Ээжийгээ золиосолж байгаа хүн яаж муу хүүг минь хайрлах вэ дээ

    Crime_2483554b   Амьдрал бол гуниг, баярын далай юм. Амьд­рал бол зов­лон, жаргал ээлжлэн байх тавилан юм. Хэдийгээр энэ хоёр ойлголт ирж буцан сү­лэлддэг ч хүмүүс бид нэгийг нь огт хүсдэггүй. Нөгөө рүү нь цаг үргэлж тэмүүлж байдаг. Зовлонг хүсдэг хүн нэг ч байх­гүй атал тэр зүйл нөмрөөд ирэхэд зугтах завдалгүй ба­ригддаг. Тийм ч боло­хоор энэ талаар эртний монголчууд “Зовлон хэлж ирдэггүй, хийсч ирдэг”, “Гай газар дороос” гэх мэтээр хэлж үлдээсэн биз ээ. Өнөөдөр би эгэл жи­рийн нэ­гэн ээжтэй уулзах гэж явна. Түүний нэр В.Жавзандулам. Улсдаа хийдгээ хийж, үр хүүхдээ өсгөж, одоо ч тэр ажлаа үргэлжлүүлэн үр ачаа бойжуулж суугаа эгэл жи­рийн монгол эх. Энэ эхийн амьд­ралыг мөнөөх зовлон нөм­рөөд авчээ. Хүүгээ харийн шоронд хоригдсоныг, тэр бүү хэл хар тамхины гэх учир битүүлэг хэргээр цаазын ял сонссон гэдгийг  дуул­сан тэр хар өд­рөөс хойш В.Жавзан­дулам гуайн сэт­гэлийн нар бөхсөн. Энийг зовлон гэхгүй юуг зов­лон гэхэв дээ гэж би В.Жав­зан­ду­лам гуайг зорьж явах­даа өөрийн эрхгүй шимш­рэн бодож явав. Яаж хаалгыг нь тог­шино доо. Сэт­гэ­лийнх нь зовлон нимгэр­сэн л бай­гаа­сай даа гэсэн хал­гасан бодол орж ирнэ.
В.Жавзандулам гуай ха­ра­хаас ухаалаг, тэсвэрлэг, бас­хүү хатуужсан хүн байв. Нэвт шувт тэмтэр­сэн ухаалаг харц, үнэн шулуухан үгс нь түүний хэн явсныг, бас одоо хэн хэ­вээрээ байгааг ч илт­гэнэ. Ингээд бид хуучны оро­суудын барьсан байрнуу­дын нэг бо­лох хоёр өрөө байрны гал тогооны өрөөнд сууцгаа­лаа.

-Тантай уулзахыг өмнө нь ч гэсэн бодож байлаа. Энэ миний сүүлд гаргасан “Аав бид хоёр” гэдэг ном, та зав гарвал  уншаарай.

-За, баярлалаа.

-Танд тохиолдсон зов­лон тэр бүр хүмүүст то­хиолдох түгээмэл зов­лон биш. Хэвлэлийнхэн хэсэг­тээ л таныг ээрсэн байх. Гэхдээ тэр үеийнхээс одоо бол байдал өөрчлөгд­сөн.  Таны хүү цаазын ялаас хэлтэрсэн. Миний сонссо­ноор хоёр жилийн дотор тэр хүний хэрхэн хүмүүжсэн байдлыг харгалзаад  ялыг нь эх оронд нь эдлүүлэхээр явуулж  магадгүй гэх юм. Ийм боломж гарах болов уу?

-Тийм ээ, юу гийгүүлсэн гэж би олон юм ярих билээ. Надад  зовж байна гэж хэлэх ч эрх байхгүй. Гэхдээ яахав дээ, хүний зовлон хуучирдаг юм болохоор ингээд амьдарч л байна.

-Хүү тань тэр хэцүү хэ­рэгт орсноос хойш нэлээн олон жил өнгөрөх шиг боллоо?

-Манай хүүхэд чинь яг 2006 оны зургадугаар сард эндээс яваад л долдугаар сард нь л баригдсан юм шиг байгаа юм. Цаг хугацаа өн­гөрч өгөхгүй хичнээн хэцүү байсан ч бүхэл бүтэн долоон жил болчихож дээ.

-Тийм байна шүү. Цаг хугацаа гэж…

-Тийм ээ, зургаа, долоон жил өнгөрчихсөн ингээд байж байтал ноднингийн өдий хавьд манай Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Хятадын удир­дагчид миний хүүгийн амь насыг цаазын ялаас хэлт­рүүлж өгөөч гэж захидал бич­сэн. Би энэ мэдээг сонсоод үнэндээ юу хэлэхээ мэдэхгүй байсан. Тэр том Ерөнхийлөгч хүн миний хүүгийн амийг гуй­гаад захиа хүртэл бичиж байдаг. Ерөнхийлөгчийн маань энэ зүтгэлийн ачаар  ямар ч гэсэн миний хүү амьд мэнд байгаа. Амьд мэнд…

-Ер нь бол энэ долоон жил түүний нийт хоригдох хугацаанаас хасагдана биз дээ?

-Хасагдахгүй. Хятадын хууль бол тэгдэггүй юм билээ. Одоо ингээд энэ 2013 оны долдугаар сард шүүх  дахин хуралдаад ахин ял онооно. Энэнд урд талын туулсан долоон жил хамаа байхгүй юм билээ.

-Ямар аймаар юм бэ. Ийм юм гэж бас байдаг аа?

-Тийм ээ. Гэхдээ эгчид нь гомдох, илүү цаашаа хүсэх эрх байхгүй.

-Танай хүү бизнес эр­хэлдэг  байсан юм уу?

-Манай хүү бол жирийн л нэг ажилчин байсан. Энгийн л нэг ажилчин байсан. Юун бизнес.

-Хятад руу явах гэж байгаа хэрэг зорилгоо танд хэлээгүй юу?

-Хэлсээн. Надад хориг­лох, ямар нэгэн байдлаар саад болох шаардлага огт байгаагүй. Яагаад гэвэл авгай нь тэнд байсан байхгүй юу. Түрүүлээд оччихсон тэнд байгаад байсан. Тэгээд л залуу улсууд чинь хэцүү шүү дээ. Авгай нь утасдаад л энд ийм хүүхэнтэй тэнд тийм хүү­хэнтэй явж байна гэнэ, тэгж байна ингэж байна гэнэ  гээд л хардаж загнаад хүндрэлтэй байсан. За, чи тэгээд яваад байна уу гэж би хүүгээсээ асууж ч байгаагүй. Учир нь би хүүгээ мэднэ. Манай хүүх­дүүдийн аль нь ч тийм дэл сул явдал суудалтай биш. Энэ бол зүгээр л хүүх­дүүдээ хам­гаалсан эх бол­гоны амнаас унадаг жижүү­рийн үг биш. Хүн гэж ямар байдаг юм. Эх­нэрээ яаж хайр­лах ёстой юм тэгж чаддаг л улсууд байхгүй юу. Ээжийгээ яаж хайрладаг вэ тэрэн шигээ та нар эхнэ­рийгээ хайрлаж яваарай гэж би захидаг. Эх­нэр­тээ хамаг байдгаа тавиад туучихсан хайрлаж байгааг нь хараад ч би уурладаггүй. Би харин эсрэгээрээ баяр­ладаг. Надад хүүгээ хардсан, харамласан, бусдын үрийг дорд үзсэн зан байхгүй. Хүү нар маань ав­гайгаа хичнээн хөөрхөн, гоё болгочихоод хөтөлчихсөн, хэдэн хүүхдээ дагуулаад ирэхэд би ээждээ авчирсан юмнаас нь илүү тэдний тэр байгаа байдлыг хараад л баярладаг тийм хүн. Ма­найх­ныг мэдэх хүмүүс нь мэднэ ээ.

-Танайх хэдэн хүүхэд­тэй вэ?

-Манайх таван хүүхэдтэй. Дөрвөн хүү, ганц охинтой.

-Дамдин хэд дэх хүү нь вэ?

-Том нь. Хүү маань явж, явж нэг хүүхэнтэй учирсан юм. Тэгж яваад л ийм юм руу орчихлоо.

-Гэр бүл болоод удсан байсан уу?

-Ганц хүүхэдтэй. Дөрвөн жил гаруй хугацааны турш амьдарсан улсууд. Гэвч ийм юм бидэнд тохиолдлоо. Өн­гөрсөн энэ олон жилийн турш бид нэг ч удаа хүүгийнхээ эхнэрийг буруутгасан үгийг амнаасаа унагаагүй. Бидний хувь тавилан ийм байж дээ гэж л өдөр болгон бодож ирсэн. Саяхнаас радио те­ле­визээр хар тамхины гэх тэр хэргийн талаар урьд өмнө нь мэдээгүй байсан өдий төдий зүйлийг мэдлээ. Одоо манай Монголын 30 гаруй иргэн хар тамхины хэргээр Хятадад хоригдож байна шүү дээ. Үрүмчид бол манай хүүхэд ганцаараа байгаа л даа. Тэр бүх улсуудыг тэр манай бэр байсан Хулан, түүний дүү Халиун гэх хоёр эмэгтэй энэ зам руу оруулсан байна шүү дээ. Өөр Казахстанд ч хэд хэдэн хүн хоригдож байгаа гэнэ. Казахстанд өөрийнхөө төрсөн дүү, бэр хоёртойгоо баригдаад ямар аргаар сул­лагдсан юм. Ямар ч гэсэн суллагдаад явж байгаа. Одоо Малайз улсад “Хар гур­валжин” гэдэг тийм нэг ма­фийн л хүн болсон юм байх. Эрэгтэй дүүгээ, ээжийгээ, бэрийгээ Казахстанд шоронд хийчихсэн. Ийм хүн чинь яаж миний муу хүүг хайрлах вэ дээ.

-Ээжээрээ бас хар там­хи зөөлгөсөн байх нь ээ?

-Казахстанд л ээж нь баригдсан  юм шиг байна лээ. Ээжийгээ л ингэж золиосолж байгаа хүн чинь бусдыг яаж хайрлах вэ дээ. Үнэхээр гом­дож барахгүй юм даа. Миний муу гэнэн цайлган хүүгээр л дуусах ёстой байсан байхгүй юу, уг нь. Гэтэл  тэрнээс хойш гучин хэдэн хүн золиосолсон байна гэдэг даанч муухай биз дээ.

-Аймшигтай юм аа.

-Бүх юм миний хүүгээр л дуусах ёстой байсан байхгүй юу.

-Хүүг тань дуудаж аваа­чаад л хар тамхи зөөлгө­чихсөн. Амьдралаа бодъё, эргэж нийлье гэж уг нь дуудсан гэж сонссон?

-Ер нь бол дургүй хүмүүс анхнаасаа л дургүй байдаг юм билээ. Хүү маань жаахан хожуу гэрлэсэн. Нэг өдөр л ийм хүүхэн дагуулаад ороод ирсэн. Ямар гээч үйлийн үрээр миний хүүтэй таардаг юм. Тэр хар тамхийг чинь тэд нар чинь залгидаг,  нуудаг, янз бүрийн арга хэрэглэдэг юм байна л даа. Хөөрхий миний хүүгийн цүнхэн доо­гуур цэлийтэл нь ёроолд нь хийчихсэн байсан гэнэ лээ. 2 кг 150 гр гэсэн үү.

-Өөрөө бол хар тамхи тээвэрлэж байгаагаа мэ­дээ­­гүй юм уу. Мэдсэн юм уу?

-Тэрийг нь ёстой мэдэхгүй.

-Та тэр тухай бүх нарийн ширийнийг ярих хэмжээний тухтай уулзаагүй юу?

-Ямар ч ярих тийм нөхцөл байхгүй. Уулзаад 30 минут л нэг юмны цаанаас яриад л өнгөрч байгаа юм чинь.

-Гадуур хонуулж бо­лох­гүй юу?

-Үгүй. Ерөөсөө л 30 минут  уулздаг. Эхний удаа очихдоо зөвхөн барааг нь харах төдий юмны цаанаас утсаар яриад л дууг нь сонсоод л болсон. Дараагийн удаа очихдоо хаалтны цаанаас 30 минут хальт мульт үг солиод л бо­лоо. Ерөөсөө өөр юм байхгүй шүү дээ.

 -Хэцүү байна гэнэ үү, тэнд?

-Хэцүү гэж байна лээ. Тэгэхдээ арай ч нэг зодож нүдээд байдаггүй л юм шиг байна лээ. Зодож нүдсэн ч гэсэн хэлэхгүй л дээ, манай хүүхэд.

 -Сард ажлын хөлс өгнө биз дээ. Дансанд нь хийдэг юм болов уу?

-Сард найман юанийн цалинтай л гэсэн.

-Тэр улс оронд нь эх орноо төлөөлж суугаа эл­чингүүд хоригдож байгаа иргэдээ эргэж тойрдог юм билээ. Танай хүү дээр очсон байна уу?

-Ямар ч гэсэн нэг удаа очиж уулзсан, тэрнээс хойш бол очоогүй юм байна лээ.

-Долоон жил болж байхад ганцхан удаа юу даа?

-Энэ тухайд би юу хэлэх билээ.

-Ерөнхийлөгч захиа бич­сэнийг, өөрийнх нь амийг хэлтрүүлснийг өөрөө мэд­сэн байна уу?

-Тэнд чинь бүх юм хаалт­тай байдаг юм шүү дээ.

-Интернэт, мэдээ мэ­дээ­лэл авах өөр бусад хэрэгсэл бүгд  байхгүй юу?

-Бүр юу ч байхгүй. Ерөө­сөө л хаалттай орчин. Мэ­дээллийн технологийн хувьд бүр ч онцгой хатуу орчинтой. Би очихдоо хүүдээ хэлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч чиний амийг гуйж захиа би­чээд амийг чинь хэлтрүүлсэн шүү. Үүнийг сайн мэдэж аваа­рай. Чи насан туршдаа санаж яваарай гэж. Би чин үнэнийг хэлэхэд Ц.Элбэгдорж Ерөн­хийлөгчийг огт танихгүй.  Улсынхаа Ерөнхийлөгч гэж л мэднэ. Монголын улс төрд орж ирсэн цагаас нь хойш мэдээж бүх монголчууд шигээ түүнийг мэднэ. Нэг ч удаа би уулзаж байгаагүй. Ямар гээ­чийн азаар, ямар гээчийн хувь тохиолоор Ц.Элбэгдорж Ерөн­хийлөгч миний хүүд тохиолдсон хэрэг явдлын тухай бичсэн сонинг уншсан юм бол. Яаж олж харж, амийг нь хэлтрүүлэхийг Хятадын талаас гуйхаар шийдсэн юм бол. Энэ ачийг нь би хэзээ ч мартахгүй. Үргэлж л санаж явна. Үеийн үед үр хүүхдүүд минь, миний мэдэх таньдаг бүх хүмүүс, ах дүү хамаатан садан одоо юу байдаг юм бүгд мартаж болохгүй. Би энэ Ерөнхийлөгчийг бол яахын аргагүй Монголдоо хувь заяа­гаар бүр цаанаасаа төрсөн хүн гэж боддог. Тэр бол шу­дарга хүн. Шударга үнэн байхаас ч аргагүй тийм учир­тай хүн. Эрдэнэтэд манай ах дүү нар байдаг байхгүй юу. За, би дэмий юм яриад эхэл­чихэв үү дээ.

-Зүгээр зүгээр. Та ярь л даа?

-Тэд нар маань Элбэгээ Ерөнхийлөгчийн ээжийн тухай сайхан түүхийг надад ярьдаг юм.

Би ээжийнх нь тухай тэр дурсамжийг сонсоод Элбэг­дор­жийг улам их хүндэлдэг байхгүй юу. Социализмын үед Эрдэнэтэд тэднийх байж л дээ. Тэгээд олон хүүхэд өсгөх гэж их л зүтгэсэн байх зайлуул. Хонинхүү гуай нэг том агуулах манадаг тийм ажил хийж байсан гэж байгаа юм. Нөөцийн газар юм уу, юу юм. Бараа товарь хадгалдаг их л чухал  агуулах юм гэсэн. Элдэв хүн хамаагүй орох эрхгүй. Тусгай үнэмлэхээр ордог байсан гэсэн. Тэгсэн нэг удаа дарга нь үнэмлэхээ үзүүлэхгүй давхиад л хаал­гаар нь орчихсон чинь Хонин­хүү гуай дугуйг нь зад буудаж байсан гэж байгаа юм. Тэгээд, нөгөө дарга нар чинь гайхаж сандарна биз дээ.

Хонинхүү гуай минь та яаж байгаа юм бэ, миний дугуйг зад бууд­чихлаа шүү дээ. Та намайг танихгүй л байв гэж үү дээ гэтэл урдаас нь номтой юм номоороо хө, чи надад зөв­шөөрлийн бичиг үнэмлэх юмаа үзүүлэх л ёстой байсан гэж хатуу чангаар хариулж байсан гэж байгаа юм.

Тэгсэн дараа нь шинэ мэргэжилтэн гээд нэг хүүхэн бас очсон юм байна л даа. Тэгээд л нөгөөх чинь орох гэсэн чинь Хо­нинхүү гуай, алив бичиг баримтаа үзүүл гэсэн байгаа юм. Нөгөө хүүхэн ч баахан маяг болоод би эрхтэй дарх­тай ч гэсэн юм уу. Хонинхүү гуай чи орохгүй ээ, энэ газар бол чам шиг зүгээр л ингээд гунхаад явж байдаг газар биш гэж зад загнасан гэсэн.

Би танай мэргэжилтэн байна, та одоо юу яриад байгаа юм л гэж. Чиний мэргэжилтэн на­дад хамаа­гүй ээ. Чи энэ бай­гууллагынхаа хууль дүрмээр л явах ёстой, яв чи гээд оруу­лахгүй буцааж байсан гэж байгаа. Хонинхүү гуай ийм шу­дарга шулуун, үнэнч, зар­чимч хүн юм чинь түүний хүү агуу л хүү байж таарна. Би ээжид нь итгэдэг шигээ Ерөн­хийлөгчдөө итгэ­дэг.

-Ерөнхийлөгчтэй та нүүр тулж уулзаж үзсэн үү. Хавар иргэдтэй уулзсан уулзалтад очив уу?

-Очсон. Анх удаа уулзаж гар барьсан. Уулзах юмсан гэж бодож явдаг байсан л даа. Өөрийнхөө биеэр уул­заад баярласнаа илэрхийл­чих юмсан гээд бодоод л явсан. Сая ингэж гар бари­лаа. Тэр олон хүн шавчихсан бай­хад юугаа ярих билээ. Чихэнд нь баярлаж явдгаа хэлээд л бичсэн захиагаа атгуулчих­сан.

-Хүүг маань ингэж зүт­гэж байж хүний газар цаа­зын ялаас аварсанд баяр­лалаа гэж захиа бичсэн байсан юм уу?

-Тийм. Өвгөнтэйгөө хоёу­лаа ярьж байгаад захиагаа бичсэн. Эхлээд аягүй урт захиа бичсээн. Тэгээд ахин дахин бичиж багасгасан.

-Сайхан шүү дээ. Ерөн­хийлөгчдөө захиа бичээд, түүнийгээ өөрийн гараар өгөх завшаан олдоно гэдэг. Танайх олуулаа амьдардаг бололтой. Энэ байрандаа  хэдэн жил амь­дарч байна?

-Анх нэгдүгээр хорооллыг ашиг­лалтад орж байхад л  манайх энэ байшиндаа ор­сон.

-Улсдаа ажиллаж байх­даа орсон байр юм байна?

-Манай өвгөнд л ажлаас нь олгосон орон сууц. Бид хорин хэдэн жил эндээ амьдарч байна даа.

-Та ямар ажил хийдэг байсан бэ?

-Худалдааны салбарт л на­саараа ажилласан. Ба­рааны мэр­гэжилтэн, худал­дааны газар, цэцэрлэгийн газар, аж ахуйн нярав, мэр­гэжилтэн гээд 30 гаруй жил би ерөөсөө яг л нэг газраар дагнаад л явсаар байгаад тэтгэвэртээ суусан.

-Одоо хэдүүлээ амь­дардаг вэ?

-Одоо энд 14-үүлээ амь­дарч байна.

-Тэтгэврээрээ л болгож байна уу?

-Тийм ээ.

-Амьдралд хүрэлцэж байна уу?

-Хүн ер нь хөнжлийнхөө хэрээр л хөлөө жийж амьдрах ёстой. Би 200 мянган төг­рөгийн тэтгэвэртэй бол тэрэн­дээ л багтаж амьдрахаас бусад улсууд шиг халгиж цалгиж чадахгүй шүү дээ. Илүү ч үгүй, дутуу ч үгүй тэрэндээ л амьдрах ёстой. Тэрнээс би хоёр сая төгрөг авдаг хүнтэй эн зэрэгцэх гэж зүтгэх юм бол амьдарч ча­дахгүй шүү дээ.

-Хүүтэйгээ уулзах гээд хоёр удаа явсан юм байна. Зардал мөнгө гээд хэцүү л байдаг байх даа.

-Хэцүү, хэцүү. Эхний удаа нь би үндсэндээ улсын зард­лаар явсан. Гадаад хэргийн яаманд нэг сан байдаг юм байна. Тэндээс надад тусал­сан. Бараг дэмий шахуу хүн­дээ л зарцуулсан байлгүй дээ, бодоход. Би тэр туслам­жийг авч явсан. Би ер нь ах дүү нартаа ч энэ явдлыг хэ­лээгүй байсан шүү дээ. Ерөө­сөө дууллаа, тэр аймшигт мэдээг хүлээж авлаа. Би шууд л унасан. Сэтгүүлч нар чинь ма­найхыг мэдчихээд хаалга балбаад л, энэ тэрүүгээр эргэлдээд л, ут­саар дуудаад л би зугтмаар байсан. Орох байх газар олдохгүй байсан.

-Ингэж өөрөө, өөрийгөө шийтгээд байж болохгүй . Та гэмт хэрэгтэн биш шүү дээ.

-Гэхдээ л өөрийнхөө зов­лонг хүн өөрөө л давж явах ёстой. Өөр бусад руу нялзааж явах чинь тийм сайн асуудал биш шүү дээ. Надад хүний нүүр рүү эгц харах эрх байхгүй болсон. Би ерөөсөө хүний нүд харж чадахгүй хэдэн жил болсон. Харин хүү дээрээ очиж ирс­нээс хойш нийтийн дунд ороод бас арай өөр бол­чихоод л байгаа нь энэ дээ. Бид юу хийсэн гэж ингэх вэ. Зовлонгоо чимээгүй л үүрэх ёстой.

-Хүү нь юу ярьж байх юм. Хэл ус сурч байна гэнэ үү?

-За, яахав биеийн байдал  гайгүй гэсэн. Ээж минь би нэг төмөр өргөдөг байсан тулдаа л одоо өдий дайтай явж бай­на гэж байгаа юм. Тэгээд яахав монголчуудаас, намайг мэд­сэн бүх улсуудаас миний өм­нөөс уучлалт гуйгаарай. На­майг мэддэг одоо энэ дуу­лиантай хэргийг сонссон, за тэгээд та хоёрт хандив тус­лалцаа үзүүл­сэн ах дүү нар бүх улсуудаас миний өмнөөс уучлалт гуйгаарай. Нэгэнт би ийм хэрэгт орооцолдсон юм чинь надад нэмж ярих юм алгаа л гэж байна лээ.

-Аав нь цуг очсон уу?

-Тийм.

-Найзууд нь ирж байна уу?

-Үгүй.

-Танай бэр байсан тэр эмэгтэйг Улаанбаатарт  ир­чихсэн явж байсан гэх сураг байсан.

-Явж байсан гэсэн. Миний хүүхдийг тэгээд л хэрэгт хий­чихээд л орхисон. Эргээ ч үгүй. Бидэн дээр нэг ч удаа ирээгүй. Би ч уулзъя гэж бод­доггүй. Ийм л хүнтэй учирсан нь бидний үйлийн үр байж гэж бодохоос өөр яах билээ.

-Бизнес хийдэг хүүхэн байсан юм уу?

-Мэдэхгүй. Ер нь бол яах вэ, дургүй улсууд дургүй бай­сан л даа. Манай хүүхэд чинь одоо бас л 30 гарч байж гэрлэсэн байхгүй юу. Хоёр хүүхэдтэй  хүүхэн дагуулаад л ирсэн. Хүүхдүүд нь том болчихсон. Тэгээд одоо яах вэ дээ. Монгол айл хүн нэмбэл хүнс нэмнэ, хүнд хүн илүүдэхгүй гээд л хүлээж авсан. Миний хүү бол дэндүү сайн хүү шүү дээ. Архи дарс уухгүй, тамхи татахгүй. Манай хүүхдүүд ер нь хэн нь ч тийм л дээ. Хааяа гэрээрээ ирнэ. Ээждээ эрхэлж элдэв хөгжилтэй юм ярьж инээлгэж байгаад л за, ээжээ хүүгээ ууч­лаарай. Хүү нь явалгүй бол болох­гүй нь. Миний хүүгийн үнэр үнэр­тээд байна гэж л хэлдэг байсан хүн шүү дээ. Яах вэ хүний амьдралд юу ч тохиолдож болно. Миний гэм зэмгүй, ариун нандин явсан хүүд минь ийм гай тохиох гэж.

-Хүүгийн тань хүүхдийг аваачиж уулзуулдаггүй юм байх даа. Та нар ч гэсэн ач хүүгийнхээ талаар сураг ажиг тавьдаг уу?

-Одоо байхгүй юм чинь яах юм бэ. Хүнтэй суугаад явсан гэсэн шүү дээ. Фи­липпин гэл үү тийм хар хүнтэй суугаад дахиж хүүхэд гаргаад амьдарч байгаа гэсэн.

-Дөрөв дэх хүүхдээ юу?

-Тийм ээ.

-Ач хүү тань хаана яаж яваа нь бас хэцүү л юм байна даа?

-Тийм ээ. Олдохгүй байгаа юм чинь яах билээ дээ. Яам­ныхан ч сурсан. Би ч гэсэн  хэр чадлаараа л амьтан хүнээс сурсан. Зүгээр ирчихсэн л байж байна гэсэн. Зайсангийн тэр гоё хороололд байж байна гэдгийг нь сонссон. Надтай яаж уулзах вэ дээ. Нэг­дүгээрт, нүүр байхгүй. Хоёр­ду­гаарт, хүн нь даанч их муу хүн байж дээ. Би л бол өдөр ирэх тусам мэдэрч бай­гаа. Дүүгээ авгайтай нь шоронд хийчихсэн. Эхийгээ хийчих­сэн. Тэгэхээр миний хүү бол зүгээр л гарын алчуур л байхгүй юу.

-Хар тамхины хэрэгт хол­богдож байгаа улсууд бол юугаа ч мэдэхгүй явж байгаад л эр­гүүлэгт орчих­дог байх…

-Тэр хүүхэн бол өмнө нь зөөж байсан юм шиг байна лээ. Ерөөсөө гаршчихсан хүүхэн юм билээ. Хоёр жил гаруй тэр Үрүмчид байгаад байсан. Яагаад ч одоо тийм газар байдгийг мэдчихсэн юм. Тэнд очоод хоёр жил гаруй амьдраад нэг л өөр болоод эхэлсэн л дээ. Мөн­гөтэй орооцолдсон хүн андашгүй л харагддаг шүү дээ ер нь. Миний хүүхдүүдийг бол хэн ч харсан сайхан л залуучууд гэдэг. Тэгээд л Үрүмч рүүгээ оччихоод л утсаар залгаад л хэрэлддэг байхгүй юу. Тэгээд л би  сүүлд нь явуулчихсан юм даа. За, яахав. Миний хүү очоод ир дээ. Яаж, юу хийж амьдарч байгааг нь үзэж хараад ир. Амьдралаа бод доо гээд явуулсан. Тэгээд л явсан. Очоод нэг сар гаруй болоод л цүнхтэй юм авч явуулаад л баривчлуулсан байсан.

-Хоригдож байгаа шорон нь ямархуу газар байна?

-Ямар гэх вэ дээ. Хотын­хоо яг төвд юм билээ. Ном энэ тэр оруулж болно гээд л аваад очсон. Ном­нуудыг чинь бүгдийг нь эргүүлж үзээд л. Хятад хэлтэй хятад хэлээр бичсэн  тийм ном байвал нь аваад монгол хэлтэй ном­нуудыг авахгүй. Юу гэж ч бичсэн байгаа юм гээд оруул­даггүй юм байна лээ. Миний хамгийн том ах байдаг байх­гүй юу. Тэгээд бид хоёрыг явахад за, тэд чинь одоо уулын чулуулгийн зэрлэг ул­сууд шүү. Та хоёр болгоомж­той яваарай. Дамдинг дуу сайн дуулж байгаарай. Хятад дуу сайн сураа­рай гэж хэ­лүүлсэн. Манай ах чинь бас нэг тийм сонин сэтгэхүйтэй хүн байхгүй. Юу бодож дуу сайн дуулж сур гэж хэлээрэй гэсэн юм бол доо. Би эндээс хятад, англи словарь аваад очсон чинь оруулахгүй гэж байна лээ. Яахав дээ, хүү маань ямар ч гэсэн эд нартай хэлээ ойлголцоод хятадтай нь хятадаар,  англитай нь англиар, оростой нь оросоор яриад явж болдог юм л гэсэн.

-Өрөөндөө ганцаараа юу?

-Одоо яг л нийтийнх шиг л бүгдээрээ хамт байдаг гэсэн. Яахав ээ, надад аз тохиолд­лоо гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ энэ бол аз. Би бол тэгж л бодож байна. Өдийд байхгүй болчихсон байх юм бол би яаж амьдрах юм бэ.

-Тийм ээ, аз. Та урт удаан насалж хүүгээ хү­лээ­гээрэй. Цагийн салхи наашилж юм өөрчлөгдөж, улс орнуудын харилцаа хөгжиж байгаа. Сайхан мэдээ дуулах байх аа.

-Би хүүгээ эргэж ирээд Гадаад хэргийн яам орж амжаагүй л дээ. Ирсэн даруй­даа очно доо л гэж бодоод байсан. Би ер нь тэгдэг байх­гүй юу. За, яршиг даа. Очоод л даль даль гээд олон юм яриад л, улсуудыг үймүүлээд явах нь зо­хисгүй явдал гэж боддог. Өөрийн­хөө хар зов­лон, энэ муухай юмыг очиж наагаад л явах чинь нэг их сайн зүйл биш шүү дээ. Тийм болохоор би арагшаа суудаг. Гэхдээ нэг очиж уул­зъя гэж бодож байгаа.

-Таны сэтгэлийг хэсэг ч гэсэн тайтгаруулж чадсан болов уу яасан бол. Юутай ч амьдрал гайхамшгаар дүүрэн учраас тэсэн хү­лээх ёстой гэж танд зөв­лөмөөр байна.

-Баярлалаа. Ажилд тань ам­жилт хүсье. Би бол Ерөн­хийлөг­чийнхөө ажил үйлс, хийморь лун­дааг бодож үр­гэлж цайны дээжээ өргөж амьдардаг эгэл жирийн мон­гол эх. Зовлонд нугарсан ч сөхрөхгүйг хичээж яваа.

Сэтгүүлч Б.ГАНЧИМЭГ
Эх сурвалж Өдрийн сонин №146

URL:

Сэтгэгдэл бичих