УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг иргэний мэдээллийн дагуу шалгажээ
Улсын мөрдөн байцаах газраас шалгаж байгаа томоохон хэргүүдийн явцын талаар мэдээлэл өгөх үеэр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын гэргий О.Эрдэнэсолонгыг хорьсон талаар асуудал хөндөгдсөн юм. УМБГ-ын дарга, хурандаа Ц.Батсүхийн баталж буйгаар тус газарт УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяртай холбогдох авилга авахаар тулган шаардаж, дарамталсан тухай гомдол ирснээс үүдэн түүний эхнэрийн данс анхаарал татаж эхэлжээ.
Энэ оны гуравдугаар сарын 20-нд иргэн “Ч” гэгч “Намайг Энхтайваны гүүрэн дээр хэсэг залуус зодож, “Ланд круйзер 200” маркын автомашиныг минь дээрэмдчихлээ. Энэ хэрэгт УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг би сэжиглэж байна. Учир нь БСШУ-ын сайд байсан Ё.Отгонбаяр гэж хүн сайдаар ажиллаж байхдаа Налайх дүүрэгт барьсан миний нэр дээрх барилгын ашиглалтын зөвшөөрлийг өгөхгүй байсан. Ё.Отгонбаяр барьсан барилгыг минь ашиглалтад хүлээж авахдаа 230 сая төгрөгийг хахуульд авах саналыг хүнээр дамжуулан надад тавьсан. Энэ хахуулийн мөнгийг өгөхгүй гэсний хариуд хүмүүс явуулж, намайг зодуулж, дээрэмдүүллээ” гэсэн гомдол ирүүлжээ. Уг гомдлын дагуу мөрдлөг явуулахад үнэн болох нь батлагдсан байна. Уг хэргийг зодсон, хээл хахууль өгөхийг санал болгож зуучилсан хүмүүс нь гэрчилжээ. Мөн Ё.Отгонбаярыг гомдол гаргасан иргэнтэй хамт хоолонд орох үедээ хахуулийн мөнгө нэхэж, мөнгөний хэмжээний талаар тохиролцож байгаа баримт нь ч бий ажээ.
Дээрх хэргээс үүдэн Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанаас тодорхой мэдээлэл авч, нотлох баримт цуглуулах явцад Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгын дөрвөн банкин дахь 26 дансаар их хэмжээний гүйлгээ орж, гарсан нь тогтоогджээ.Тухайлбал, 2010 оны есдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 300 сая, 420 сая, 338 сая, 80 сая төгрөг дараалан О.Эрдэнэсолонгын дансанд орж, дахин хоёр дансаар дамжин өөр банкны нэг дансанд төвлөрч, улмаар төвлөрсөн мөнгийг хэн авсан нь мэдэгдэхгүй бэлнээр гаргасан тохиолдол бий ажээ. Хурандаа Ц.Батсүх эдгээр дансаар орж гарсан нийт их хэмжээний мөнгөний тухай асуудлыг одоо хадгалагдаж буй мэтээр ташаарч буйг анхааруулсан юм.
УМБГ-аас одоогоор дампуурсан Анод, Зоос банкууд болон өөр хоёр банкинд ажлын хэсэг томилохын хамт аудитын шалгалт оруулаад буй аж. Албаны эх сурвалж гүйлгээний нийт мөнгөн дүнг эцэслэн зарлахаас татгалзсан юм. Мөн мөрдөн байцаалтын явцад хангалттай нотлох баримт цугларсан тул ар гэрийнхэн болон өмгөөлөгчийнх нь хүсэлтийг хүлээн өвч О.Эрдэнэсолонгыг өвчний улмаас гадуур шалгах хүсэлтийг хүлээн авч, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлтийг өнөөдөр прокурорт хүргүүлсэн байна.
Харин ЦЕГ-ын ОНХТ-ийн дарга, хурандаа Т.Сайнжаргал “Цагдаагийн байгууллагаас О.Эрдэнэсолонгийн дансаар хийсэн гүйлгээний мөнгөн дүнгийн талаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй. Энэ талаар ташаа мэдээлэл цацсан” хэмээн онцолсон юм. Мөн УМБГ-ын дарга, хурандаа Ц.Батсүх,“УМБГ-т шалгагдаж байгаа хэргийг зарим улс төрийн нам улс төржүүлж, олон нийтэд буруу ташаа ойлголт төрүүлж байгаа учир мэдээлэл хийж байна. Сонгууль болж байна гээд мөрдөн байцаалтын үйл ажиллагаа тасалдах ёсгүй. Манай байгууллага хуулиар болон нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна” хэмээсэн юм.
Я.Баяр
МОНЦАМЭ
URL: