Монголыг дэлхийд сурталчилж буй уран нугараач Баасансүрэн

Дэлхийн хамгийн алдартай “Цирк дю Солей”  нэртэй циркийн уран нугаралтын үзүүлбэрээр олныг гайхашруулж буй монгол охин Э.Баасансүрэнг энэ удаад  танилцуулж байна.

Тэрээр “Michael Jackson Immortal Word Tour”-ийн уран нугараач, СТА Э.Баасансүрэн. 1987 онд Архангай аймагт төрсөн Баасансүрэн буюу Бааска 6 настайгаасаа эхлэн уран нугаралтаар хичээллэх болжээ.

“Хоёр жил хотод хамаатныдаа амьдарсны дараа гэрийнхэн маань шилжин суурьшсан нь миний төлөөх том нүүдэл байсан. Ерөнхийдөө бага нас минь тоглоомын талбай дээр биш бэлтгэлийн талбар дээр л өнгөрсөн дөө. 31 дүгээр дунд сургууль, цирк хоёрыг холбож амьдарсаар 15 настайдаа циркийн албан ёсны жүжигчнээр жинхэлсэн юм. Сургуулиа тараад цирк рүү алхах замдаа тэнгэрт нисэх утаат онгоцыг ширтэн хэзээ нэг өдөр энэ онгоцонд суугаад орчлон ертөнцтэй танилцаж, дэлхийн бүх хүмүүсийн өмнө уран нугардаг мундаг эмэгтэй болно доо гэж мөрөөддөг байлаа” гэж тэрээр нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурсан ярьжээ.

“Яг 10 насныхаа төрсөн өдрөөр олон улсын авьяастнуудтай анх удаа өрсөлдөөд тусгай шагнал авч бас 18-тайдаа МУСТА цолоор энгэрээ мялайлгасан маань миний өнөөдрийн амжилтыг бадраах цучил нь болсон” гэж тэр дурссан.

2006 онд Канадын Монреаль дахь “Цирк дю Солей”-н төв байгууллагаас сонгон шалгаруулагчид Монголд ирж дэлхийн хэмжээний авьяастнуудыг хайсан нь эзнээ олж, Бааска “Цирк дю Солей”-н дансанд оржээ.

 

2009 онд Ш.Отгонжаргал багшид  “Цирк дю Солей”-с 19 дэх жилдээ тоглогдож буй “Алегрия” хэмээх шоунд хоёр уран нугараачийг авах тухай санал ирснээр ярилцлагын маань баатарт дэлхийн циркийн урлагийн хаалга нээгдсэн байна.

“Гурван сар орчим визээ хүлээсний эцэст гартаа атгасан тэр өдөр л би өөрийгөө дэлхийн тайзан дээр тоглох нь гэдэгтээ бат үнэмшиж хагартлаа баярласан” гэж инээмсэглээд “жил гаран тус шоунд оролцоод гэрээний хугацаа дуусч Монреальд ирэхэд шинээр тоглогдох гэж буй нэгэн шоуны сонгон шалгаруулалтад орох санал надад ирсэн.

Тэр бол “Michael Jackson Immortal Word Tour” байсан юм. Энэ нь миний мөрөөдлийн дараагийн шат байсан учир зоригоо чангалаад уран нугаралтаас гадна бүжиг, дуу, жүжиглэлт зэрэг төрлөөр хоёр үе шат дамжин олон мэргэжилтэнд шалгуулсан боловч эргээд холбогдоё гээд сураг тасарчихаж билээ хэмээн Бааска ярьжээ

 

Эх сурвалж: dorgio.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих