Бурхнаар бөөлжигчийг биш, дэлхийгээр даажигнагчийг шийтгээч

mungunchimeg_oyungerel-middleБайсхийгээд л хүн итгэхийн аргагүй шуугиан тарьж, түүгээрээ хэсэгтээ амьсгалдаг гаж үзэгдэл Монголд газар аваад удлаа.

Нийгэм даяараа түүнийг даган хошуурна гэж жигтэйхэн. Тархины тэжээл тасалдаж байгаагийн шинж байж ч болох юм. Магадгүй, оюуны гэхээс илүүтэй сэтгэлийн боловсролын өлсгөлөнгийнх биз.

Он гарснаас хойш удалгүй нэгэн дуулиан Монголд тархсан нь бурхнаар “бөөлжиж”, чулуугаар “бие засдаг” залуухан бүсгүй Хөвсгөл аймгийн Галт сумаас тодорсон явдал байлаа.

Орон нутгийн сурвалжлагчийн газар дээрээс нь мэдээлснээр тэрбээр жил гаруй хугацаанд бүх нүх сүвээрээ 2000-гаад чулуу, 20 гаруй бурхан “төрүүлсэн” гэнэ. Анхандаа чулуу гаргаж байсан бол, сүүлдээ бурхдаар бөөлжиж эхэлсэн тухай мэдээлэл ёстой л гэрлийн хурдаар тархсан даа. Түүнийг дагаж хичнээн хүн хүссэн зүйлээрээ “бөөлжсөн” гэхэв. Эх адаггүй л юм болсон. Ямартаа манай хошин шогийнхон энэ жилдээ сэдвээр дутахгүй байх.

“Толгой хагаравч малгай дотроо, олгой хагаравч тогоон дотроо” гэдгээр зөвхөн Монголдоо ингэсхийгээд өнгөрсөн бол яая гэхэв. Харамсалтай нь, мэдээллийн эрин зуунд амьдарч байгааг нотолж, цахим ертөнцөөр дамжин дэлхий дахинд цацагдах нь тэр.

Ядаж байхад сэтгэлийн хөөрөлдөө автсан сурвалжлагч нь “нүдээр үзэж байж эргэлзээ тайлагдлаа” гээд л, нутгийн иргэд нь “Ирж үзэхгүй бол итгэхийн аргагүй. Шинжлэх ухаан сонирхдог хүнийхээ хувьд асуудалд хөнгөн гоомой хандаагүй, үнэхээр үнэн байна” гэж батлаад л. Түүнийг нь Монголдоо хамгийн нэр хүндтэй телевиз итгэл үнэмшилтэйгээр орон даяар цацаад л явж өгсөн дөө. Эгээ л худал мунхагийн түймэр Дорнодын талд шүдэнз зураад шидчихсэн мэт дүрэлзэж гарсан юм.

Шээсний сүвээрээ 9,7 кг чулуу гаргаж, хадганд өлгийдөн авсан үеийнх нь гэрч ч гэх шиг. Ёстой балайрч өгсөн. Зүгээр хүн гэдэг үүднээс бодоход шээсний сүвээр шээс л гарна биз дээ. Тийм том чулуу бүү хэл, баас гарах уу. Хэрвээ тэгдэг бол бурхан хүний олон сүвийг хэдийнэ цомхотгочих байсан биз.

Энгийнээр хэлэхэд энэ бол эмгэнэл юм. Уншихаа болихоор сэтгэхээ больдгийн жишээ. Дөнгөж 20 настай, бага ангийн боловсролтой бүсгүй олон хүнийг хуурч дөнгөжээ. Дунд сургуулиа ч дүүргээгүй тэрбээр бага насны хүүхэд анх үзэг цаас нийлүүлж байгаа мэт муруй тахир зүйл баахныг жирийлгэчихээд “Янз үсэг” гэдэг бичиг бий болгосон гээд хээвнэг сууж байх юм.

Манайхан өөрийн толгойгүй мэт бусдад автдагийн бодит түүх энэ. Эцэст нь, В.Мөнгөнчимэг нь залгисан бурхнаа буцаан бөөлжиж, үүнийгээ иргэдэд “бурхан төрүүлж байна, бүх нүх сүвээрээ бурхан гаргаж байна” гэж төөрөгдүүлдэг байжээ гэж ирээд л гэр дүүрэн хүн тойрч суугаад бишрэн харж байгаагүй мэт муухай зан гаргаж эхлэх нь тэр. Өрөвдмөөр ч юм шиг.

Хэргийн эзэн бүсгүй “төрүүлсэн” бурхдаа гэрийнхээ ойролцоох шашны дэлгүүрээс худалдан авсныг цагдаагийн ажилтнууд тогтоож, түүнд бусдыг залилан мэхэлсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, прокурорт шилжүүлсэн байдаг. Гэм буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль ногдуулах эсвэл гурав хүртэлх сараар баривчлах ялаар шийтгэх хуулийн заалттай зүйл ангиар буруутгасан. Бас л чанга байгаа юм шүү.

Үнэндээ тэр бүсгүйн бусдад болоод улсад учруулсан хор хохирол нь ийм хэмжээний ял авахад дүйцэх үү гэдэг нь өөрөө тун сонин. Тэр хэнд хохирол учруулсан юм бэ. Эрүүл ухаантай хүн итгэмээргүй зүйлд дээр доргүй үнэмшиж байсандаа ичээд буруутан хайсан алхам биш гэж үү. Итгэсэн эргүүтсэн хүмүүс нь л өөрсдөө ичмээр юм. Сэтгэцийн өөрчлөлттэй, хэрэг хүлээх чадваргүй хүний шоглоом болсондоо ичих хэрэгтэй.

Хөвсгөл аймгийн прокурорын байгууллага энэ хэргийг хэрэгсэхгүй болгон хаах шийдвэр гаргасны учир нь В.Мөнгөнчимэг сэтгэцийн өөрчлөлттэй болохыг эмнэлгийн байгууллага нотолсонд байгаа юм. Ингэж боловсрол нимгэн, хөдөөний охинтой зууралдаж байхынхаа оронд арай даацтай юмнаас барьж аваач гэмээр байна.

Бусдыг итгүүлэх гэж арзайж сарзайсан тэр олон бурхныг хүний нүд хариулан байж залгиад эргүүлээд бөөлжих гэж биеэ бас ч гэж нэлээд тамлаа шүү дээ. Харин тэгэхэд биеэ огт зовоолгүйгээр бусдын тархиар наадаж ашиг орлого олсон нөхдүүдийг шалгаж, ёстой тэр эрүүгийн хариуцлагаа үүрүүлмээр байна.

Ийм жагсаалтын эхэнд нэрлэх хүн гэвэл “Орифлейм”-ын Оюунгэрэл. Дайны хажуугаар дажин гэгчээр дэлхий сөнөнө гэж айлгаж, загнахын хооронд авирлаж байгаад “Дэлхий сөнөхөд хэрхэн амьд үлдэх вэ” гэдэг 22000 төгрөгийн үнэтэй номоо шахсан тэр хатагтайг цагдаагийнхан яагаад шалгахгүй байгаа юм бэ.

Зөвхөн номоор ч зогсохгүй, арванхоёрдугаар сарын 21-нд дэлхий сөнөнө, тас харанхуй болно. Лаа шүдэнзээ базаа, хээр гарч гэрт байрла гэдэг суртлыг түгээж олон хүний сэтгэлээр наадчихаад өөрөө алга болоо биз дээ.

Улаанбаатар паласын танхим дүүрэн хүний өмнө цахиртсан хоолойгоор дэлхий сүйрнэ хэмээн зарлаж, цамнаж байсан тэр хатагтайд арга хэмжээ авч чадахгүй байж, хөдөөний нэг сэтгэцийн өвчтэй бүсгүйг оролдож яах нь вэ дээ, чааваас.

“Орифлейм”-ийн эзэн хатагтай дэлхий сөнөхөөр далимдуулж, хэчнээн хэмжээний ашиг олсныг тооцоод гаргаад ирсэн хууль хяналтынхан гэж байна уу. Хөвсгөлийн хүүхнийг бус хатагтай Оюунгэрэлд ёстой тэр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль оногдуулах хэрэгтэй шүү дээ. Түүнээс илүү байсан ч тэр төлж ,чадах хөрөнгөтэй хүн.

Тэрбээр “Би олон жил судалгаа хийсэн хүн. Энэ судалгаанаас үзэхэд арванхоёрдугаар сарын 21-ний өдөр дэлхий сүйрэх нь гарцаагүй” хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдэгдсэн. Энэ бол баримт. Хүн хэлсэн үг, хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. Тэр дундаа олон нийтийг үймүүлж, аливаа мууд уриалан дуудаж, эмх замбараагүй байдал үүсгэсэн бол эрүүгийн хариуцлага хүлээх ёстой.

Хуулиас дээгүүр хүн гэж үгүй. Хуулийн өмнө бид эрх тэгш. Хатагтай Оюуншэрэл одоо Монголд байгаа. Түүнийг шалгаач. “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэдэг шиг бурхнаар бөөлжиж биеэ зовоогч эмэгтэйг бус, дэлхийгээр даажигнаж, биднийг мэхлэгчийг шийтгээч гэмээр байна.

Н.Саранчимэг


URL:

Сэтгэгдэл бичих