан юм…”.
Людмила ирээдүйн нөхөртэйгээ анх уулзсанаас хойш байн байн Ленинград руу нисэх болж. Хэрэв ажил нь тэгж таарахгүй бол өөрөө билет аваад нисээд оччихдог байж.
Тэр үед Владимир Путин Ленинградын их сургуулийн Хуулийн факултетэд сурч байв. Харин түүнийг Людмилатай уулзуулсан мөнөөх найз нь Оросын хошин шогийн алдартай жүжигчдийн нэг Аркадий Райкин байсан гэдэг. Харин Путинд ухаангүй дурласан Людмила тэр үеэс герман хэл сурахаар шийджээ. Тэгээд Ленинградын их сургуулийн Хэл шинжлэлийн факультетэд орсон ч сүүлд нь сонирхол нь өөрчлөгдөж испани хэл, утга зохиол судлалаар мэргэших болж. Людмила Герман улс, герман хэлийг дурсахаа болив.
Анхны уулзалтаасаа хойш гурван жилийн дараа буюу 1983 оны долоодугаар сарын 28-нд Людмила Владимир Путинтэй гэрлэжээ. Тэр үед нөхөр нь КГБ-ийн удирдах газарт ажиллаж байв. Баян тансаг амьдрал тэдэнд байсангүй. Угаасаа пролетари гаралтай, жирийн гэр бүлд өсч хүмүүжсэн учраас Москва руу шилжих хүртлээ тэд В.Путины эцэг эхийн гэрт амьдардаг байжээ.
Людмила машин унах дуртай байв. Гэвч 1990-ээд оны эхээр маш том осолд орж, үүнээс үүдсэн гэмтлээ эмчлэхийн тулд хоёр жил эмнэлэг сахьжээ. Түүнээс хойш тэрбээр машин барихаа больсон байна.
В.Путин хоёр охинтой. Эмээгийнх нь дурсгалыг хүндэтгэж тэдэнд Катя, Мария гэдэг нэр өгчээ. Харин В.Путин Москва руу шилжсэнээс хойш Людмила ажил хийхээ больж, зөвхөн хүүхдүүдээ асрах болж. Түүнд энэ амьдрал нь таалагддаг байв.
Петербург, Москвагийн гудамжаар хүүхдүүдээ салхилуулж, хэнд ч анзаарагдахгүйгээр даруухан, тайван амьдрах нь Людмилад жаргалтай санагддаг байсан гэнэ. Бүр В.Путиныг Ерөнхий сайд болсных нь дараа ч гэсэн Людмила ингэж алхах дуртай байжээ. Гэвч тэдний хайр дурлал эцэс болоод олон он жилүүд өнгөрсөн гэж ярьдаг. Карьерт нь саад болно гэж үзсэн учраас В.Путин энэхүү гэрлэлтээ нандигнаж байсан бол харин Людмилагийн хувьд нөхөр нь ердөө л найзын хэмжээнд тавигдах болсон гэх таамгийг барууны хэвлэлүүд бичдэг.
Борис Ельцины үед “Кремлийн багийнхан Людмилаг Тэргүүн хатагтай байхад тохиромжгүй хүн гэж үзээд түүнийг орлох өөр нэгнийг хайж эхэлсэн” гэх цуурхал ч гарч байжээ. Энэ бүх яриа, шуугиан Людмилагийн мөрөөдлийн амьдрал нь яавч биш байсан бололтой. Угаасаа Оросын Тэргүүн хатагтай нарын амьдрал төдийлөн аз жаргалтай байдаггүй. Барууныхан энэ тухай бичихээрээ Горбачевын эхнэр Райса, Ельциний эхнэр Найнаг жишээ татдаг байна.
Ингээд В.Путин хэдий чинээ нэр нөлөөтэй болно, төдий чинээгээр Людмила олны хараанаас нуугдах болов. Түүнийг 55 нас хүрэх үеэр Оросын Төрийн Думын гишүүн Михайл Дегтяреваас энэ тухай сэтгүүлч санамсаргүй асуухад “Тийм үү. Үгүй байлгүй дээ” хэмээн хариулсан гэдэг. Харин Чечений Ерөнхийлөгч Рамзан Кадиров твиттер хуудсандаа “Бид Владимир Владимировичийн эхнэр Людмила Александровнад баяр хүргэж, урт удаан амьдрахыг ерөөмөөр байна” гэсэн байна. Ингэж л оросууд Тэргүүн хатагтайнх нь төрсөн өдөр болж буйг санажээ. Яг тэр мөчид Владимир Путин Оросын иргэн болсон нэгэн цэргийг халуун дотноор тэвэрч телевизээр гарчээ. Өөр нэг нь түүнийг Дмитрий Медведевтэй хамт цанаар гулгахаар явсан гэж мэдээлсэн байна.
Людмила нөхрийнхөө тухай ховорхон ярьдаг. 2002 онд гарсан “Владимир Путин: Эрх мэдэл рүү хүрэх зам” нэртэй намтарчилсан номонд Людмила нэлээд илэн далангүй яриа гарсан байдаг. В.Путин эхнэртэйгээ цаг тохирч уулзахдаа үргэлж бүтэн цагаар хоцорч ирдэг. Бас нөхөртөө зориулж бэлтгэсэн хоолыг нь гоочилно. Анхны хүүхэд нь төрөх үеэр В.Путин бизнесийн аяллаар явж байжээ. Тэгээд төрөх болсныг нь мэдсэн ч эхнэрээ хөлсний тэргэнд суулгаад эмнэлэг рүү явуулж байсан гэнэ. Владимир Путин эхнэр хүн гэрийн ажлаа л хийх ёстой гэж боддог тухай Людмила нэгэнтээ дурсаж байжээ. Хоёр дахь хүүхэд нь гэдсэндээ долоон сартай байх үедээ Людмила дэлгүүрт очиж, ногоо жимсээ өөрөө авдаг байсан гэнэ. Хажуугаар нь том охиноо арчилдаг байжээ. Людмила “Түүнтэй хамт байхад эхний 15 минут хэвийн өнгөрдөг. Дараагийн хагас цаг бол бас дажгүй. Гэвч бүтэн цаг өнгөрсний дараачаас би уйлмаар санагдаж эхэлдэг. Тэр ажлаа хийхдээ нягт нямбай байдаг боловч хувийн амьдралдаа хайхрамжгүй ханддаг хүн” гэж ярьсан байна.
“A Kiss – Not for the Press” нэртэй нэгэн кино 2008 онд гарчээ. Харин үүнийг хүмүүс Людмилагийн амьдралаас сэдэвлэсэн гэж үздэг. Киноны үйл явдал Санкт-Петербургт машинаар давхиж яваад осолд орж буй гол дүрийн эмэгтэй эмнэлэг рүү ганцаараа явж байгаагаар эхэлдэг юм. Харин нэг хэсэгт нь залуу бүсгүй сүйт залуудаа хандан “Чи намайг Германд аваачаач. Харин би чиний эхнэр болъё” гэж хэлж буйгаар гардаг билээ.
Ямартай ч Путин нэр нөлөөтэй болохын хэрээр Людмила олны хараанаас улам нуугдах болжээ. Түүнийг сэтгүүлчид ч эрж сураглаж эхлэв. Зарим нь түүнийг гэлэнмаа нарын сүмд амьдардаг болсон гэсэн бол нөгөө хэсэг нь тэр Парист амьдарч байгаа гэжээ. Гэвч аль нь ч үнэн эсэх нь тогтоогдоогүй юм. Эцэст нь өнгөрсөн пүрэв гарагт Кремлийн их танхимд сайтар дэглэгдсэн Путины жүжгийг Оросын ард түмэн телевизээр харав.
В.Путин эхнэрийн хамт “Эсмеральда” бүжгэн жүжиг үзэж гарч ирснийхээ дараа тэдний хувийн амьдралын тухай ам нээх эрхгүй Оросын сэтгүүлчдийн нэг нь “Та хоёр олон нийтийн өмнө яагаад хамт харагдахаа больчихов” гэж гэнэт асуухад нөгөө хоёр нь салахаар шийдсэн тухайгаа ярьж өгсөн юм. “Энэ бол бидний хамтын шийдвэр” гэж Путин хэлэхэд Людмила “Би Владимир Владимировичтэй санал нэг байна” гэжээ. Харин В.Путин “Бид бараг уулзахаа больж, өөр өөрсдийн амьдралтай болсон” гэхэд эхнэр нь “Бид боловсон ёсоор салж байна” хэмээн нөхрөө дэмжсэн юм.
В.Путин Оросын улс төрд сүүлийн 13 жилийн турш хамгийн нөлөөтэй хүн байсаар ирсэн. Түүнийг амьтны хүрээлэнд, эсвэл цэргүүдийн дунд байгаа мэтээр, нэг удаа бүр жаахан хүүг үнсэж байгаагаар зохиомжилсон зураг олонтаа гарч байсан ч хэзээ ч гэр бүлтэйгээ албан ёсоор патиараа татуулж байсангүй. Оросын ард түмэн В.Путины хоёр охиныг хэзээ ч харж байгаагүй. Тэр өөрөө ч тэднийг дурсдаггүй. Хэрэв ярих шаардлагатай бол нэрийг нь хэлдэггүй, зүгээр л “Тэд…” гэдэг байв. Людмила ч бас түүний хувьд ердөө л “Тэр” байсан бололтой.
Т.Элиса
URL: