ТУУЛ ГОЛЫН ЁРООЛЫГ УХАЖ ЦҮНХЭЭЛ ҮҮСГЭСЭН НЬ ЗАГАС ҮХЭХ ШАЛТГААН БОЛЖЭЭ
Туул голын дагууд хийсэн үзлэг шалгалтын явцад Маршалын гүүрнээс дээш нэг км орчимд Туул голын үндсэн голдрилд нэлээд их хэмжээний загас үхсэн байгаа нь тогтоогдсон. Загас үхсэн шалтгаан тогтоогдсон талаар өнөөдөр БОНХЯ-ны Хаан танхимд хэвлэлийн бага хурал хийлээ.
Загас үхсэн шалтгааныг тогтоохоор Туул голын сав газрын захиргааны дарга, доктор Г.Долгорсүрэн, албаны дарга Ш.Мягмар, ахлах мэргэжилтэн Б.Батцэцэг, Я.Болдбаатар, мэргэжилтэн н.Магсаржав, ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн загас судлаач, доктор Б.Мэндсайхан, ЭША Б.Сэнжим нарын бүрэлдэхүүнтэй баг 2013 оны дөрөвдүгээр сарын 26-нд газар дээр нь очиж ажиллажээ. Багийнхан үхсэн загас, мэлхий, ёроолын амьтад болон уснаас дээж авч, голын голдрилын өөрчлөлтөд хэмжилт хийсэн байна. Судалгаа, шинжилгээгээр Туул голын ёроол, голдрилыг ухаж 25-30 м радиуст 1.8-2.5 м гүнтэй цүнхээл үүсгэсэн нь загас болон мэлхий орж үхэх гол шалтгаан болсон гэж үзэж байна.
Цүнхээлийн ёроолд усны урсгалгүй тогтонги орчин бүрдэж, энэ хэсэгт гидробиотууд тэр тусмаа загас амьдрах орчин бохирджээ. Загас, мэлхий үхсэн цаг хугацаа тодорхойгүй учраас тухайн үед, тухайн хэсэгт Туул голын ус бохирдолд өртсөн эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй юм. Харин энэ хэсэгт 2012 оны намар загас, мэлхий орж, гүнзгий цүнхээлээс буцаж гарч чадалгүй тэндээ үлдэж, хүчилтөрөгчийн дутагдалд орж үхсэн байх магадлалтай аж. Загасны үхсэн байдлыг харахад ам нь нээлттэй, заламгайн хавхаг их ангайсан байгаа нь дээрх дүгнэлтэд хүргэжээ. Туул голын энэ хэсэг нь 2012 онд тасарсан, мөн 2013 оны өвөл мөсний зузаан олон жилийн дундажаас бага буюу дөнгөж 10-23 см байсан Туул голын ус нэлээд хэмжээгээр багасч, ёроолдоо хүртэл хөлдөж байгаа нь загас болон усны бусад амьтад өвөлжих нөхцөлгүй болсныг харуулж байна.
Загасны үхлийн шалтгааныг тогтоох шинжилгээг Геоэкологийн хүрээлэнгийн Усны нөөц, ус ашиглалтын салбарын судлаач Б.Мэндсайхан, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн нян судлалын тасгийн шинжлэгч эмч Н.Мөнхгэрэл, Б.Батзориг нар, мэлхийн үхлийн шалтгааныг тогтоох шинжилгээг МУБИС-ийн Амьтан судлал, экологийн тэнхимийн доктор, проф. Х.Мөнхбаяр, магистр П.Эрдэнэтүшиг нар хийжээ.
URL: