МИАТ-ын шүүх хурал буюу “жүжиг”

274Миний эхнэрийг сулалчих юм бол би МИАТ-ын хэрэгт холбоотой 20 улс төрчийг нэрлье хэмээн Ц.Орхон мэдэгдсэн хэмээн хэвлэлээр нэг шуугьсан. Сулалчихаасай 20 улс төрч нь хэн хэн байгаа бол гэсэн хүмүүсийн хүлээлт үүссэнийг үгүйсгэхгүй. Зарим нь бүүр 20 хүний жагсаалтыг Ц.Орхоны өмнөөс гаргаж байсан. Гэхдээ энэ талаар Хууль, Шүүхийн байгууллагуудаас тодорхой мэдээлэл хийгээгүй тэгээд дарагдсан

Гэхдээ Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаагийн хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгон сулалжээ. Мөн энэ хэрэгт холбогдсон Б.Эрдэнэбилэгийн дүү Б.Мандахбаярын хэргийг нотлох баримтаар тогтоогоогүй хэмээн үзэж прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэжээ. Гэвч нөгөө шуугиан тариад байсан 20 улс төрчийн нэрс дуулдсангүй. Энэ юуг илтгэнэ вэ? Яагаад Ц.Орхоны эхнэрийг суллав. Ямар тохироо хийв. МИАТ-ын хэргийн жинхэнэ эздийн өмнөөс Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, Ч.Хоролсүрэн, Ч.Суурьтогтох, Н.Гантөмөр, Г.Саранчимэг нар “тохироогоор” шоронд суухаар шийдсэн юм болов уу?

Анх МИАТ-ын хэрэг илэрч эхэлж байхад Гадаад хэргийн сайд Лу.Болд, ҮХАА-н сайд Х.Баттулга болон УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын нэр хүртэл холбогдож байсан боловч энэ  талаар хууль хяналтын байгууллага ямар ч мэдээлэл өгөөгүй.

Мөн энэ хэргийн талаар ХЗ-н сайд Х.Тэмүүжин болон Улсын Ерөнхий Прокурор нар сүр бадруулан хэвлэлээр мэдээлж “томоохон” хэргийн захаас бариад авлаа гэж сурталчилж байсан өнөөдөр ч жижиг жараахайнууд нь “захиалгаар” шоронд суухаар хүлээж байна. Мэдээж энэ хэргийг сонгуулиас өмнө бас сонгуулийн шуугиан доор чимээгүйхэн нэг тийш нь болгохоор эрх баригчид зүтгэж байна. Үүнийг хэний төлөө яаруулна вэ?

Өнгөрсөн долоо хоногт МИАТ-ын хэргийн шүүх хурал болох байсан ч долоо хоногоор хойшилж өнөөдөр МИАТ-ын хэрэгт холбогдсон нөхдүүдийн шүүх хурал болж байна. Энэ бол урьдчилан төлөвлөсөн сайн “жүжиг”. Харин найруулагчид нь хэн юм бол? Шүүх хуралд шүүгдэгчээр 2006-2011 оны хооронд МИАТ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү “Монголиан Эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтох, тэдний үүсгэн байгуулсан компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөр, 1997-2007 оны хооронд “Голомт” банкны 6-р салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нар оролцох юм.

Эдгээр нөхдүүд сайндаа л 5 жилийн ял авцгаана биз. Ингээд л бүх хэрэг дуусаа. Харин жинхэнэ “хэргийн эзэд” хундага тулгацгаана. Ийм л юм болно. Үүнийг тэгээд шударга ёс гэх үү. Үүнийг тэгээд шүүхийн шийдвэр гэх үү. Өнөөдрийн бодит байдал ийм л байна. Нуугаад хаагаад байх хэрэггүй. Хэргийн жинхэнэ эзэд нь наранд жаргаж, тэдний өмнөөс хэдэн нөхөд цөөн жилээр ял авдаг жишиг нийгэмд бий болчихлоо. Одоо “Мөнгөөр шоронд сууна” гэсэн зар явахад цочирдох хэрэггүй болжээ.

Гэвч хэрэг хуучирдаггүй гэдэг. Хэзээ нэгэн цагт энэ хэргийг нэхэн шалгаж үнэнийг тогтооно хэмээн найдна.

tsagtur.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих