Амаржих газруудад “амь тариа” хэрэгтэй байна
Ийм нэг онигооны эзэн болжээ, манай улс. Сая таван зуу мянгад гурав…
Төрийн гурван өндөрлөг бол лав биш. Кино театрууд ч бас биш. Хариулт нь хотод байгаа төрөх эмнэлгийн тоо. Төрөлт нэмэгдсэн гэж Эрүүл мэндийн яам баяр ёслолын байдалтай зарлаж, Монголын үрс маш олон болтугай гэж уриа хашгирч байгаа ч яг үнэндээ тэдэнд хангалттай хүрэлцэх төрөх эмнэлэг алга.
Байгаагийнх нь урд хэзээ босох нь үл мэдэгдэх барилга овоолж, хашаа хатгана. Барих гэж байгаа нь чухам яаж бариад байгаа нь мэдэгдэхгүй. Мэдэгдэж буй хэдхэн зүйл нь эмнэлэг ачааллаа дийлэхгүй, ор хүрэлцэхгүй, мэдлэг дутмаг бакалаврын дипломтой цагаан өмсгөлтнүүд. Бүх төрөх эмнэлгийн үүдэнд хүмүүс дугаарлаж, ар, өврийн хаалгаа ч болов ашиглачих гээд барьц алдаж явна.
Тэвч, итгэ, хүлээ. Тэгвэл чи хэвтэнэ
Монголд байдаг цөөхөн төрөх эмнэлгүүдийн төлөөлөл болох хоёрдугаар амаржихын гадна болоод дотор талд ч хүмүүс чамгүй олон. Үүдэнд байх цөөхөн сандал дээр тэнгэр шиг гэдэстэй эхчүүд сууж байна. Тэд бидний дунд өсөж бойжихоор яарах хэн нэгнийг угтаж авах гэж энд эмчийн гар харан суугаа юм. Тэд мөн Өрөөнөөс гарах өөр нэгэн тулгар эхийг хүлээж суугаа нь энэ. Учир нь тэдэнд ор сулрахаас нааш өвдөх эрх байхгүй. Энэ бол төрөлт нэмэгдсэнтэй холбоотой ор дэрний дутагдал.
Ийм нөхцөлд ор хүрэлцэхгүй асуудлыг ч амаржих газрын ажилтнууд зохицуулсаар уджээ. Учир нь сүүлийн жилүүдэд жирэмсэн эхчүүд нэмэгдэж ийнхүү эмнэлгийн гадна дотно сандалд дугаарлалт үүсчээ. Энэ тухай ч сувилагч, эмч нар нуугаагүй. Ийм л байдалтай төрөх эмнэлгүүдийн зүрх сулхан цохилж байгааг яамны сайдад уламжилъя. Мэдээж ийм л орчинд өнөөх танил тал, авлига цэцэглэх нөхцөл бүрдэх нь гарцаагүй биш гэж үү.
Балиашиг
Төрөх эмнэлгийн хаалга зогсоо чөлөөгүй савлана. Учир нь хүний эргэх буцах хорвоогийн хаалгыг өнөөдөртөө энэ хэсгийн модон хаалга төлөөлж буй. Иймийн дотор өрөө сулрахыг хүлээж өвдөх ч эрхгүй суух нэгэн байхад хүлээлгийн сандал байгаа үгүйг ч мэддэггүй бас нэг хэсэг байгааг ажиглаж болно.
Хариугүй төрөх шахсан тулгар эхийг хүн гэж үзээгүй эмч нар нь “балиашиг ирлээ” хэмээн үнэтэй машинаас буух нэгнийг тосон гүйлдэж өрөөнд нь хүргэж байх хооронд, хүлээж цөхөрсөн эхчүүд угтах үйлчилгээн дээр очиж нэлээд бухимдаж байгаа нь харагдана.
“Балиашиг” гэдэг нь эгэл ардын төлөөлөл жирийн эх биш гэнэ. Хэрвээ төрөх гэж буй эх балиашиг биш бол мөн 03.00 цагаас өмнө амаржсан бол эмнэлэгт ганц шөнийг л үдэх аж. Арай хийж хоёр яс салаад бүрэн тэнхэрч амжаагүй байтал эмнэлгээс хөөгдөх нь тэр.
Уг нь өмнө нь дор хаяж хоёр гурав хонуулаад дахин төрсөн юм шиг гаргадаг байсан гэлцдэг. Чухам яагаад ийм өөр байгааг ойлгосонгүй. Энэ тухай эмч нараас нь асуувал, “Юу гээд балайраад байгаа юм” гээд уурлаж, эсвэл “Би мэдэхгүй” гэнэ. Зарим нь хэлгүй дүлий мэт болчих юм. Ядарсан мань мэт нь ингэж хүлээдэг биз” гэж охиноо хэвтүүлэхээр ирсэн Сонгинохайрхан дүүргийн XX хорооны иргэн П.Даваасүрэн цөхөрсөн байдлаар хэллээ. Зарим гэр бүлүүд долоо хоног хөөцөлдсөний эцэст өнөөдөр хэвтэхээр болсон аж. Балиашиг болж төрөөгүй нь тэдний буруу биш л баймаар.
Өргөтгөл барих газар байхгүй
Хоёрдугаар төрх гэж тал талаасаа газраа тонуулж, орчин үеийн барилгуудад хавчигдсан эмнэлэг бий. “Мэйн ланд” гэх компани баруун талд нь барилга барьж, хашаан доторх газрыг нь ухан шугам татаж, эх нялхсын эрүүл мэндэд муугаар нөлөөлөх тоос шороо босгож буйг Эрүүл мэндийн сайд өөрийн биеэр шалгасан. УИХ дахь эмэгтэй гишүүд хүртэл “Шинэ өргөтгөл барьж өгнө. Бид чадна” гээд л сураггүй болжээ.
Нийслэлийн газрын албанаас хоёрдугаар төрөхөд 730 ам метр газрыг 15 жилийн хугацаатай олгосон ч эмнэлгийн дор байх хүнсний хоёр зоорийг хэзээ ч юм нэг дарга нь хувийн компанид өгчихөж.
Тус компани нь “Зоорь минийх учраас газар нь бас манайх” гээд хялам ч хийхгүй байгаа гэнэ. “Уг нь одоогийн барилгыг нурааж, 150-180 ортой, зургаан давхар эмнэлэг барихаар анх төлөвлөсөн ч газрын маргаанаас болоод яахаа мэдэхээ байсан даа” гэж амаржих газрын Д.Цэцгээ ярив.
Ийм барилга барихын тулд хуучин барилгын талыг буулгаж байж газрыг нь ашиглахгуй бол одоо байгаа умгар газарт барих боломжгүй гэж инженерүүд шаарджээ.
Ингээд эмнэлгийнхэн газраа авахаар шат шатны шүүхэд хандсан ч ялагдчихсан байна. Тиймээс хуучин барилгыг буулгах, үгүйг хурдан шийдэх хэрэгтэй байгаа юм. Толгой эргэм олон байгууллагын дунд хоёрдугаар төрөхийн хувь заяа төөрсөөр, албаныхан ч учраа олохгүй төөрөлдсөөр. Энэ янзаараа Сонгинохайрхан дүүргийнхний орчин үеийн шинэ төрөхтэй болох мөрөөдөл “Мянгуужингийн үлгэр” болох нь ээ.
Хүлээлт их ч төсөв нь бага
Үнэхээр чамлалттай төсөвтэй учраас үйлчилгээ үзүүлэхэд тун хүнд болохыг эмнэлгийн удирдлагууд хэлж байсан юм.
“Төсөв үнэхээр бага. Одоохондоо нарийн тоог нь хэлж хараахан чадахгүй байна. Нэг эхийн ариун цэврийн хэрэглэл зэрэгт 50 мянган төгрөг зарцуулагддаг болохоор хаана ч хүрдэггүй. Эрүүл мэндийн даатгалын сангаас орж ирэх ёстой мөнгө нь ордоггүй. Хуулиндаа улсаас эх, хүүхдийн төрөх асуудлыг төр даана гээд заасан болохоор дусаах төдий багахан л юм ирдэг. Гэхдээ бид эмнэлгийн олон арван үйлчлүүлэгчид, ажилтнуудын сэтгэлийн дэмээр болдог л юм. Манай эмчлүүлэгчид ор хүрэлцэхгүй байгаа асуудлыг харин ч сайн ойлгодог шүү. Бид 1959 оны нурах нь холгүй байранд 75 ортой ч 35 ор нэмж, өдөртөө 140-150 хүн хүлээн авч сардаа 650 гаруй эхчүүдийг төрүүлж байна” гэж Нийслэлийн хоёрдугаар амаржих газрын чанарын албаны менежер С.Ариунгэрэл ярьсан.
Хөл хүнд ээжүүдийг хүлээлгийн сандалд суулгадаггүй төрөх эмнэлгүүдтэй байхыг хүснэм. Эхчүүдийг ирж төрөх хэмжээгээр нь хүлээж авч чадахаа больтлоо туйлдсан хоёрдугаар эмнэлэгт “амь тариа” хэрэгтэй.
Ж.Эрдэнэчимэг
Эх сурвалж:Нийгмийн толь
URL: