“МИАТ”-аас болж гурван шөнө, дөрвөн өдөр “хоригдсон нь”

Манай иргэний агаарын тээврийн компанийн хүнд суртлаас болж Монголыг зорьсон Европын жуулчид эх оронд маань хөл тавьж чадалгүй замын голоос буцжээ-

Төрийн өмчит “МИАТ” ХК-д авлига нүүрлэж, энд ажиллагч “өндөр” албан тушаалтнууд татвар төлөгчдийн мөнгийг гарын салаагаар урсгасаар байгаа талаар дээр дооргүй бишгүй ярьж бичиж мэдээлж буй.
Ингээд зогсохгүй “МИАТ”-ийнхан иргэдэд үйлчлэх гол ажлаа хийж чадахгүйд хүрээд байгаа нэг жишээг бид энэ удаа хөндөж байна. “МИАТ”-ийн хүнд сурталт үйлчилгээний талаар өнгөрсөн гуравдугаар сарын 20-24-нд тус компанийн Улаанбаатар-Москвагын чиглэлийн онгоцны рейс саатсан үйл явдал дээр голлон өгүүлж байна. Энэ талаар тус рейсийн зорчигч Ц.Оюундарьтай ярилцсан юм.
-Эхлээд өөрийгөө танилцуулна уу. Та “МИАТ”-ийн онгоцоор байнга үйлчлүүлж нисдэг үү?
-Тиймээ. Ажил хэргийн шугамаар Москва, мөн Берлин зэрэг Европын чиглэлд сардаа 2-3 удаа нисдэг. Би Олон улсын хамтын ажиллагааны газарт ажилладаг хүн. Европ руу “Аэрофлот”, “Туркиш Эйрлайнс” зэрэг гадны компаниудын онгоцоор нисч болно л доо. Гэхдээ үндэснийхээ компанийн онгоцоор үйлчлүүлвэл ядаж эх орондоо хөрөнгө нь орж байгаа гэж бодож нисдэг.
-Гадны компани, “МИАТ”-ийн нислэгийн ялгаа өөр байх уу?
-Нэг их байхгүй л дээ. Гэхдээ гадны компаниудын нислэг баталгаатай. Үүнийг юунаас хэлж байна гэхээр бидний саатдаг нь тухайн рейс дээр “МИАТ”-ийн онгоц нөөц дугуйгаа авч яваагүйгээс үүдэлтэй байсан. 200 кг-ын жинтэй запас дугуйгаа орхиод түүний оронд Берлинээс кг-ыг нь найман еврогоор ачаа авах гэж тэр шүү дээ.
Тэр ачаа нь “МИАТ”-д ердөө л 1600 еврогын “ашиг”-тай, үүний төлөө “МИАТ” 120 шахам зорчигчоо дөрвөн өдөр саатуулан золиослож байгаа юм. Үүнийгээ “МИАТ”-ийнхан үйл явдлын дараа, хожим албан ёсоор мэдэгдсэн шүү дээ.
Гэтэл гадны компанийн онгоцнууд дээр ийм юм гарахгүй, баталгаатай байдаг. Үүгээр л ялгаатай. Манай нисэхийг гадныхтай харьцуулахад ямар ч хяналт, засаг захиргаагүй, бараг өөрсдийн дураар замбараагүй яваад байдаг юм шиг санагддаг.
-Тиймээ, “МИАТ”-ийн онгоц Москвад саатсан учир шалтгаан нь нөөц дугуйтай холбоотой байсан. Энэ талаар тухайн үед олонтоо мэдээлэгдсэн учир одоо хоёул газар дээр нь болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй өгүүлье. Хамгийн гол нь Москвад саатсан зорчигч та нар унтах газаргүй гурван шөнө, дөрвөн өдрийг өнгөрүүлсэн, дээр нь “МИАТ”-ийн төлөөлөгч нь орос хэл мэдэхгүй, тун хариуцлагагүй хандаж байсан гэж та анх хэлж байсан. Энэ бүхнийг л бид тодруулах гэсэн юм..?
-Би тэгэхэд Австрийн Вена хотод болсон олон улсын хуралд суучихаад буцаж явсан юм. Уг нь “Аэрофлот”-ын онгоцонд тасалбартай, түүгээрээ л явчих байтал биднийг Москвад пересадок хийх (шилжин сууж нисэх) үеэр онгоцыг маань солиод “МИАТ”-ийн онгоцонд шилжүүлчихсэн байсан.
Үүнийгээ бид мэдээ ч үгүй байлаа. Бид гэдэг маань нэг Франц иргэн, Герман гэр бүл байсан. Тэгээд бид Москвагын Шереметьевийн буудалд онгоцоо хүлээж байтал нэг хаалгаар баахан монголчууд гараад ирсэн. Тэд Берлинээс “МИАТ”-ийн онгоцоор Улаанбаатар руу нисэх хүмүүс байсан.
Тэр үед л бид “МИАТ”-ийн онгоцонд шилжигдсэнээ мэдсэн. Ер нь бол ингэж шилжүүлдэг хуваарь “МИАТ”, “Аэрофлот”-ын хооронд / хэлэлцээртэй/ байдаг юм билээ. Гэхдээ анх тасалбар бичихдээ энэ талаар буюу аль онгоцонд нисэхийг нь зорчигчоос асуудаг юм билээ.
Гэтэл биднийг Берлинээс Улаанбаатар руу нисэх “МИАТ”-ийн онгоцонд “биччихсэн” байж. Нэг ёсондоо “Аэрофлот”-ын онгоц дүүрчихсэн гээд биднийг “МИАТ”-ийн онгоц руу чихчихсэн тэр юм билээ.
-Тэгэхээр та нараас асуух нь байтугай, мэдэгдээчгүйгээр шилжүүлсэн гэсэн үг үү?
-Тийм. Үүнийгээ бид мэдэхгүй хүлээгээд байсан гэсэн үг. Энэ юу ч биш. Ингээд монголчуудтайгаа нийлээд “МИАТ”-ийн онгоц Улаанбаатар руу хэзээ нисэхийг хүлээж эхэлсэн дээ… Энэ хооронд Улаанбаатар руу “Аэрофлот”-ын нөгөө онгоц хэдийнэ нисчихсэн байсан.
Өглөө буусан бид 12.00 цаг хүртэл хүлээсэн. Онгоц 13.30-д ниснэ гэж мэдэгдэхээр нь хүлээгээд л байлаа. Хамгийн гол нь пересадок хийсэн бидний хувьд онгоцноосоо юм хумтайгаа буусан байхад нөгөө Берлинээс Улаанбаатар нисэх хүмүүс маань гар цүнх, гар утас, түрүүвчээ хүртэл авалгүй онгоцондоо үлдээгээд буусан учир хоол авч идэж ч чадахгүй хүртэл хүндрэлтэй их хэцүү байсан.
Тэднийг “МИАТ”-ийн хүн “Та нар түр бууна, удахгүй” гэж хэлсэн хэрнээ дөрвөн өдөр хүлээлгэсэн дээ. Ядаж онгоцны нөөц дугуй алга, Улаанбаатар руу захисан гэж аяндаа мэдэгдэж болох байлаа. Гэтэл тэгээгүй. Ингээд орой болсон.
Шереметьевийн буудал ямар байдгийг манайхан сайн мэдэх байх. Үйлчилгээ тун муу. Унтаж хэвтэх боломжгүй. Хүлээлгийн суудлууд нь дундаа тусгаарлагчтай учраас хэвтэж ч болохгүй. Энд би “Шереметьев-1″ буудлыг хэлж байгаа юм. Шинээр баригдсан “Шереметьев” нь гайгүй болсон гэсэн.
Тэр нь олон улсынх болж, биднийг буулгасан “Шереметьев-1″ нь бараг дотоодын нислэгийн буудал болсон учир нөхцөл байдал нь хуучнаараа хэвээрээ байсан. Харин дээр үеийнхээ төмөр суудлыг бодвол зөөлөвчтэй сандалтай байсан учир доороосоо даарах нь харин гайгүй байсан.
Тэгээд хоол идье гэхэд кафе-д нь нэг гуляш 20 ам.доллар, борш шөл 12 долларын үнэтэй байх жишээтэй. Ингэж нэг хоносон. Дараагийн өдөр нь онгоц мөн нисээгүй. “МИАТ”-ын төлөөлөгч гээд нэг залуу бидэнд учир байдлыг хэлэхийн оронд удахгүй ниснэ гээд л хүлээлгээд байсан.
-Зочид буудалд оруулах юм уу, хооллож ундаалах зэргээр үйлчлээгүй гэсэн үг үү?
-Тэр ч бидэнд бараг мөрөөдөл байсан даа. “МИАТ”-ын төлөөлөгч залуу нь ядаж оросоор ч ярьж чадахгүй байсан учир бидэнд үйлчлэхээсээ илүү биднийг цөхрүүлсэн дээ. Хүмүүс түүнийг шавж одоо яах вэ, өлсөж байна, онгоц хэзээ нисэх вэ, яагаад биднийг буудалд аваачихгүй байгаа юм гэж юм юм л гуйсан.
Амралтын өдрүүд таарсан тул буудалд дүүрчихсэн, өрөөгүй байна гэсэн тайлбар өгч байсан. Түүний үзүүлсэн ганц тусламж гэвэл энэ дөрвөн өдөр өгсөн хоолонд орох талон /ваучер/ л байсан байх.
Сүүлийн хоёр өдөр нь гуйлган байж хийлдэг гудас, онгоцонд байдаг дэр, бүтээлэг өгсөнөөр харин хүмүүс хоёр өдрийг нуруу тэнийлгэж ёстой амарч хоносон гэж хэлж болно. Өөр юу ч хийж чадаагүй.
Ийм байдлаар гурван шөнө, бүтэн дөрвөн өдрийг өнгөрөөсөн дөө. Энэ бүхэнд “МИАТ”-ийн хүн уучлаарай ч гэж хэлээгүй, удахгүй ниснэ гээд л биднийг хуураад байсныг бид хожим мэдсэн.
-Зорчигчид ямар хүмүүс байсан вэ?
-Их хэцүү. Хэлэхэд ч хэцүү байна. Хоёр суга таягтай нэг хүн байсан. Настайчуул болон залуус голдуу хүмүүс байсан. Тэгээд ч тэр үү, үнэхээр тэвчээртэй, нөхцөл байдалдаа тааруулаад тэсвэртэй хүлээсэн дээ. 2-3 хүүхэдтэй гэр бүл хүмүүс ганц хоёр байсан.
Нэг авгай Германд эмчилгээ хийлгээд буцаж байгаа гээд бүр өвдөгөндөө төмөр хадаас хадуулсан явж байсан. Тэгээд ямар ч эм тангүй явсан. Түүнээс гадна мөн л эмчлүүлээд буцаж байгаа гээд нэг унаж тусдаг эмэгтэй байсан.
Тэр хүнд эмийг нь ойртуулаад өгөөч гэж “МИАТ”-ийн төлөөлөгч залуугаас гуйхад аптек ороод эм аваад ирж чадахгүй, гадагшлах хаалгаар ч бараг нэвтэрч чадахгүй, оросуудтай үг хэлээ ойлголцож чадахгүй нэгэн байсан.
Ийм л хүмүүс эх орноо .төлөөлөөд сууж байна гэж бодохоор үнэхээр харамсалтай, дээр нь үнэхээр өрөвдөлтэй байсан. Ядаж ахмад, өвчтэй хүндээ тэргэнцэр олж ирээд суулгачих сэтгэл байх байсан, тэгээгүй. Харин азаар нөгөө унаж тусдаг гэх эмэгтэйн эмгэг нэг их хөдлөөгүй ирсэндээ.
Тэгээд ч эмийг нь авч өгч чадалгүй байсаар онгоцонд суулгасан даа. Хамгийн харамсалтай нэг явдал болсон нь Берлинээс Улаанбаатарт сэхээнд байгаа дүүгээ эргэх гээд явж байсан нэг хүүхэнд тохиолдсон. Тэрээр нөхрөө гуйж байж хамгийн үнэтэй билет яаралтай авахуулаад ниссэн юм байна.
Энд Улаанбаатарт ирсэн хойно нь бид нэгэнтээ -3-4 өдөр хамт байсныг хэлэх үү, нэг нэгнээ таньдаг болоод байсан учир ирсэн хойноо утасдаад ярьж байх нь ээ дүү нь эгчийгээ Москвад тэгэж саатаж байхад хооронд өнгөрчихсөн байсан…
Талийгаач дүү нь ганцхан эгчийгээ хүлээж байсан юм билээ. Тэр хооронд эгч рүүгээ их холбогдсон ч гэрийнхэн нь сэтгэлийг нь зовоохгүй гэсэндээ юм хэлээгүй юм билээ.
-Хэрэв онгоц тэгэж Москвад саатаагүй бол эгчтэйгээ уулзаж амжих байж дээ…?
-Тэгэлгүй яахав. Биднийг ирэхээс өмнөх өдөр нь өнгөрчихсөн байсан юм билээ.
-Дараа нь “МИАТ-ийнхан та нараас уучлал гуйж нөхөн төлбөр өгсөн үү?
-Бараг уучлалт гуйгаагүй дээ. Зорчигч тус бүрт 200 ам.доллар өгсөн. Энэ хооронд хүмүүс ажил алба, олон зүйлээ алдсан. Жишээ нь, Германаас жуулчлалаар явж байгаа гээд Европын нэг гэр бүл байсан. Монголд аялахаар явж байсан юм билээ. Тэгээд энэ хүндрэл, саатлаас болоод Монгол руу явалгүй, шууд Оросоос буцсан.
Тэд Монгол руу явах ийм баталгаагүй байдаг юм байна. гэж бодсон. Бас нэг явдал гэвэл Монгол найз бүсгүйтэйгээ явж байсан нэг Европ залуу хүлээж чадахгүй юм байна гээд бид Улаанбаатар оролгүй, шууд Япон руу нисье, биднийг өөр рейст шилжүүлж солиод өгөөч гэхэд гадаадын хүнийхийг нь болно гээд, нөгөө Монгол бүсгүйг болохгүй юм байна гээд бүр иргэний харьяалал, үндэс угсаагаар нь “ялгаварлаад” үлдээчихэж байгаа юм.
Нөгөө бүсгүй нь уйлаад үлдсэн. Залуу нь яагаад ингэж байгаа юм бэ гээд цөхрөнгөө бараад үгээ хэлж чадахгүй байсан.
-Та нарыг саатаж байх хооронд “МИАТ-ийн төлөөлөгч залуугаас өөр албаны ямар ч хүн харилцаагүй, ирээгүй юу?
-Бидэнтэй байнга харьцаж байсан нь тэр залуу байсан. Түүнээс гадна онгоцны инженер нь ч юм уу нэг хүн ирж байсан. Тэр нь нөгөө залууг бодвол англиар ярьдаг, оросоор харьцдаг юм билээ. Гэхдээ тэр хүн бидэн дээр ганц хоёр удаа ирсэн.
Түүнээс гадна хоёр дахь өдрөө билүү дээ, Москва дахь манай улсын ЭСЯ-наас зөвлөх гэсэн албан тушаалтай нэг хүн ирсэн. Тэгсэн хэрнээ баахан юм ярьж байснаа “Та нар манай Монголын нөхцөл байдал ямар байдгийг мэднэ биз дээ. Ийм л байдаг шүү дээ” гэх ухааны юм яриад явсан.
“МИАТ”-ын төлөөлөгч залуу болон ЭСЯ-наас ирсэн тэр хүнийг хараад бид манайхныг Москвад ойлгодог ч үгүй юм байна, хүндэлдэг ч үгүй юм байна гэсэн ойлголт төрсөн. Тэд Монгол Улсынхаа иргэн, иргэдийн төлөө юу ч хийж чадаагүй.
Ганц хийж “чадаж” байсан зүйл нь өдрийн хоолны талон, матрас тараах л байсан байх. Болсон үйл явдлын талаар тэнд байсан зорчигч бидний зүгээс ГХЯ, ЭСЯ, дипломат албанд мэдэгдсэн.
Гэвч түүний дагуу ямар арга хэмжээ авсан, хэнд хариуцлага тооцсон талаар ямар ч хариу өгөөгүй. Энэ талаар ОХУ-д суугаа манай Элчин сайд Д.Идэвхтэн, Улаанбаатарт байгаа дипломат газрын дарга Ш.Сүхбаатар нараас хариу хүлээж байна.
 Бид дээрх ярилцлагыг хэн нэгнийг, тухайн байгууллагын үйл ажиллагааг харлуулах, үгүйсгэх, нэг талыг хэт барих үүднээс хийсэнгүй.
Болсон явдлыг үйл явдалд оролцогч гэрчийн ярьснаар хүргэв. Төрийн албаны үйлчилгээ бодит байдал дээр гадаад, дотоодод ямар байгааг харуулах үүднээс тухайн зорчигчийг олж уулзан ярилцсан юм.
Ярилцсан Б.Болд
Эх сурвалж: “Бизнес таймс” сонин

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих