Монгол улсын даян аварга Г.Өсөхбаяр:Зургаан залуу заан шударга сайхан өрсөлдөж, ард олноо баясгаж явсан болохоор өнөөдөр ингэж үнэлэгдэх, хүндлэгдэх хэмжээнд хүрч…

Алдар спорт хорооны дарга, МУГТ, хурандаа Гэлэгжамцын Өсөхбаяртай уулзаж ярилцлаа. Аваргын ажлын өрөөнд том, жижиг олон цом байна. Тэднээс хамгийн өвөрмөц хийцтэй, хамгийн том нь Бүх ард түмний 13-р спартакиадын цом.
Харин ширээн дээр удахгүй босох шинэ спорт цогцолборынх нь макет байна лээ. Алдар спорт хорооны ард хаяа дэрлэн сүндэрлэх энэ цогцолбор хойтон гэхэд ашиглалтанд орох аж.
Манай хорооноос үндэсний бөхийн 11 аварга төрөн гарсан
-Таны ажил алба тавтай юу?
-Өө, сайхан байна, сайхан байна. Алдар спорт хорооны даргын ажлыг 2011 оны намар авсан. Алдар бол монголын слортын ууган, том байгууллага. Үндэсний болоод бусад спортын олон алдартан төрөн гарсан. Хамт олонтойгоо гар, сэтгэл нийлж сайхан ажиллаж, ажил төрөл ч урагштай явж байна.
-Амжилт бүтээл, ирээдүйн зорилт зорилгоосоо хуваалцвал…?
-2012 онд 4 жилд нэг удаа болдог Монголын бүх ард түмний спартакиад боллоо. Энэ наадамд манай баг тамирчид, багш дасгалжуулагч, ажилтан албан хаачид бүгд санаачлагатай, амжилт дүүрэн оролцлоо. ЗХЖШ-аас баг тамирчдаа сайхан дэмжлээ.
Энэ спартакиадын нийтдээ 13 удаа болсноос 11-д манай Алдар спорт хороо түрүүлсэн. Мөн дэлхийн цэрэг спортын холбоо гэж 133 орныг нэгтгэсэн том байгууллага байдаг. 1999 оноос манайх тодорхой шалтгааны улмаас тэр байгууллагын гишүүнчлэлээ алдсан байсан.
Үүнийг бид холбогдох байгууллагуудтай нь ярилцаж, гишүүнчлэлээ сэргээж дахин албан ёсны гишүүн нь болсон. Тэгээд анхны тэмцээн өнгөрсөн оны 12-р сард буудлагын дэлхийн аваргад тамирчнаа оролцууллаа. Дэлхийн 47 орны баг тамирчид оролцсон өндөр чансаатай тэмцээн болсон.
Аливаа орны алдар цуутай тамирчид ялангуяа буудлагаар хичээллэдэг тамирчид нь армидаа байдаг. Энэ тэмцээнээс манай эмэгтэй баг алтан медаль хүртэхэд Дэлхийн цэргийн спорт холбооноос манайд маш их баяр хүргэж, амжилт хүссэн.
Бас нэг ажил гэвэл спортын шинэ цогцолбор ордонтой болохоор зорилт тавиад, одоо газар шорооныхоо ажилд орчихсон явж байна. 700 гаруй хүний суудалтай, спортын том заалнаас гадна 7-8 төрлийн спортын бэлтгэл хийх танхимуудтай,
тэмцээний үеэр тамирчид амарч байрлах ресторан буудалтай, орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмжтэй цогцолбор ордон босох юм. Иймэрхүү ажилтай л сууж байна даа. Ажил маань ч дажгүй сайхан явж байна.
-Алдар хороо спортын хэдэн төрлөөр үйл ажиллагаа явуулдаг юм бэ?
-Манайх спортын 13 төрлөөр тамирчин бэлдэж байна. Секц дугуйлан бол олноор хичээллэж байгаа. Тамирчдын маань амжилт өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.
-Та өөрөө тамирчин хүн. Одоо спортын том байгууллага удирдаж байна. Ер нь тамирчин байх, дарга байх хоёрт ялгаа хэр мэдрэгдэж байна вэ?
-Би 1994 онд тамирчин нь болсноосоо хойш өдийг хүртэл армийнхантайгаа явж байна даа. Тийм болохоор нэг их айхтар мэдэхгүй, ойлгохгүй, чадахгүй гэх зүйл гайгүй дээ. Өөрөө тамирчин болохоор тамирчидтайгаа харилцан ойлголцоход, хамтарч ажиллахад харин ч дөхөмтэй, давуу тал олон байдаг юм.
-Таны ажлын нэг өдөр хэр их ачаалалтай өнгөрдөг вэ?
-Янз бүр дээ. Манай Алдар спорт хороо бол үндсэн хоёр чиг үүрэгтэй гэж ойлгож болно. Их спорт, үндэсний спортоос гадна цэрэгжилтийн спорт гэж том зүйл бий. Армийн хэмжээнд, бүх анги нэгтгэл, дарга цэргүүд хамрагддаг. Жилд давхардсан тоогоор 5000 гаруй цэрэг, апбан хаагчид оролцдог юм. Энэ мэтээс шалтгаалаад ажлын ачаалал янз бүр л байх юм.
-Танай хороон дээр үндэсний бөхийн бэлтгэл тогтмол явагдаж байна уу?
-Тийм ээ. Долоо хоногийн гурван өдөр нь үндэсний бөхийн бэлтгэлтэй. Улсын начин Ш.Зоригт багш дасгалжуулагчаар нь ажилладаг. Ерөнхийдөө манай хорооноос үндэсний бөхийн 11 аварга төрөн гарсан байдаг. Үе үеийн бөхчүүд маань армиараа дамжиж гардаг түүхэн уламжлал байна.
-Та өөрөө бэлтгэлээ тогтмол хийж амжиж байна уу?
-Хийж байна, хийж байна.
 -Та ноднингийн наадмаас хойш барилдсангүй?
-Тэглээ. Наадмаас хойш бараг барилдсангүй. Гэхдээ бэлтгэлээ тогтмол хийгээд л явж байна.
-Үзэгчид таныг наадмаар барилдах болов уу, яах бол гээд их асууж байна лээ?
-Барилдалгүй яахав. Барилдана.
-Одоо наадам хаяанд ирсэн байна. Удахгүй Алдарынхныгаа бас нутгийнхнаа аваад Найман шаргадаа гарах уу?
-Одоогоор тодорхой биш байна л даа. Бэлтгэлд гарах тамирчдынхаа нэр усыг гаргана, тэгээд Жанжин штабаас тушаал гарахаар бөхчүүдээ цуглуулаад гарна даа. Найман шарга даа л гарах болов уу.
-Сая хойшилсон Бүх цэргийн наадам хэзээ болох бол?
-Манай хорооноос жил бүр зохион байгуулдаг Бүх цэргийн наадамд 6-р сарын 2-нд болох байсан боловч Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулаад жаахан хойшилсон. 7 сарын 3-нд болох болов уу гэж бодож байна.
Цэргийн наадмыг цол олгодог гэдэг утгаар өндөр ач холбогдол өгдөг. Залуучууд маань хүчийг гаргаж сайхан барилдахыг зорьдог, бид зохион байгуулалт талаас нь ч нэлээд анхаардаг том наадам л даа.
Иймэрхүү шийдвэр бөхийн барилдаан, цолны асуудалд сөргөөр нөлөөлөх вий дээ
-Ноднингийн наадмын сэргээшийн асуудап саяхан шийдэгдэж, хоёр шинэ цолтон төрлөө. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Нэлээд хугацаа өнгөрсний дараа шийдвэр гаргалаа л даа. Уг нь ийм шийдвэрийг гаргахдаа нэлээд бодож, тунгааж байж гаргамаар юм шиг санагдсан. Долоо хэмжиж, нэг огтол гэдэг дээ.
Нэгдүгээрт би тэр цол авсан хоёр хүүхдэд амжилт хүснэ, өөр юу гэхэв. Хоёрдугаарт ийм шийдвэр гаргаснаараа сэргээш хэрэглэхийг дэмжээд байгаа ч юм шиг… Нэг үгээр сэргээш хэрэглэсэн бөхөд дөрвийн даваанд аймгийн цолтой бөх унавап шууд начин болох нь ээ?
Энэ маань цааш цаашдаа наадмын бөхийн барилдаан цолны асуудалд сөргөөр нөлөөлөх вий дээ. Энэ хоёр залуу заан, харцага боллоо. Үнэндээ долоо, зургаа даваагүй хүмүүс шүү дээ. Гэтэл одоо тэр давааг давж цол авсан бөхчүүдийнхээ хаана нь эрэмбэлэгдэх вэ гэдгээс эхлээд сонин л байна.
Зургаа давсан заан гэж эрэмбэлэгдэх үү, долоо давсан заан гэж эрэмбэлэгдэх үү? Энэ мэтийг нэлээд бодмоор… Ер нь энэ допинггэдэг зүйл жил болгон л гарах юм. Бөхчүүд маань ч албаныхан ч аль аль талдаа л анхаармаар санагддаг.
Допинг гэхээр хэдэн нэр жагсаалт гаргах төдий биш бөхийн холбооноос сургалт судалгаа хийж, түүндээ бөхчүүдээ хамруулдаг байх ёстой. Жил болгон л ийм зүйл гардаг, тэрнээсээ гарч байгаа шийдвэр нь иймэрхүү маягаар гараад байвал цаашдаа бөхийн ёс жудаг, эрэмбэ дараа, цолны үнэ цэнэ гэдэг зүйл яригдаж эхлэх нь байна шүү дээ.
-Энэ шийдвэрийг эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэдэг шиг л танил тал харсан шийдвэр боллоо гэх хүмүүс байна лээ?
-Тийм юм руу орвол нөгөө монгол бөхийн уламжлал, ёс заншил, цолны үнэлэмж гэдэг зүйлүүд алга болчих гээд байна шүү дээ. Улсын наадамд түрүүлсэн хүнээс допинг илэрчихвэл дор даваанд унасан бөхчүүдэд цол нөхөгдөөд, нөхөгдөөд олгогдох нь байна шүү дээ.
-Наадам маань олон даваатай…?
-Харин тийм. Тавын даваанаас эхлээд начин, харцага, заан гээд олон цол олговол үр дагавар нь сайнгүй болох гээд байна шүү дээ. Түүнээс гадна дэлхий даяараа энэ допинг гэж зүйпийг хориглоод байгаа нь хүний эрүүл мэндийг хамгаалж байгаа хэрэг шүү дээ.
Ялангуяа монгол бөх маань үр удамдаа уламжлуулж үлдээх учиртай. Тэр бүхэнд чинь хортой шүү дээ, допинг. Өөрийнхөө бие бялдар, хүч тэнхээг химийн аргаар тордож, сэргээгээд байхаар тэднээс үлдэх үр удам юу болох билээ, тийм ээ?
-Допингоос гадна өөр юу таны сэтгэлийг чилээдэг бол…?
-Шийдвэрлэх асуудал гэвэл олон байгаа шүү дэз. Бөхчүүдийнхээ талаар авч хэлэлцэхээр, ярихаар асуудал зөндөө л харагдах юм. Эрүүл мэнд, нийгэмд эзлэх байр суурь, амьдрал ахуй гээд олон зүйл бий.
Мэдээж монгол бөхийнхөө хуучин цагийн уламжлалыг барьж явах нь зөв. Тэр дотор өөрчилж болохооргүй чухал зарчимууд бий. Зүгээр л хэдэн барилдаан зохион байгуулаад, бөхчүүдээ барилдуулчихаад яваад байж болохгүй л дээ.
Зөвхөн барилдаан зохиосноор бөх хөгжихгүй шүү дээ. Бөхийн холбооны удирдлагууд энэ тал дээр юм бодож санаж л явдаг байлгүй. Би тэдний хийсэн, бутээсэн ажлыг үгүйсгэхгүй. Гэхдээ арай өргөн цар хүрээтэй, олон талтай зүйл хийгээсэй гэж хүсдэг.
-Та төрийн наадамд дөрвөн удаа түрүүлсэн. Таныг энэ амжилтаараа дархан аварга цолны болзлыг биелүүлчихсэн бөх гэж олон хүн хэлдэг. Яагаад дархан аварга цолыг өгдөггүй юм бол…?
-Яахав дээ. Өмнөх аваргуудаас хамгийн олон нь дөрөв түрүүлээд л дархан аварга цол авсан байдаг. Хэрвээ давааны тоо, болзол гэж байдаг бол би өөрийгөө дархан аварга цолны болзол хангачихсан хүн л гэж дотроо бодож явдаг.
Далай аварга гэж цол бий болгосноор өнөөдөр 23 жил дархан аварга цолтон төрөөгүй байна шүү дээ. Цаашаа дахин хэдэн 23 жил ингэж явах юм. Энэ бас асуудал шүү дээ. Төрийн наадамд тав түрүүлж дархан аварга болно гэдэг бас хэцүү л ажил байх.
Зургаан залуу заан шударга сайхан өрсөлдөж, ард олноо баясгаж явсан болохоор өнөөдөр ингэж үнэлэгдэх, хүндлэгдэх хэмжээнд хүрч…
2000-аад он зургаан залуу зааны үе байлаа. Тэдний барилдааныг мэдэхгүй, дурсахгүй бөхийн хорхойтон одоо нэгээхэн ч үгүй. Яг л гал мэт дүрэлзэн байсан тэр өрсөлдөөн, тэр барилдааныг хараад олон хүүхэд бөхийн спорт руу татагдаж, тэмүүлж, орж ирсэн гэдэг. Тэр сайхан үеийн дурсамжаас өмнөх ярилцлагадаа асууж чадаагүй зүйлүүдээ яриулах хүслээс минь үүдсэн бидний яриа ийн үргэлжлэв.
 -Та энэ дашрамд сэтгэлд хоногшсон нэг сайхан барилдаанаа дурсахгүй юу?
-Давсан, унасан олон л барилдаан бий. Улсын цол авна гэдэг хүний сэтгэлээс гардаггүй юм билээ. 1995 онд би Д.Сумъяабазар, Б.Гантогтох хоёртой тунаж барилдаад улсын заан болж байсан. Наадмын дараагаас хүмүүс “Заан аа, заан аа” гээд дуудахаар нэг л сайхан санагдаад /инээв/.
Тэр наадмын өмнө Их сорилгын барилдаанд барилдаж байгаад гэмтэл авчихсан. Наадмаар ер нь хэр барилдах бол гээд жаахан болгоомжлолтой байсан жил. Тэгсэн сайхан барилдаад заан цол авсан.
Улсын цол авна гэдэг бол бөхөөр хичээллэж байгаа хүн болгоны мөрөөдөл байдаг шүү дээ. Хүсэл мөрөөдөл, зорьсон зорилгодоо хүрнэ гэдэг хамгийн сайхан дурсамж юм даа.
-Нээрээ зургаан залуу зааны үе гэхээр их сайхан санагддаг. Ард олон ч та нарын барилдааныг ярих дуртай?
-Бөх үе үеэрээ төрдөг гэдэг шүү дээ. Хоёр Мөнх аваргын үе, Бат-Эрдэнэ аваргын үе, тэгээд зургаан залуу зааны үе гээд. Бид зургаагийн хувьд нэг цаг үед төрж, үндэснийхээ бөхөөр сайхан барилдацгааж, монгол бөхийн нэгэн үеийн түүхийг бичилцсэн.
Тэр үеийг ард түмэн маань зургаан залуу зааны үе гэж нэрлээд бүр хэвшчихэж дээ. Ямарч спортод өрсөлдөгч сайн байх тусам тэр хүн өөрөө илүү сайжирдаг. Бид бие биенээ ирлэж, хурцалж, нэгийгээ давах, илүү барилдаан гаргах гэдэг үүднээс хойшоо ухрахгүй, нэг өдрийн бэлтгэл таслахгүй,
нэг цагийн бэлтгэлээс хожигдохгүй юмсан гэж хичээж, хөдөлмөрлөж явсан. Тэр хэрээрээ шударга сайхан өрсөлдөж, ард олноо баясгаж явсан болохоор өнөөдөр ингэж үнэлэгдэх, хүндлэгдэх хэмжээнд очиж дээ гэж ойлгож явдаг.
-Тухайн үед нэг ахмад бөх “Зургаан залуу заанаас хамгийн олон жил сайн барилдах нь Өсөхбаяр” гэж хэлсэн гэдэг. Үнэхээр өнөөдөр танаас бусад нь бөхөөсөө бүр хөндийрчихөж?
-Монгол бөх мааань өөрөө онцлогтой шүү дээ. Нас харгалзахгүй, жин харгалзахгүй. Ямар хугацаанд яаж барилдах нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаалдаг. Биеэ хэрхэн авч явах, бэлтгэл сургуулиа хийх нөхцөл байдал, өөрийгөө хэрхэн дайчилж байна гээд олон зүйл бий.
Миний хувьд өөрийгөө дайчилж, бэлтгэл сургуулиа зохих хэмжээнд хийж ирсэн гэж боддог. Орчин үөд залуучуудын бэлтгэл хийх нөхцөл, арга барил нь мундаг болчихож дээ. Урьд нь Баянмөнх аварга 44-тэй түрүүлж байлаа. Одоо бид тийм хэмжээнд барилдаж чадах уу, үгүй юу гэдгийг хэлж мэдэхгүй юм.
-Та зургаан залуу заанаас хэнтэй нь хамгийн олон барилдсан бол?
-Улсын наадамд уу?
-Тийм?
-Улсын наадамд Д.Сумъяабазар бид хоёр найман удаа таарч барилдсан, харин Цэрэнпунцаг бид хоёр нэг ч удаа таарч барилдаагүй юм шүү дээ.
-Та долоод нь давдаг билүү?
-Үгүй ээ, би зургаа, Сумъяа хоёр давсан шүү.
-Зургаан залуу зааны үеийнх шиг тийм хүчтэй өрсөлдөөн сүүлийн үед ховор болчихоо юу даа?
-Сайхан барилддаг залуучууд байна аа, байна. Бөх бол үе үеэрээ л хөгждөг зүйл. Бидний үеийнх шиг хүчтэй өрсөлдөөн дахин гарч ирнэ гэдэгт би итгэдэг. Барилдаан гэдэг бол үнэн хүчээ үзсэн, шударга, ёс жудагтай, эрэмбэ дараагаа мэддэг байх нь хамгийн чухал гзж боддог.
-Зургаан залуу заан одоо хоорондоо хэр холбоотой байдаг вэ?
-Холбоотой байлгүй яахав. Бид их спортоор бас сайн хичээллэж байсан. Цэрэнпунцаг, Ганбат хоёр самбо, жүдогоор Сумъяабазар, Сүхбат, Гантогтох бид нар чөлөөт бөхөөр хичээллэнэ. Их спорт бол хүнд маш их юм өгдөг. Ялангуяа үндэсний бөхөөр бидний амжилттай барилдах гол үндэс суурь нь их спорт байсан.
Тэсвэр тэвчээр, уян хатан байдал, мэдрэмж гээд олон зүйлийг бид их спортоос олж авсан. Тиймээс одоо барилдахаа больсон ч гэсэн тэр спортынхоо хөгжлийн төлөө сэтгэл тавьж, чөлөөт бөхийнхөө удирдах зөвлөл, удирдлагын багт орж ажиллацгаагаад л явж байна даа.
-Сүүлийн үеийн залуус их спортоор хичээллэхгүй зөвхөн үндэсний бөхөөр л дагнах юм гэж хүмүүс халаглаж байгаа дуулддаг?
-Тийм дутагдал харагдаад л байгаа юм. Ерөнхийдөө их спортоор л давхар хичээллэх хэрэгтэй дээ. Их спортод ороод өндөр амжилт гаргавал мэдээж сайн. Гэхдээ заавал өндөр амжилт гаргагүй байсан ч болно шүү дээ. Хамгийн гол нь тэндээс олон сайн чанарыг нь олж өөртөө шингээгээд авбал үндэсний бөхийнх нь амжилтанд сайнаар нөлөөлнө л гэдгийг бодох хэрэгтэй.
Монгол бөхөө цэвэр ариун байлгах, ёс жудгаа элдэв муухай юмтай хольж хутгахгүй байх нь бөхчүүд бидний ухамсараас л шалтгаална
-Наадам дөхөхөөр хүн болгоны сэтгэлд өөрийн мэдэлгүй хүлээлт, догдлол үүсчихсэн байдаг даа. Та наадмыг хэрхэн хүлээдэг бол…?
-Бид чинь дэлхийд ганцхан эрийн гурван наадамтай ард түмэн шүү дээ. Бөхөө барилдана, морио уяна, сураа харвана. Бидний хувьд гэвэл наадам дөхөөд ирэхээр юун түрүүн биеэ бэлдэнэ дээ. Наадмын бэлтгэл гэдэг бол бүтэн жилийн хөдөлмөр шүү дээ.
Бас хань ижил, үр хүүхдүүд маань хүртэл өөрсдийгөө, гэр орноо сайхан байлгах гэж бэлдэнэ. Бүх зүйлд өнгөтэй жавхаатай, хийморь сүлдтэй явахыг тал талаасаа л бодолцоно доо.
-Наадам болохоор найраа гэдэг зүйлийн тухай хүмүүс их ярьдаг. Та монгол бөхийн жинхэнэ халуун тогоон дотор байгаа хүнийхээ хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Монгол бөхийг дагаж яваа хар сүүдэртэй зүйл бол энэ шүү дээ. Байдаг, байдаггүй гээд яриад байдаг. Гэтэл байдаг нь угаасаа ойлгомжтой болчихсон эд шүү дээ. Нууж хаах гээд байх шаардлага ч байхгүй. Харин үүнийгээ яаж засч залруулах тухайгаа л ярих хэрэгтэй.
Би өмнө зурагтаар ярихдаа ч хэлж байсан. Үүнийг засч залруулах хүн нь бөхчүүд өөрсдөө шүү гэж… Өөрсдөө ухамсараараа энэ заваан юмнаас салаад, шударга үнэн хүчээ үзээд барилдах л чухал.
Тэрнээс биш ямар нэг хууль тогтоомж гаргаад, арга хэмжээ аваад хэн ч үүнийг шийдэж чадахгүй. Монгол бөхөө цэвэр ариун байлгах, ёс жудгаа элдэв муухай юмтай хольж хутгахгүй байх нь бөхчүүд бидний ухамсараас л шалтгаална.
-Ард түмэн бөх хүн бүрийг амжилтын төлөө үнэнч шударга барилдаасай гэж хүсдэг. Гэтэл заримд нь цол хэрэгтэй, заримд нь мөнгө хэрэгтэй. Үүнээс болоод найраа гараад байна л гэлцэх юм?
-Наадам гэдэг маань жилд ганцхан удаа болдог. Хэрэв энэ жил уначихвал дараагийн наадам хүлээх хэцүү гэдгээс эхлээд асуудлууд байна л даа. Сумо бөх бол яахав дээ, нэг унасан ч, хоёр унасан ч түрүүлчихэж болдог.
Бас жилд зургаан удаа барилддаг гээд боломжуудтай. Харин монгол бөхийн цолны үнэ цэнэ, чансаа нь жилд ганц болдог гэдэгтээ байгаа юм л даа. Үүнийг буруу өнцөгөас нь харж, энэ жил боломжоо алдвал дараа жил чадахгүй гэдэг ч юм уу.
Энэ мэтээс болж л хар сүүдэр монгол бөхийг дагаад байна. Түрүүний миний хэлдгээр бөхчүүд маань дор бүрнээ үүнийг ухамсарлаад явбал энэ сүүдэр аяндаа арилна шүү дээ.
-Монгол бөхийн босоо цагаан хийморь гэж бид их ярьдаг. Гэтэл энэ босоо цагаан хийморь нь тань шиг амжилтын төлөө шударгаар хөдөлмөрлөж ирсэн бөхчүүдэд байдаг болохоос хэн нэгнийг буулгаад эсвэл өөрөө буугаад яваа бөхчүүдэд байгаа гэдэгт би хувьдаа эргэлздэг ээ?
-Аливаа юманд хүний өөрийн итгэл үнэмшил байх ёстой байхгүй юу. Улсын цол авчихлаа гээд нутаг орондоо очино. Үнэхээр эр бяраараа тав давчихаад очиж байгаа бөх, мөнгө төгрөгөөр тав давчихаад очиж байгаа хүн хоёрын хооронд асар их ялгаа байдаг гэж ойлгодог юм шүү дээ.
Хүний итгэл үнэмшил, зорьсон зорилгодоо ямар замаар хүрч вэ гэдэг чухал. Буруу аргаар олсон хоол хүртэл идэхэд эвгүй гэдэг биэ дээ. Тэрэнтэй л адилхан байхгүй юу.
Ард олны хүндлэл гэдэг юу юунаас илүү эрч хүч, сүлд хийморь хайрладаг зүйл
-Та энэ жилийн наадмынхаа дээлийг бэлдчихсэн үү?
-Арай амжаагүй л байна.
-Бөхчүүд ерөнхийдөө нэлээд шүтлэгтэй хүмүүс байдаг. Тэр дундаа таныг багагүй шүтлэгтэй хүн юм гэж анзаардаг?
-Монголчууд маань бурхан шашнаа их дээдэлдэг. Би тэдний л нэг. Шинийн гурван, найман гээд сайн өдрүүдэд сан тавиулж, ном уншуулчихаад явахад ч сайхан шүү. Тэрнээс биш бурханы номыг гүнзгий мэддэг гэвэл худлаа л даа. Итгэл сэтгэлээрээ сайхан залбираад л явдаг.
-Сүүлийн үед Facebook Twiter гээд харилцааны том сүлжээ бий болсон. Та үүний идэвхтэй гишүүдийн нэг. Хүмүүс таньтай ямар сэдвээр голчлон санал бодлоо хуваалцаж байна вэ?
-Өө, яахав. Орчин үеийн шаардлага юм даа. Интэрнэт бол хүн болгоны хэрэглээ болсон байна. Тэр утгаараа Facebook Twiter-ээp хүмүүстэй харилцдаг. Янз бүрийн л зүйл байх юм. Хүмүүс голчлон спортын талаар тэр дундаа үндэсний бөхийн талаар бие биедээ мэдээлэл өгөх, дамжуулах зэргээр надтай харилцах юм даа.
-Таны хамгийн бахархалтай зүйл юу вэ?
-Миний хувьд аав ээжээсээ энэ биеийг олж төрсөндөө, энэ сайхан монгол орныхоо иргэн нь болсондоо, бөхийн спортыг сонгож хичээллэсэндээ, энэ спортоор шантралгүй хөдөлмөрлөж өндөр сайхан цолонд хүрсэндээ бахархаж явдаг даа.
-Танд онцолж шүтдэг уул хайрхан бий юу?
-Байлгүй яахав. Наадмын дэвжээнд барилдаж байхад нутгийн уул ус хажууд түшиж явдаг гэдэг үнэн үг юм гэж дотроо итгэж явдаг. Тиймээс нутгийнхаа уул усыг шүтэж, дээдэлж, ард түмнээ хайрлаж, хүндэлж явдаг. Ард олны хүндлэл гэдэг юунаас ч илүү хүчтэй, эрч хүч, хийморь сүлд хайрлаж байдаг зүйл.
-Та ойрд нутаг руугаа явсан уу?
-Ойрд явж амжсангүй. Ер нь наадмын дараа нутагтаа очиж cap гаруй сайхан амардаг. Зун явж ирснээсээ хойш дахиж явж амжаагүй л байна.
-Энэ жил Архангай аймаг ойтой. Та ямар төлөвлөгөөтэй байна даа?
-Манайх анхны дөрвөн аймгийн нэг. 7 сарын 26 27 28 нд түүхт 90 жилийнхээ ойг тэмдэглэнэ.
-Та 80 жилийнхээ ойгоор түрүүлж байсан?
-Тийм ээ. Одоогоос 10 жилийн өмнө 2003 онд улсад түрүүлдэг жилээ аймгийнхаа ойд бас түрүүлсэн. Сайхан ч зун болж байсан, ой маань ч сайхан болсон доо.
-Нутаг орныхоо хөгжил талаас та юу хэлэх вэ? Архангай аймгийн онцлог давуу тал гээд л…?
-Манай аймаг байгалийн үзэсгэлэн ихтэй сайхан нутаг шүү дээ. Ард олон нь сайхан сэтгэлтэй. Ер нь нутаг орны хөгжил гэдэг удирдаж байгаа удирдлагаас, амьдарч байгаа ард иргэдээс их шалтгаалдаг. Хүн бүр эрхэлж байгаа ажлаа чансаатай, чанартай, сэтгэл гаргаж хийгээд байвал тэр нутаг орны цаашлаад улсынхаа хөгжилд оруулж буй хувь нэмэр болно шүү дээ.
-Нутгийнхаа бөхчүүдийн тухай….?
-Манай Архангай аймаг бөхийн өлгий нутаг. Дөрвөн аварга, 13-14 арслантай, нийт улсын цолтой бөхөөрөө улсдаа тэргүүлдэг. Нутгийн минь бөхчүүд нэг дороо цугларан бэлтгэл сургуулиа амжилттай базааж байна. Залуучуудаас маань олон сайхан алдар цуутай бөх үе залгамжлан төрнө гэж байнга итгэж явдаг.
Бөх барилдана, бөх болно гэдэг маань хувь хүнээс асар их тэсвэр тэвчээр шаарддаг. Тийм болохоор би залуучууддаа байнга л “Та нараас өөрсдөөс чинь бүх юм шалтгаална шүү” гэж хэлдэг.
Бэлтгэл хийж байгаа нь гээд багшийн нүдэн дээр зааж өгсөн зүйлийг нь ганц хоёр хийчихээд яваад байвал тэр хүн ахиж дэвжихгүй л гэсэн үг. Багшийн хэлснээс гадна хүний хийж байгааг анхаарах, ажиглах хэрэгтэй. Бүх зүйлээ шавхаж байж алдар цолд хүрдэг гэдгийг ойлгох чухал.
Өвөө минь монгол бөхийн түүхэнд өөрийн зам мөрөө үлдээсэн сайхан хүн байлаа
-Даян аварга өвөөтэй гэдэг бодол танд бас их өөр мэдрэмж төрүүлдэг байх даа?
-Тэгэлгүй яахав. Өвөө минь монгол бөхийн түүхэнд өөрийн зам мөрөө үлдээсэн сайхан хүн байлаа. Би хар багаасаа л бөх болох хүсэл сонирхолтой байсан. Анх бөхийн гараагаа эхлээд явж байх үед “Аварга хүний удам юм чинь би сайн барилдах ёстой” гэсэн бодол төрж, олон жил өөрийгөө дайчилж, хөдөлмөрлөсний хүчинд өнөөдөр өвөөгийнхөө цолонд хүрчихээд сууж байгаадаа баяртай, бахархалтай байдаг даа.
-Өвөөгөөс тань танд уламжлагдаж ирсэн эд зүйл олон байдаг уу? Нэг зодог шуудгийг нь аймгийн музейд байдаг гэх юм билээ?
-Зөндөө юм бий. Дийлэнхийг нь аймгийн музейд тусгай тасаг нээн байрлуулсан байдаг. Ард олон үзэг, олон хүнд хүртээлтэй гэдэг утгаар нь 1980-иад оны сүүлээр аав ээж маань аймгийн музейд тавиулсан юм билээ. Надад нэлээд эд зүйл нь бий.
Өмсөж байсан дээл, тоглож байсан шатар гээд. Манай өвөө өөрөө их нямбай хүн байсан. Өөртэй нь холбоотой бүхий л бичиг баримт, баярын бичиг, үнэмлэх гээд бүгдийг нь баадагнаад хадгалчихсан байдаг. Тэр дотор нь “Хүүхдийн үсний найранд ирнэ үү” гэсэн жижигхэн дөрвөлжин урилга хүртэл байх жишээтэй.
-Бие бялдарын хувьд их том хүн байсан гэдэг шүү дээ. Та зодог шуудгийг нь хэмжиж, биедээ барьж үзсэн байлгүй?
-Сүүлд өмсөж байсан зодог шуудаг нь аймгийн музейд бий л дээ. Их том хүн байсан. Надаас том. Өмсгөл нь гэхэд надад томдохоор шүү.
-Танд нэг цагаан хөөрөг байдаг байх аа. Тэрийг Монголдоо дээгүүр орохоор сайхан хөөрөг гэх юм билээ?
-Хөөрөг сонирхоно оо, сонирхоно. Манай чөлөөт бөхийн гавьяат тамирчин Болд ах надад тэр чулууг бэлэглээд. Түүгээр нь би хөөрөг хийлгэж авсан юм. Гайгүй цагаан хөөрөг бий шүү.
-Ямар нэг зүйл сонирхож цуглуулдаг уу?
-Цуглуулдаг зүйл бий. Тэмцээн уралдаанд оролцоод, барилдаад авсан одон медалиуд байна, мандатуудаа хадгална, цуглуулна. Бас яагаад ч юм энд тэнд явахаараа эрхи тааралдвал авчихдаг юм. Нэг мэдсэн нэлээд олон эрхитэй болчихсон байна лээ.
-Та бас сайхан дуулдаг даа?
-Нэг их сайхан дуулах ч юу байхав, өөрийнхөө хэмжээнд л дуулна шүү дээ.
-Та автын инженер мэргэжилтэй билүү?
-Тийм. БХИС-ийг 2001 онд автын инженер мэргэжлээр төгссөн. Сүүлд 2009 онд магистраа хамгаалсан. Өмнө Их шавийн дээд сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн шүү дээ.
-Машин тэргэнд дуртай биз дээ?
-Одоо ч унаа тэрэг хэрэглээ болчихсон юм даа. Дээхэн үед бол жолооч гэж тусгай мэргэжил байлаа шүү дээ.
-Хурд, морь мал сонирхох уу? 
-За даа. Тийм зүйл сонирхох зав ч байсангүй дээ. Морь уяна гэдэг бас асар их хөдөлмөр шүү дээ. Өөрийгөө уяж байгаа хүн чинь морь мал сонирхоод явчихвал нөгөө “хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно” гэдэг л болно шүү дээ.
Худал хуурмаггүй, зөв зам мөртэй явах л миний зарчим юм даа
Даян аваргын гэргий Б.Нарантуяа эмч мэргэжилтэй, Булган нутгийн бүсгүй. Тэд нэг охин, гурван хүүтэй өнөр бүл. Аварга гэр бүл, аав ээжийнхээ тухай ийн хуучлав.
-Саяхан эх үрсийн баяр боллоо. Та багадаа хүүхдийн баярыг хэрхэн тэмдэглэдэг байв, олон бэлэг авч байв уу?
-Бага байхад хамгийн дуртай баяр гэвэл шинэ жил, хүүхдийн баяр хоёр л байлаа шүү дээ. Хүүхдийн баяр их ч өргөн болдог байж. Гоё хувцсаа өмсөөд л, аав ээжийгээ дагаад гарч өгнө шүү дээ. Тэр баяруудын аль нэгнийх нь дурсгал дүүтэйгээ авахуулсан зураг хүртэл байдаг юм. Бэлэг мэдээж авна аа.
-Сая хүүхдүүдээ хэрхэн баярлуулав?
-Одоо ч ихэвчлэн гэр бүлээрээ л тэмдэглэх юм даа. Аав, ээж дээрээ очоод, хүүхдүүдтэйгээ оройхон салхинд гарлаа. Хүүхдийн парк, тоглоомын газрууд өдөртөө оочерлоод хүрэхээргүй их ачаалалтай болсон байна шүү дээ.
Улаанбаатарын  маань хүн ам ч их болж, баярын өдөр гарахад сайхан л санагдаж байлаа. Машин болгоны цонхоор хүүхдүүд цухалзаад л, аав ээжийгээ дагуулчихсан бөөн баяр хөөр.
-Цаг үеэ дагаад хүүхдийн өсөх орчин, хүмүүжил их өөр болсон юм шиг… Хүмүүс ч хүүхдийнхээ боловсролд түлхүү анхаардаг болжээ?
-Ер нь тийм болчихож дээ. Тоглодог тоглоом гэхэд тэс өөр. Бидний үед модоор машин хийж аваад л эсвэл дугуйны гол төмөр түрж гүйгээд л, тэвэгдээд л. Илүү дутуу юмгүй нийтлэг байлаа шүү дээ. Харин одоо бол огт өөр.
Техникийн хөгжлөө дагаад мэдэхгүй, чадахгүй юмгүй болчихсон. Миний хүүхдүүддээ хэлдэг гол зүйл бол эхлээд сайн хүн болох ёстой шүү л гэдэг. Зөв хүмүүжилтэй, аятайхан ноён нуруутай болгочих юмсан гэж л боддог. Боловсрол бол орчин үед хүн болгонд л хэрэгтэй.
Спортоор хичээллэх, бөх барилдахад ч боловсрол хэрэгтэй. Биеийн хүчээр ганцыг, оюуны хүчээр мянгыг ялна гэдэг зүгээр нэг хэлчихсэн үг биш байх. Юуны өмнө оюун ухаантай, мэдлэгтэй, боловсролтой байж спортод ч аливаа зүйлд ч амжилтанд хүрнэ шүү дээ.
Энэ сурлага сахилга муу, бөх болгочихъё гэдэг бол их утгагүй яриа шүү дээ. Барилдана гэдэг хоромхон зуурын дотор шийдвэр гаргах болдог. Хэрвээ толгой муутай, боловсрол тааруу хүн .бол тэгсхийгээд л бөхийн амжилт нь төгсөнө шүү дээ.
-Саяхан танай хүү олон улсын олимпиадаас медаль авсан сурагтай?
-Тэгсэн. Кенгеру гээд математикийн олон улсын олимпиадад ноднин түрүүлээд алтан медаль авсан. Энэ жил хүрэл медаль авсан. Их олон хүүхэд оролцсон, том олимпиад юм билээ. Манай дунд хүү, одоо 5-р ангийн сурагч.
-Хүнд болгонд эцэг эхийн хэлсэн сургааль юу юунаас эрхэм байдаг. Та аав ээжийнхээ хэлсэн ямар үгийг байнга санаж явдаг вэ?
-Аав ээжийн олгосон гэрийн хүмүүжил хүнд их чухал шүү дээ. Аав ээжийн өсгөсөн орчин, үлгэр дуурайл, юманд хандах хандлага зэргийг хүүхдүүд нь харж өсдөг. Миний аав ээж хоёр хариуцлагтай алба хашдаг байсан, зөв үлгэр дуурайлтай, хүүхдүүдээ сайхан өсгөж хүмүүжүүлсэн, ачтай буянтай хүмүүс.
Мэдээж өдөр бүр л бидэнд хэлж, сургаж байдаг. Хүний эцэг эх үр хүүхэддээ байнга л сайн сайхныг хүсч, зөвийг хэлж ярьж байдаг шүү дээ. Тиймээс ямар ч үед аав ээжийнхээ үгнээс гарахгүй, хазайхгүй явахсан гэж боддог шүү.
-Таны амьдралдаа дагаж мөрддөг зарчим гэвэл…?
-Худал хуурмаггүй, зөв зам мөртэй явах л миний зарчим юм даа. Хуучны нэг хүнээс “Сайн хүн гэж ямар хүнийг хэлэх вэ” гэхэд “Хонхортоо хочгүй хүнийг л сайн хүн гэнэ дээ” гэсэн байдаг. Аятайхан явсан хүнийг хожим хүн болгон л дурсаж ярьдаг шүү дээ. Тиймээс элдэв нэр хоч зүүчихэлгүй, зорьж яваа зүйлдээ сэтгэлээсээ ханддаг байхын төлөө хичээж явдаг юм.
-Хүмүүс таныг нэрээр тань дуудахаас илүү аваргаа л гэдэг. Энэ үед ард олны хайр хүндлэл танд их мэдрэгдэнэ биз?
-Мэдээж сайхан байлгүй яахав. Ард түмэн маань хаана ч явсан “аварга аа” гээд л хүндэлнэ. Бөх барилдаад цолонд хүрэх нэг асуудал. Тэрний цаана тэр их хүндлэлийг дааж явна гэдэг их том асуудал гэж ойлгодог. Хаана ч зөв сайхан явах хэрэгтэй дээ. Монголчууд маань их ажигч улс. Хүнийг хараад л ямар хүн бэ гэдгийг мэднэ шүү дээ.
-Чөлөөт бөхийн тухайд таны хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байв?
-Би чөлөөт бөхөөр 2004 он хүртэл 15-16 жил барилдсан. Дээд жинг 120 кг-аар хязгаарлаад ерөнхийдөө больсон доо. Өөрийнхөө хэмжээнд тодорхой амжилт гаргаад барилдсан, магадгүй илүү амжилт гаргах боломж байсан байх аа гэж боддог юм.
Орос, Иран, Америк гээд цөөнгүй орны хүчтэнүүдтэй гар зөрүүлж явлаа. Чөлөөт бөх маань өөрөө оросын школоор л явж ирсэн. Зөвлөлт улс задраад олон жижиг улс болоход шилдэг бөхчүүд нь бас жижиг улсын иргэд болж гараад. Тэр үеэс оросын школ суларч Иран, Америкийн бөхчүүд давамгайлж ирсэн. Ер нь аль ч спорт сургалтаасаа их шалтгаална л даа.
-Та, Сумъяабазар, Сүхбат аваргууд, Пүрэвбаатар гавьяат нарын спортын төв ордны үүдэнд сууж байгаад авахуулсан нэг эртний зураг байдаг. Одоо бүгд алдар цуутай тамирчид болсон хойно эргээд харахад сайхан дурсамж хөврөнө дөө, тэр зургаас?
-Тэр чинь 1992-1993 оны л үе болов уу. Бэлтгэлээ тарчихаад спортын төв ордны үүдэнд сууж байгаад авахуулсан зураг. Залуучуудын шигшээ баг байгуулагдаад удаагүй байсан үе.
Нийгэм маань өөрөө тийм ч сайнгүй болчихсон байлаа. Тийм үед бэлтгэл сургууль хийнэ гэдэг амаргүй л байсан. Спортын төв ордны дээд давхарын крантын уснаас залгилчихаад л бэлтгэлээ хийдэг байсан гэж Пурэвбаатарын ярьдаг үнэн шүү дээ.
-Тэр ус нь хачин сайхан амттай?
-Тэгэлгүй яахав. Бэлтгэл хийж, хийчихээд гарч ирээд залгилахаар жигтэйхэн гоё амттай санагддаг байсан. Бүгд л бөх болъё гэсэн чинхүү сэтгэлтэй байж дээ, тэр үед. Залуучуудын шигшээ баг байгуулагдахад манай Ганбаатар багшийн удирдлаганд 60-аад хүүхэд цугларч байсан юм.
Тэгээд л яваандаа шигшигдээд жилийн дараа гэхэд 20-30 болоод, дахиад жил болоход 10-20 болоод, сүүлдээ яг л бөх болъё гэсэн сэтгэлтэй хүүхдүүд нь үлддэг юм билээ. Нийгэм нь ч хүнд хэцүү байсан. Зарим нь бөхөөсеө халширдаг, зарим нь амьдрал ахуйгаа хөөдөг.
Ер нь спорт гэдэг улс орныхоо эдийн засагтай их холбоотой хөгждөг зүйл шиг байгаа юм, анзаарч байхад. Олимп, дэлхийн тэмцээнд хөгжилтэй орны баг тамирчид л хамаг медалийг нь түүчихдэг шүү дээ. Сүүлийн үед манайх спортдоо нэлээд сайн анхаардаг болсон байна.
Тамирчдаа дэмжиж байна, хөрөнгө мөнгө гаргаж байна, салбарын яам хүртэл байгуулагдлаа. Энэ бол дэвшил шүү. Цаашдаа монголын спорт улам илүү хөгжинө гэж итгэлтэй байгаа.
-Одоо бөхчүүдийг ивээн тэтгэх байгууллага, хувь хүн олон болсон байна шүү. Гэхдээ зарим нь болох болохгүй зүйлд бөхчүүдийг өмнөө бариад байх шиг санагддаг?
-Тэр ч хувь хүмүүсийн хоорондын харилцаанаас л болдог байх л даа. Би бол 1998 оноос эхлээд Бридж группийн бөх болсон. Захирал нь Ганхуяг гэж манай нутгийн бизнесмэн, улстөрч бий. Хүмүүс мэднэ дээ. Намайг өдий хүртэл бүхий л цаг хугацаанд тусалж дэмжиж, амжилтын минь төлөө хамт явсан хүн.
Бид зөвхөн сэтгэлээрээ, бие биенээ ойлгосон, хүндэлсэн ийм л харилцаан дээр өдий хүртэл хамт явж ирсэн. Тиймээс энэ харилцаандаа сэтгэл хангалуун байж, үргэлж тэдэндээ баярлаж талархаж явдаг.
Ер нь аливаа зүйлд сэтгэл зөв бол болдог шүү дээ. Тэрнээс хэн нэгэн бөхчүүдийг ивээн тэтгэж байна гээд дараа нь тэднийг буруу зөрүү зүйлд уруу татах, болохгүй юм руу түлхэн оруулах зэрэг асуудал байж болохгүй л дээ.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье?
-Баярлалаа.
Ярилцсан: С.Бадамгарав
Эх сурвалж: “Бөх” сонин

URL:

Сэтгэгдэл бичих