Америкийн засгийн газрын нэр хүнд навс унав

9b2e512de0b41707bigМиний янаг амрагийн харилцаа, утсаар секс хийх, хүнтэй болзох, бизнесийн хүмүүстэй олон сая долларын ажил ярих, эцэг эхдээ мэндчилгээ дэвшүүлэх гээд өдөр тутмын амьдралд цахим шуудан, гар утас ихээхэн ашиглагдаж байна.

Эдгээр үйл явдлыг хөндлөнгийн хүн тэр болгон мэдэх албагүй. Би сайн найздаа эдгээрийг хуучилж ч болно. Гэвч гурав дахь этгээд үүнийг сонсоод, бичээд сууж байна гэдэг миний хувьд аймшигтай санагдах нь мэдээж. АНУ-ын засгийн газар 2007 оноос хойш ийм тагнуулын ажиллагаа явуулж байсан нь илэрсэн билээ.

Тус улсын Батлан хамгаалахын үйлдвэр, тусгай албаны “Booz Allen Hamilton” хэмээх компанид нэлээд чухал ажил эрхэлж байсан Эдуард Сноуден хэмээх залуу Вашингтоныг дэлхий нийтийн өмнө шившиг болгосон юм. Тэрбээр өнгөрсөн сараас Хонконгод амьдрах болсон. Энэ нь өөрийнхөө аюулгүй байдлын төлөө хийж буй түүний чадах хамгийн зөв сонголт юм.

“Booz Allen Hamilton” компани нь тагнуулын шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг. АНУ-ын засгийн газраас 2007 онд PRISM хэмээх аварга төсөл хэрэгжүүлсэн бөгөөд үүний хүрээнд тус компанитай хамтран ажиллажээ. Уг төслийн зорилго нь олон улсын технологийн томоохон компаниудын цахим хаяг руу нэвтэрч мэдээлэл хулгайлах байв. Үүнийгээ ч хэрэгжүүлж чадсан.

Эдуард Сноудены ярьснаар Америкийн харилцаа холбооны пүүс “Verizon” хэрэглэгчдийнхээ мэдээллийг PRISM төслийнхөнд дамжуулж байжээ. Тус компаниар ч зогссонгүй. Цахим шуудан, харилцаа холбооны үйлчилгээ явуулдаг “Google”, “Yahoo”, “Microsoft”, тэрчлэн, “Facebook”, “Twitter” гэх мэт сайтууд хэрэглэгчдийнхээ мэдээллийг засгийн газрын тагнуулын байгууллагуудад шилжүүлж байсан гэх цуу яриа тархсан юм. Эдгээр компани нь үйлчлүүлэгчдийнхээ мэдээллийг задруулах эрхгүй байдаг ч PRISM-ийнхэн ямар нэгэн байдлаар олж авсан бололтой. Технологийн аварга компаниуд засгийн газартай хамтран ажилладаггүй гэдгээ мэдэгдсээр байна.

Эдуард Сноуден “Guardian”, “Washington post” сонинд АНУ-ын тусгай албаны нууц мэдээллүүдийг илчилсэн юм. Тиймээс холбооны улсын зарим удирдлагууд эл хэргийн талаар эрүү үүсгэх сонирхолтой байгаа. Ялгаатай нь тусгай албаныхан иргэдээ тагнаж байснаа хүлээн зөвшөөрсөн билээ. Үндэсний аюулгүй байдлын агентлаг нууц мэдээлэл гадагш алдагдсан асуудлаар Хууль зүйн яаманд эрүүгийн хэрэг үүсгэх шаардах бичиг илгээжээ. Гэвч Эдуард Сноуденыг тойрсон хэрэг нь нэлээд дуулиан дэгдээж, араасаа олон арван асуудлыг сөхөж болзошгүй тул АНУ-ын эрх баригчид төдийлөн яарч хөдлөхгүй байна. Магадгүй эрүүгийн хэрэг үүсгэхгүй ч байж мэднэ.

Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэлдээ “Нууц мэдээлэл алдагдсанд харамсаж байна. Эдгээр хөтөлбөрийг нууцалсан нь маш их учиртай. Жишээлбэл мэдээллийн дунд терроризмын хэд хэдэн асуудал бий. Бидний зорилго дайсныг манай улсад цохилт өгөх аргагүй болгоход оршино. Алхам бүрийг сонинууд тайлбарлаж, телевизийн мэдээлэл болговол алан хядагчид хариу арга хэмжээ авч болзошгүй. Тиймээс хөтөлбөрийг нууцалсан. Мэдээлэл гадагшаа нэвтэрч алдагдвал алан хядах ажиллагааны эсрэг хөтөлбөрүүд, зарим хүний ажилд ихээхэн саад учирна. Тиймээс иргэдээ хамгаалах боломж багасна” гэжээ.

Их Британийн “Guardian” сонинд Америкийн тусгай албаныхан сүлжээгээрээ дамжуулан улсынхаа холбоо харилцааны компаниудын хэрэглэгчдийн утасны яриа, текст мессэжийн мэдээллийг авч байсан тухай баримт бичгийг нийтэлсэн юм. Мөн “Washington Post” сонинд тусгай албаныхан интернэтийн сүлжээг хянах томоохон нууц систем ажиллуулдаг тухай баримтыг нийтэлжээ.

АНУ-ын Хууль зүйн яам эл явдлын талаар эрүүгийн хэрэг үүсгэвэл “Guardian”, “Washington Post” сонин асуудалд орох нь тодорхой юм. Гэвч нөгөө талаас эрүүгийн хэрэг үүсгэснээр хэвлэл мэдээллийн байгууллагын хэвлэн нийтлэх эрх чөлөөнд бүдүүлгээр халдсан явдал болно.

Т.Арьяа

time.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих