Далай ламыг говь нутагтаа урьжээ
Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам Монгол Улсад айлчлах үеэрээ говийн ард түмэнтэй уулзах болсон тухай Дундговь аймгийн ИТХ-ын дарга С. Буджав хэллээ.
Тэрээр Энэтхэгийн Дармасала хотыг зориод ирсэн бөгөөд 14-р Далай ламд бараалхаж Дундговь, Өмнөговь аймгийн ард түмэнд оюун санааны гэгээрэл хайрлаж, номын авшиг хүртээх урилгыг гардуулжээ. Дээрхийн гэгээнтнийг урих болсон шалтгааныг тэрээр тайлбарлахдаа “Байгаль цаг уурын өөрчлөлт хийгээд ашигт малтмалын олборлолтоос үүдсэн байгаль хүний харилцаа нь ард иргэдийн амьдрал ахуй, сэтгэл санаа, оюун бодолд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа ийм үед оюун санааны удирдагч Дээрхийн гэгээнтэн Далай ламыг нутаг орондоо урин залах нь ард түмний маань оюун санаанд гэгээрэл хайрлах ариун үйл болно гэж зорьсон юм. Нөгөө талаар манай хоёр аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогдож байна. Энэ бол говь нутгийнханы хувьд хөгжлийн зам байгаасай гэдгийг ард түмэн хүсч байгаа. Тиймээс хөгжилд тэмүүлсэн ард түмний тэр хүсэл зорилгод номын авшиг хүртээх нь ч бас урам зориг, эрч хүч болох учиртай” гэлээ
Дээрхийн гэгээнтнийг нутаг орондоо урин залах санаачилгыг Дундговь, Өмнөговь аймгийн ИТХ хамтран хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм байна.
Дундговь аймаг Т. Отгонтуяа
/Монцамэ/
URL: